ХАА-н салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

ХАА-н салбарт хамтран ажиллана

Монгол
Улсын ХХААХҮЯ-ны дэд сайд П.Баянмөнх Япон Улсын Хөдөө аж ахуй, ой,
загас агнуурын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай
Хироко Наканотой Токио хотноо уулзаж, хоёр талын салбарын хамтын
ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дэд сайд
П.Баянмөнх хүнд хэцүү үед байнга тусалж ирсэн Япон Улсын ард түмэн,
засгийн газарт талархал илэрхийлээд цаашид зөвхөн тусламж аваад байх биш
монголын мал аж ахуй, газар тариалангийн нөхөн төлждөг нөөц баялаг,
түүхий эдийн боломж, Япон Улсын техник, технологийн дэвшил, нау-хауд
тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой
байгаагаа илэрхийлэв. 

Монгол-Японы хооронд байгуулахаар
тохиролцсон Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн
хүрээнд мах, чацаргана, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, жамц давс,
хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал зэрэг хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох
боломжийг бүрдүүлэх, санхүүгийн бололцоо муутай фермер, өрхийн аж ахуйг
дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, хөдөөг хоршооллын чиглэлээр цаашид
хамтран ажиллах талаар тодорхой саналыг Японы талд тавьж харилцан
ярилцлаа.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яам болон Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам хоорондын
Техникийн зөвлөлдөх Тавдугаар уулзалт зохион байгуулагдаж буй үед дэд
сайд П.Баянмөнх Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Ажлын айлчлалын
хүрээнд тэрээр тус улсын Гадаад хэргийн дэд сайд нар болон Хөдөө аж
ахуйн хоршоологчдын холбооны удирдлагуудтай уулзан хамтын ажиллагааг
өргөжүүлэх асуудлаар яриа, хэлэлцээ хийхээс гадна Токиогийн Хөдөө аж
ахуйн бараа түүхий эдийн биржид зочлон арга туршлага судлах юм.

Эх сурвалж: www.mofa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж