Автомашины дугаарыг автоматаар сонгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Автомашины дугаарыг автоматаар сонгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ирэх даваа гаригаас буюу энэ сарын 16-наас эхлэн автоматаар сонгогддог болгох юм байна. Авто тээврийн газрынхан “Автоматаар дугаар сонгогддог болсноор автомашины дугаартай холбогдолтой аливаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна” хэмээн үзэж байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр Авто тээврийн газрын  Мэдээлэл, технологийн албаны дарга Н.Баттулгатай ярилцаж, нэмэлт мэдээлэл авлаа.  

-Ямар шалтгаанаар автомашины дугаар олголтыг автоматчилж байгаа вэ?

-Тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа байгууллага, иргэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сангийн дэлгэц дээрээс өөрт таалагдсан дугаараа сонгон авдаг байсан. Өнөөдөр ч ийм зарчмаар ажиллаж байгаа. Иргэд төрсөн он сар, гар утасны дугаар болон гэр бүлээрээ нэг ижил дугаартай болохыг хүсдэг. Уг нь бидний одоо ашиглаж байгаа систем үүгээрээ давуу талтай гэж хэлж болохоор байсан юм.  Гэвч иргэдийн дунд энэ нь хэл ам, сөрөг ойлголтуудыг дагуулах болсон тул шинэ арга нэвтрүүлэхээр болсон. 1960 онд батлагдсан тээврийн хэрэгслийн дугааржуулалтын тухай Венийн конвенци байдаг юм. Энэ конвенцийг  манай улс 1970 оноос мөрдөж эхэлсэн. Автомашины дугаар нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаар болохоос биш гангарааны дугаар бол биш шүү дээ. Манайд сүүлийн үед авто машины дугаар олголттой холбоотой гомдол ихээр ирэх болсон. Жишээлбэл, “Дэлгэц дээр ижилссэн 44-55, 54-45, 55-55 гэх мэт азын дугааруудыг байрлуулахгүй байгаа. Эдгээр ижил дугаарыг хэн нэгэн хүн өндөр үнээр худалдаалдаг” гэх мэт гомдлууд ирж байна. Мөн иргэд тээврийн хэрэгслийн дугаараа хувийн өмч гэж үздэг. Энэ утгаараа худалдах, ашиглах эрхтэй гэх мэтээр эндүүрдэг юм.

-Угаасаа авто машины дугаар нэг төрлийн бизнес болж цэцэглэснийг хэн хүнгүй л ярьдаг шүү дээ. Үүнд та бүхэн хяналт тавих боломж байдаггүй гэж үү?

-Хяналт тавих боломж хэцүү. Далдуур энэ бизнес хөгжөөд, явагдаад байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор л хууль бус үйл ажиллагаанд хяналт тавихын тулд л бид энэ автомат систем буюу тээврийн хэрэгслийн дугаар санамсаргүйгээр сонгогддог системийг сонгож, хэрэглэхээр шийдээд байгаа юм. Мөн автомашины дугаар нь, тухайн машины аралын дугаартай  шууд холбогдох тул дугаараа бусдад дамжуулах боломжгүй юм.

-Аль улсын жишгийг дагуу энэ системийг нэврүүлж байгаа вэ?

-АНУ, БНАСАУ, ОХУ, БНХАУ-ын системийг судалсан. Бид нар хамгийн зөв гэсэн сонголтоо л хийсэн.  Энэ ёсоор бол Ramdom системээр дугаар автоматаар унаж ирнэ гэсэн үг.

-Энэ программыг ашиглаж эхэлснээр цаашид дугаар сонголт дээр ямар ч асуудал гарахгүй гэж итгэж болох уу?

-Тэгэлгүй яахав. Бид ирэх даваа гаригт бүх хүмүүсийн нүдэн дээр шинэ сери задлана. Шинэ серид нийт 9999 ширхэг шинэ дугаар байгаа. Тийм болохоор ёстой азтай нь л азын дугаар авна гэсэн үг. Хэн ч 8888, 9999 гэсэн автомашины дугаар авч болно гэсэн үг. Бидэнд одоогоор шинэ серийн гурван сонголт байна. Ирэх даваа гаригт  УНХ, УНЯ, УНТ гэсэн дугаарлалтаас аль нэг серийг задална.

-Дугаар олгодог хэдэн компани байдаг вэ?

-Нийт долоон компани байдаг юм. Бид тухайн иргэний дугаар сонгогдмогц эдгээр компаниуд руугаа мэдэгдэнэ.

-Үнийн хувьд өөрчлөлт гарах уу?

-Засгийн газраас баталсан жишиг тариф болох 10 мянган төгрөг хэвээрээ мөрдөгдөнө.

-Энэ онд нийт хэдэн тээврийн хэрэгсэл шинээр дугаар авсан байгаа бол?

-Энэ оны эхний улиралд 18259 ширхэг тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгоод байна. 2010 онд 40813, 2011 онд 84552 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгүүлсэн байдаг.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж