ШӨХТГ 23 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

ШӨХТГ 23 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр 2012 оны нэгдүгээр улиралд хийсэн шалгалтынхаа тухай мэдээлэл хийлээ. Ингэхдээ тус газар энэ хугацаанд 14 хяналт шалгалт, 5 судалгааны ажил хийж, зөрчил гаргасан аж ахуй нэгж, байгууллагуудад 23 сая 322.833 төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Хяналт шалгалтуудыг газар тус бүрээр нь авч үзвэл,

ШӨХТГ-ын Хууль, хяналт зохицуулалтын газар

  • Махны худалдааны шат дамжлагыг тогтоох, тэдгээрт бий болж буй үнэ бүрдэлтийг тодорхойлж, Монгол Улсын Шадар сайдад  албан бичгээр хүргүүлсэн.
  •  “Мобиком корпораци” ХХК-ийн интернетийн үйлчилгээний талаар “Жемнет” ХХК үндэслэлгүй мэдээлэл цацсан эсэхэд хийсэн хяналт шалгалтаар “Жемнет” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.1 зөрчсөн хэмээн үзэж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. 
  • Элсэн чихрийн зах зээлд давамгай байдалтай үйл ажиллагаа явуулж буй “Материал импэкс” ХК-д хяналт шалгалт хийж худалдааны шат дамжлагад гарч буй үнийн өсөлтийг тодорхойлох шалгалт хийсэн.  “Материал импэкс” ХК нь элсэн чихрээ аж ахуй эрхлэгчдэд ялгавартай үнээр борлуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчих магадлалтай байгаа тул цаашид анхаарч албан шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
  •  Монгол Улсад сүлжээний бизнес буюу шууд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт сүлжээний бизнес технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа нь нарийсч иргэдийг хохироосоор байгааг тогтоосон.  
  • Нийслэл хотын иргэдийн хэрэгцээнд мах, гурил, цагаан будаа, элсэн чихрийн нөөц бүрдүүлэлтэд хяналт тавих ажлын хэсэгт ажилласан.
  • Үүрэн телефон холбооны компаниудын  хэрэглэгчидтэй хийж байгаа төлбөр тооцооны аргачлал нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйгээр үнэн зөв хийдэг эсэх болон 2011 онд хэрэглэгчдэд үзүүлсэн хямдрал, урамшуулал шударга, бодитой явагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.  Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчил дутагдлыг арилгах талаар улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хүргүүлж, “Мобиком”, “Юнител ХХК-д тус бүр 10.000.000 төгрөгийн торгууль ноогдуулсан.
  • “Кинг бридж” ХХК, “МКД” ХХК-тай харилцан холболт хийж, Монгол Улс-АНУ, Монгол Улс-БНСУ-ын хооронд олон улсын шуудангийн үйлчилгээ эрхлэх тухай Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасан.
  •  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах, зах зээлд зарим нэрийн зүссэн талхны үнэ нэмэгдсэн үндэслэлийг тодруулах зорилгоор  “Талх чихэр” ХК-д хяналт шалгалт хийжээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотойгоор ЗТБХБЯ-аас зарласан “Олгойн говийн цэвэр усны шугамын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер, ХХААХҮЯ-наас зарласан “Жимс жимсгэнэ хадгалах хөргөлттэй агуулах худалдан авах” тендер 21 тендерийг иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгасан тухай албаныхан мэдээлж байна.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийн газар

Хэрэглэгчийн эрх зөрчигдсөн талаар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 24 өргөдөл гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэжээ. Хэрэглэгчийн утас 1284 дугаарт нийтдээ 80 орчим хэрэглэгч хандсанааас 8 өргөдлийг хүлээн авч 70 гаруй хэрэглэгчийг зөвлөгөө, зөвлөмжөөр хангаж сонирхосон асуултад нь хариулт өгч ажилласан гэнэ. Хийсэн шалгалтуудын тухайд,

-Сар шинийн баярыг тохиолдуулан гаргасан үзэсгэлэн худалдаан дээрх согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгаанд хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ “Цирк рояал плаза” ХХК, “Бөмбөгөр”, “Окта”, “Мишээл экспо” төвүүдэд согтууруулах ундааг худалдаалахдаа хууль бусаар сурталчилсан эсэхэд шалгалт хийж, Цирк рояал плаза ХХК, Окта төв дээрх зөрчлийг таслан зогсоосон. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд энэ жилийн үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад зөрчил дутагдалгүй болж өнгөрсөн. Шалгалтанд Нийслэлийн цагдаагийн газар оролцсон.
– Сүлжээ дэлгүүр болон цахилгаан барааны дэлгүүрүүд сар шинийн баярыг тохиолдуулан зарласан урамшуулал, хямдрал, бэлэгтэй худалдааг шалгасан.  Шалгалтанд “Номин”, “Миний дэлгүүр”, “Нэкст электроникс” зэрэг есөн аж ахуйн нэгж хамрагдсан байна. Хямдрал урамшуулалтай  худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний ихэнх нь хүнсний бараа бүтээгдэхүүн байна. Хямдрал, урамшуулалтай худалдааг зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүд зохион байгуулж байлаа. Тэдгээр аж ахуйн нэгжүүдээс согтууруулах ундаа, тамхины хууль бус зар сурталчилгаа түгээх, тэдгээрийг урамшуулал, бэлэгтэй худалдаалах зэргээр өмнөх жилүүдэд хууль зөрчиж байсан үйлдэл дахин илрээгүй.

-Засгийн газрын 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын үнэ, орон сууцны 1 м2 талбайн өөрийн өртгийг судлах судалгааны ажлыг хийсэн байна.

Хяналт шалгалтын тухай ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас тодрууллаа.


-Дэлгүүрийн үйлчилгээний соёлд шалгалт хийнэ гэж байсан. Энэ шалгалтаар ямар зөрчил дутагдал, сайшаалтай тал илэрсэн бэ?

-Худалдааны газар, дэлгүүрүүдэд барааны үнийг хэрэглэгчид ил тод, ойлгомжтой бичиж тавих ажлыг хэвшүүлэх, “Худалдсан барааг буцаахгүй” гэсэн хууль бус санамжийг байрлуулахгүй байх зорилгоор ХЭАХН-ийн ҮХ, НЗАА, НХЭАХН-тэй хамтран хяналт шалгалтын ажил хийж гүйцэтгэсэн.  Хяналт шалгалтад 18 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хүнс, өргөн хэрэглээний барааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 766 дэлгүүр, худалдааны цэгүүд хамрагдаж,  426 зөрчил илэрсэн.

-Зөрчил дутагдлыг арилгах ямар арга хэмжээ авсан бэ?

-Нийт зөрчлийн 87,1 хувь болох 370 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан байна. Шалгалтаар бүгд 15 аж ахуйн нэгж, 19 иргэн, албан тушаалтанд 2 сая 680  мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 91 дэлгүүрт улсын байцаагчийн албан шаардлага өгч, 1 дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч ажилласан. Хаяг шошгожилтын зөрчилтэй, хадгалалтын хугацаа дууссан, тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс чанар байдлаа алдсан, хэрэглээ зориулалт нь тодорхойгүй давхардсан тоогоор 55 нэр төрлийн 1539,3 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авсан буюу битүүмжилсэн.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж