Үйлчилгээний газруудын цагийг уртасгах санал хүргэв

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний газруудын цагийг уртасгах санал хүргэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар өнөөдөр НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт санал хүргүүллээ. Албан захидалд, аялал жуулчлалын оргил үе буюу зуны улиралд жуулчид олноор үйлчлүүлдэг, өндөр зэрэглэлийн үйлчилгээний газруудыг уртасгасан цагаар ажиллуулах талаар холбогдох шийдвэр гарган, Улаанбаатар хотод аялал жуулчлал хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсчээ.

Уг саналд,

“Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудад жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээ, шоу тоглолтуудыг шөнө оройн цагаар зохион байгуулж, жуулчдын сэтгэл ханамж тэр хэмжээгээр нэмэгддэг туршлага бий. Энэ жил Лондонгийн зуны олимп, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Манай орон Европын орнуудаас 5-7 цагийн зөрүүтэй байрладгаас шалтгаалан телевизийн нэвтрүүлэг, спортын тэмцээнүүдийг үзэхэд хүндрэл тулгардаг. Гэтэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Хүнсний худалдаа эрхэлдэг ААН 08.00-24.00, зоогийн газар 07.00- 24.00, баар 15-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байхаар тогтоосон. Энэ нь дотоодын иргэд болоод жуулчдын идэвхтэй амралтаа өнгөрөөх боломж, гадаад жуулчдаас орох орлогын хэмжээг хязгаарлаж, цаашид Улаанбаатар хотын аялал жуулчлалын хөгжилд сөрөг өнгө төрхийг бий болгож байна. Монголд ирж буй жуулчдын 95 хувь нь Улаанбаатар хотод аяллынхаа нэгээс дээш хоногийг өнгөрүүлдэг ч нийслэлд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл цөөн, үйлчилгээний чанар хангалтгүй хэвээр байгаа юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзэхэд 2011 онд дэлхий дахинд 980 сая хүн жуулчилж, аялал жуулчлалын салбар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5%, нийт экспортын 6%-ийг эзэлж,  2020 он гэхэд дэлхий даяар аялж буй жуулчдын тоо 1 тэрбум 560 сая, тэр дундаа Ази, номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо 397 саяд хүрэх  төлөвтэй байна. Монгол Улсад 2011 онд 626993 гадаадын зорчигчид ирж,  салбарын орлого 283 сая ам долларт хүрч, 2010 оны мөн үетэй харьцуулахад зорчигчдын тоо  12,4 хувь, орлого 21 гаруй хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж