Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх төслийн удирдагч Вернер Косэмунд:
-Төслийн хүрээнд ямар ажлуудыг хийх вэ?
-Байгууллагын хөгжлийг дэмжих, даатгуулагчийн өмнөөс чанартай тусламж үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг сайжруулах, ЭМД-ын урт хугацааны бодлогыг боловсруулах, энэ салбарт харилцаанд оролцогч талуудын нийгмийн зөвшилцлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм. Дэлгэрүүлбэл, НДЕГ-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтын чиглэлээр хийсэн шинжилгээнд үндэслэн “Даатгуулагчийн эрүүл мэндийн үйлчилгээний чанары сайжруулах НДЕГ-ын хөтөлбөр”-ийг боловсруулаад байна. Энэ дагуу эмнэлэг даатгалын байгууллагын хоорондын шинэ гэрээг боловсруулсан бөгөөд Улсын клиникийн төв эмнэлэг, Шастины нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн болон “Ачтан” эмнэлгүүдэд нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэ шинэ гэрээ нь ЭМД-ын даатгалын ажилтнуудын ажлын цаг, үйлчилгээний чанарыг хэрэглэгчдийн хэрэгцээнд илүү ойртуулах тухай юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга О.Байгальмаа:
-“Эрүүл мэндийн даатгал тантай хамт” аяны хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулаач?
-Бид эрүүл мэндийн даатгуулагч нар хаана олноороо байна вэ гэдийг харгалзан үзээд, ихээр үйлчлүүлдэг эмнэлгүүдэд эхний ээлжинд “Эрүүл мэндийн даатгал-тантай хамт” аяныг дөрөвдүгээр сарын 9-нд Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт, 10-нд II эмнэлэгт, харин өнөөдөр ийнхүү III эмнэлэгт зохион байгуулж байна. Ингэснээр иргэдийн санал бодлыг сонсох, даатгалын тухай мэддэг хэрнээ нарийн сайн мэддэггүй байдлыг засах зорилгын дор хийж байна. Цаашид буюу дөрөвдүгээр сарын 12, 13-нд их, дээд сургууль болон худалдааны төвүүдэд үргэлжлүүлж, иргэдийг эрүүл мэндийн даатгалд бүртгэх юм.
-ЭМД-д даатгуулсанаар ямар хөнгөлөлтүүдийг эдэлдэг вэ?
-Иргэд эрүүл мэндийн даатгалтай бол аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлвэл үйлчилгээний төлбөрийн 10 хувийг, улсын клиникийн эмнэлэгт эмчлүүлсэн бол 15 хувийг өөрөө төлж, үлдсэнийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Түүнчлэн даатгуулагч өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан 132 нэр төрлийн 339 эм дундаас худалдан авбал эмийн төрлөөс шалтгаалан 5-94 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой байдаг.