
Мөн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл байгалийн нөөц ашигласны төлбөрийг эргүүлээд байгаль экологийг нөхөн сэргээхэд зарцуулдаг болох шаардлага байна гэв. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар байгалийн нөөц ашигласны төлбөрийг хураан авдаг ч өөр зүйлд зарцуулж байгаа учраас нөхөн сэргээлтийн ажил тодорхой үр дүнд хүрэхгүй байна гэж үзсэн юм. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Гансүхийн тайлбараар бол энэ төрлийн заалт тодорхой хэмжээгээр энэхүү төсөлд тусгалаа олсон гэлээ. Харин зам харгуй эвдэж байгаа хүнд даацын авто машинуудын тухайд тэдгээрийн тээвэрлэлтийг зогсоох эрх нь Зам ,тээвэр аялал жуулчлалын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байгаа. Тиймээс эл газруудад асуудал тавих нь илүү оновчтой гэж хариулав.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн хувьд төв суурин газарт амьдарч байгаа тэр дундаа нийслэлчүүдийн хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байна гэж үзлээ. Уг нь нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах асуудлыг Засгийн газар хэдэн жилийн өмнө лоозонгоо болгосон ч одоо хэр нь ахиагүй. Гэр хороололд инженерийнх нь шугам сүлжээг шийдээд өгсөн цагт иргэд өөрсдөө байшингаа барьчихна. Ингэснээр хөрсний бохирдол буурна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд хөрсний бохирдол том байр суурь эзлэх ёстой ч эл төсөлд энэ талын нэг ч өгүүлбэр байхгүй байгаа нь шүүмжлэлтэй хандахаас аргагүй байна гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 726 мянган өрх байгаагаас 126 мянган нь цэвэр, бохир усны шугамд холбогдсон, орон сууцанд амьдардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нийт өрхийн 80 хувь нь цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй орчинд амьдарч байна гэсэн үг аж.
Эцэст нь энэхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж шийдвэрлэв.