“Алтайн хүдэр” ХХК-ийн Уурхай хариуцсан захирал Р.Тогтохбаяр, Хүний нөөцийн хэлтсийн захирал Ц.Хулан, Сургалтын хэлтсийн захирал Д.Дамбажав, хуулийн зөвлөх А.Идэр, Унгар мэргэжилтэн нарын хүмүүс өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэд “Өнөөдөр” сонинд гарсан “Алтайн хүдэр компанид ажиллахаар ирсэн Унгар улсын иргэн амь насаа алджээ” гэсэн утга бүхий нийтлэл нь манай компанийн нэр хүндэд халдсан үйлдэл хэмээсэн юм. Тэд хэвлэлийнхэнд энэ талаар мэдэгдэхдээ “Уг асуудлыг тойрсон ямар ч асуултад хариулахгүй, мэдэгдэл хийгээд хурлыг дуусгана” хэмээсэн юм.
Тус компанитай холбоотой нийтлэл бичсэн “Өнөөдөр” сонины сэтгүүлчийг компанийх нь байранд тодруулга авахаар очиход хэнтэй ч уулзуулаагүй атлаа энэ талаарх мэдээлэл нийтлэгдсний дараа бөөнөөрөө цугласан нь энэ байв. Тэд “Өнөөдөр” сонинг тав хоногийн дотор залруулга хийж, сонины эхний нүүрэнд нийтлэхийг шаардаж байна аж. Хэрэв тогтоосон хугацааны дагуу залруулга гаргахгүй бол 8-9 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд хандана хэмээн мэдэгдсэн юм.
С.Отгон