Үнэт олдворуудаар бизнес хийж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Үнэт олдворуудаар бизнес хийж байна гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн олонхи гишүүд дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Гэхдээ ийм шийдэлд хүрэхийн өмнө хэлэлцүүлгийн шатанд нэлээд маргаан өрнөсөн юм.

Дэлхий дахин глобальчлагдахын хэрээр соёлын үнэт өвийг хамгаалах асуудал улс орон бүрт чухлаар тавигдаж байна. Монгол Улсын хувьд ч соёлын үнэт өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээс эхлээд хадгалах, хамгаалах шатанд олон ажлыг шат дараатай хийх шаардлага тулгарч тэр хэрээр хууль эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага үүсчээ. Тиймээс Засгийн газраас дээрх төслийг боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд соёлын үнэт өвүүд гадаад орнууд руу зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр гарч байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тэр байтугай онгоцоор эхийг нь ачаад нисдэг, эргэж ирдэг эсэх нь эргэлзээтэй. Дуурайлгаад хуулбар явуулчихсан байхад түүнийг мөн бишийг нь таньдаг ч юм уу үгүй юм уу гээд эргэлзээтэй олон асуудал соёлын үнэт өвүүдийг тойрон хөндөгдөв.  УИХ-ын гишүүн Д.Арвины хэлснээр бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, үнэт өвүүдийг гадаад руу гаргахыг хориглосон боловч, энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Яамны төвшинд зөвшөөрөл олгоод гадаад руу гаргах эрх өгчихсөн байдаг, энэнд мэргэшсэн хэсэг бүлэг байдаг бөгөөд хангалттай баримт нотолгоо ч бий гэнэ. Тэр байтугай гаалийн байгууллагынхан бол хэний зөвшөөрлөөр үнэт өвүүд хилийн гадна гардаг болохыг бүр нүдэлжээ. Тииймээс энэхүү Соёлын өвийг хамгаалах тухай шинэчилсэн найруулгад заагаад байгаа соёлын үнэт өвүүдийг гадаад руу гаргах гурван тохиолдлыг ажлын хэсгийн төвшинд нарийн судалж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол үнэт өвүүдийг гадаадад гаргаж бизнес хийдэг хэсэг бүлэг этгээдийг дэмжсэн хууль болж батлагдана хэмээн тэрбээр шүүмжилсэн юм. Үүнтэй УИХ-ын гишүүн С.Ламбаа нарын гишүүд ч санал нэгдэв.

Төсөлд соёлын үнэт өвийг Монгол Улсыг сурталчлах, мөн тухайн үнэт өвийг судлах, сэргээн засварлах гэсэн гурван тохиолдлоор гадаад руу гаргахыг зөвшөөрөхөөр зааж өгөөд байна.  Дээд тал нь хоёр жилийн хугацаатай гадаадад гаргана.  Хэрэв шаардлагатай гэж үзвэл дахин нэг жилээр нэг удаа сунгана. Ингэснээр Монгол Улсын соёлын үнэт өв гадаад улсад гурван жилийн хугацаатай байж болох нөхцөл бүрдэх юм. Ер нь Монгол оронд соёлын үнэт өвүүд олон. Гадаадын археологичидтой хамтран малтлага хийж, илрүүлж гаргах тохиолдол ч бий. Гагцхүү техник, технологийнхоо хүчин чадал дутмаг байдлаас шалтгаалаад хэддүгээр зуунд хамаарах олдвор вэ гэдгийг тогтоох боломж байдаггүй. Тиймээс он цагийг нь тогтоох зорилгоор үнэт өвүүдээ гадаад руу гаргадаг байна. Харин энэ явцад жинхэнэ өв алга болж, оронд нь хуулбар эргэж ирэх вий гэх болгоомжлол хаа, хаанаа ч байдаг бололтой.

Соёлын үнэт өвийг хамгаалах хадгалахтай холбоотойгоор хөндөгдсөн хоёр дахь чухал асуудал нь циркийн хувьчлал байлаа. 2006 онд менежментийн хувьчлалаар улсын цирк хувийн мэдэлд шилжсэн боловч, уран бүтээлчид нь талын нэг тарсан. Хойч үеийг нь бэлтгэх асуудал дээр яамны төвшинд ямар бодлого барьж байгаа нь мэдэгдэггүй. Тэр тусмаа уран нугаралт, энэ урлаг Монгол Улсыг дэлхий дахинд таниулж байгаа. Энэ урлаг биет бус өв мөн үү, салбар хариуцсан яам нь эл гайхамшигт урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юу гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт нар тавьсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын тайлбараар бол уран нугаралт нь биет бус өвд хамаарна. Энэ өвийг яаралтай хамгаалах шаардлагатай гэсэн үндэслэлээр ЮНЕСКО-д хандсан юм байна. Харин циркийн хувьчлалын тухайд хоёр тал гэрээ байгуулсан, хүний нөөцийг хэвээр хадгалах, циркийг зориулалтынх нь дагуу ашиглах гэсэн гэрээ байгуулсан гэдэг тайлбараас өөр зүйлийг мэргэжилтнүүд хэлж чадахгүй сууна. Харин циркийн уран бүтээлчдийг бэлтгэх тухайд, Хөгжим бүжгийн коллежийн харьяанд тусгай анги байдаг. Тус коллежи нь ирэх намраас үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр циркийн тусгай сургууль байгуулна. Бодлогын төвшинд циркийн уран бүтээлчдийг бэлтгэх асуудал мартагдаагүй гэсэн дагууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж