Чацарганы бут 2500-4000 төгрөгийн үнэтэй байна | News.MN

Чацарганы бут 2500-4000 төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Чацарганы бут 2500-4000 төгрөгийн үнэтэй байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 15-ны өдрийг бүх нийтээрээ мод тарих өдөр болгох уриалгыг гаргасан. Эл өдрийг угтан “Хүүхэд-экологийн боловсрол төв”-өөс мод, бут, тасалгааны болон гудамжны ургамал цэцэгсийн үр үрсэлгээний үзэсгэлэнг Эрх чөлөөний талбайд гаргаад байна. Үзэсгэлэнг зохион байгуулахад нийслэлийн хөдөлмөрийн газар болон Чингэлтэй дүүргээс дэмжлэг үзүүлжээ. Нэг сарын хугацаатай үргэлжлэх “Ногоон гэр” үзэсгэлэнд нийслэлчүүдээс гадна Шарын гол, Дархан, Зүүнхараа зэрэг газруудаас мод үржүүлэгчид оролцож байгаа юм байна. Үзэсгэлэнгийн хамгийн гүйлгээтэй “бараа” нь чацарганы суулгац байлаа. Анх үрслүүлснээс хойш таван жилийн дараа үр жимсээ өгдөг энэхүү жимсний суулгац 2500-4000 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. “Шимт ногоо” ХХК дөрвөн настай чацарганы суулгацыг 4000 төгрөгөөр, гурван настайг нь 3500 төгрөгөөр зарж байгаа бол Зүүнхараагаас ирсэн “ЖЖБ” компанийнхан 2500 төгрөгөөр үнэлэн 10 ширхэг тутамд нэг ширхгийг бэлэг болгон өгч байлаа. Харин улиас 1500, шар хуайс 1500, тэхийн шээг 2000 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн үнэтэй нь гацуурын суулгац. Нэг настай нялх гацуурыг 3000 төгрөг, хоёр настайг 5000, гурван настайг нь 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ. Дөрвөн настай үхрийн нүд 5000, гурван настай нь 3500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Вааранд суулгадаг олон наст цэцгийн үр 1500-2000 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг наст, гудамж талбайд тарьдаг цэцгийн үр нэг дахин хямд байдаг байна. Харин ургамлын бордоо төрлөөсөө шалтгаалан кг тутам нь 1500-2000 төгрөгөөр зарагдаж байна. Хүмүүсийн хамгийн их сонирхон асууж байсан нь тус талбайд байрлуулсан зөөврийн хүлэмж юм. Шанхай хотод үйлдвэрлэсэн 6х15х2,5 метрийн хэмжээтэй уг хүлэмжийг 1,8 сая төгрөгөөс сайн яриад арилжаална хэмээн худалдаачин залуу тайлбарлаж байлаа.

Д.Сура

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж