Нэг м2 талбайн үнийг 996 мянга байх боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Нэг м2 талбайн үнийг 996 мянга байх боломжтой гэв

“Орон сууцны үнийн өсөлтөд барилгын материалын үнэ нөлөөлөх боломжгүй”

“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын нэг м/кв-ын үнэ хэт хөөсрөлттэй байна гэсэн мэдээллийн дагуу барилгын өртөгт Сангийн яам, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Монголын барилгачдын холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд гуравдугаар  сарын 5-наас эхлэн шалгалт хийсэн байна. Барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлт, үнэ ханш болон орон сууцны барилгын 1 м2 талбайн өртгийг тооцох үндсэн хоёр чиглэлээр хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт танилцууллаа.

Барилгын гол материал болох цементийн тухайд 2011 оны байдлаар 1211.3 мянган тонн цемент зах зээлд нийлүүлснээс 64,85 хувь нь импортын бүтээгдэхүүн байжээ. Үүний 98,65 хувийг БНХАУ-аас оруулж ирж байгаа нь цементийн импортын хувьд тус улсаас ихээхэн хамааралтай болох нь тодорхой тухай судалгааны ажлын хэсгийнхэн онцолж байв. Дотоодын үйлдвэрүүдийн цементийн дундаж үнийг сүүлийн  гурван жилээр авч үзвэл, 2011 онд 1 тонн цемент 138,2 мянган төгрөг байгаа нь 2010 оноос 3,4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин арматурын тухайд, 2011 онд улсын хэмжээнд 261767.0 тонн арматур буюу ган туйван зах зээлд нийлүүлэгдсэний 72.84 хувь нь болох 190667,0 тонн ган туйванг хилээр оруулж ирсэн байх бөгөөд үүний 69,02 хувийг ОХУ-аас, 30,06 хувийг БНХАУ-аас тус тус импортолсон байна. Дотоодын үйлдвэрүүд нийт зах зээлийн 27,16 хувийг хангаж байгаа ба ерөнхийдөө арматурын үнэ харьцангуй тогтвортой байгааг шалгалтынхан онцолжээ.  Тэгэхээр барилгын гол нэр төрлийн материал ган туйван, цементийн нийлүүлэлт сүүлийн гурван жилийн судалгаагаар тасралтгүй өссөн, үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа нь орон сууцны үнийн өсөлтийн шалтгаан болохгүй хэмээн дүгнэж байна.

Орон сууцны 1 м2 талбайн өртөгт хийсэн судалгаагаар, 1 м2 талбайн дундаж өртөг 830,3 мянган төгрөг болж байгаа ажээ. Энэ өртөг дээр барилгын гүйцэтгэгч, захиалагч компаниудын ашгийг 20,0 орчим хувиар тооцож үзэх юм бол орон сууцны 1м2 талбайн дундаж үнэ 996,3 мянган төгрөг байх боломж байгааг шалгалтын багийнхан мэдээллээ. 

Энэ оны гуравдугаар сарын байдлаар шинээр ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгаа орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 1,570,8 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 292,5 мянган төгрөгөөр буюу 22,9 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Энэ нь 40 м2 талбайтай орон сууцны үнэ ойролцоогоор 11,7 сая төгрөгөөр өссөн гэсэн үг юм.  Судалгаанаас харахад, Улаанбаатар хотын нийт хүн амын дөнгөж 38 хувь нь орон сууцанд амьдарч байна.

Монголын барилгачдын холбооны дарга М.Батбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Судалгаанаас харахад, орон сууцны үнийн өсөлт иргэдийн эрэлтээс хамаарсан буюу үндэслэлгүй өсөлт гэдэг нь харагдаж байна?

-Ерөнхийдөө барилгын материалын болон бусад бараа, үйлчилгээний үнэ тариф, инфляцын өсөлт орон сууцны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч эрэлт хэрэгцээг далимдуулан барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдсөн гэж хэлэхээр байна. Үндсэндээ өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг нийлүүлэлт нь гүйцэхгүй байгаа явдал бол хамгийн гол хүчин зүйл болж байна. Нийслэлд оршин суугчид, айл өрхийн тоо жил тутам нэмэгдэж байгаагаас гадна бусад аймаг, хотоос шилжин ирэгсдийн тоо гадагш шилжиж байгаагаас 2-3 дахин их байгаа нь орон сууцны эрэлтийг улам бүр өсгөж байгаа юм. Нөгөө талаар барилга угсралтын ажил буюу барилгын бизнес нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа байдаг бөгөөд хавар урин дулаан болж барилгын ажил ид эхлэх үеэр орон сууцны эрэлт улам нэмэгддэг нь үнэ өсөхөд нөлөөлсөн байна.

-Нэг м/кв-ын бодит үнийг 996,3 мянган төгрөг гэж тооцож байна. Тэгэхээр энэ үнээр барилгуудыг үнээ тогтоохыг шаардана гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар ийм тодорхой судалгаа гарчихаад байна. Харин хэрэгжилтийн тухайд, 850-1,100 мянган төгрөгт тогтоох саналыг дэвшүүлээд байгаа. Энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 13-нд болох Барилгачдын улсын зөвлөгөөнөөр эцэслэн гарах юм. Засгийн газраас энэ талаарх шийдвэр нэг мөр гарвал барилгын компаниуд дагаж мөрдөх л болно. Барилгын компаниуд үнийн хязгаарлалтын хүрээнд үнээ тогтоохгүй бол “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамрагдахгүй гэсэн үг.

-Ажлын хэсгийнхний дараагийн алхам юу байх вэ?

-Барилгын компаниудын орон сууцны барилгын нэг м/кв-ын үнэ 1 сая 500 мянган төгрөг байгаа нь барилгын материалын үнээс хамаарахгүй, ард иргэдийн эрэлтээс хамаарч, аж ахуй нэгжүүд өөрсдийн үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гаргалаа. Тэгэхээр үүнээс үүдэн судалгааны ажлын хэсгийнхэн холбогдох байгууллагуудад 1 м2 сууцны талбайн үнийн дээд хязгаарыг яаралтай тогтоож өгөх, барилгын гол нэр төрлийн материалын жишиг үнийг жил бүрийн эхний улиралд багтаан нийтэд зарлаж байх, барилга угсралтын ажлын явцад тавих хяналт, ашиглалтанд оруулах улсын комиссын үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангасан хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх саналыг хүргүүлж байгаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж