Яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Францын Гадаад хэргийн яам хоорондын улс төр, эдийн засгийн зөвлөлдөх уулзалт Парис хотноо өчигдөр /2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр/ болов. Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Францын талын төлөөлөгчдийг Гадаад болон Европын хэргийн яамны Ази, Номхон далайн газрын  захирал ноён Жан-Поль Ортиз нар тэргүүлэн оролцсон бөгөөд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Францын Эдийн засаг, аж үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийн яам, Батлан хамгаалах яамны төлөөлөгч зэрэг албаны хүмүүс оролцов. 

Зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс Европын Холбооны нөлөө бүхий гишүүн Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлж, хоёр талын өндөр, дээд хэмжээний айлчлалыг хоёр урсгалтай болгох, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хоёр талын харилцаанд өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Монгол, Францын худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд, хоёр орны худалдааны эргэлт сүүлийн 10 жилд 10 дахин нэмэгдэж, 2011 оны байдлаар 108 сая ам.долларт хүрсэнд хоёр тал сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хоёр орны хувийн хэвшлийн хооронд харилцааг өргөжүүлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, ирэх 9 дүгээр сард Францын Аж Ахуйн Нэгжүүдийн Хөдөлгөөний төлөөлөгчдийн Монголд хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын хүрээнд мөн батлан хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, түүнчлэн Европын Холбоо, НҮБ, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Уулзалтын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг “иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинд хүргэх асуудлаар нэгдмэл байр суурьтай буйгаа харилцан нотолж, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Францын Гадаад болон Европын хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Пьер Селлалтай уулзаж, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцсон болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж