-Танай байгууллага бүтцийн өөрчлөлт хийхээр боллоо. Энэ талаар ярихгүй юу?
-Бүтцийн өөрчлөлтийг аль ч байгууллага хийж л байдаг. Өчигдөр /уржигдар/ бүтцийн өөрчлөлт хийсэн. Бүтцийн өөрчлөлтийг эрхлэх ажлын хүрээгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд албан ёсоор тушаал гаргадаг. Тушаалын дагуу энэ бүхнийг хийсэн юм. Ийнхүү бүтцийг нь өөрчилж байгаа явдалд ажил төрлөө хийгээд явж буй хүмүүс бүгд хамаарахгүй. Ажлаа хийж байсан хүмүүсийг түр чөлөөлчихөөд дараа нь ажилд оруулж байна. Манай байгууллагад гурван бүртгэлийн газар харьяалагддаг байсан. Үүнд Эд хөрөнгийн бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хамаарч байв. Тэднийг нэгтгэсэн. Харин даргаар нь ажиллаж байсан гурван хүний хоёрыг нь ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, тэр хоёр хүн бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдөж байна гэсэн үг. Тамгын газрын даргын хувьд яриа хөөрөө гарсан. Түүнийг үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Энэ бол дотоод журмаар зохицуулагдсан асуудал. Бүтцийн өөрчлөлт хийснээр хэд хэд зүйлд ажил сайжирна гэж ойлгож байгаа. Иргэдэд үзүүлж буй үйлчилгээг илүү дөхөм болгож, чиргэдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх ёстой. Одоогоос арваад хоногийн өмнө Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, гадаадад зорчих эрхийн бүртгэлийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж байсан хүмүүсийг өөр тийш нь шилжүүлсэн гэсэн үг. Байршлыг нь өөрчилж иргэддээ ойртуулж байгаа хэрэг л дээ. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг архивтай нь хамт нүүлгэсэн. Архив байж байж иргэдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ. Одоогийн байдлаар 100 айлд бүхэл бүтэн цогцолбор байгаа. Тэнд очиж үйлчлүүлэхэд ямар хүнд байдаг билээ дээ. Машин техник багталцахгүй, дугаарлалт их, байшиндаа багтахгүй зэрэг хүндрэл олон гардаг. Ийм учраас дүүргүүд рүү шилжүүлснээр 100 айлд бий болж байсан ачаалал 60 гаруй хувиар буурах юм. Шилжүүлэг хийсэн гурван дүүрэг хүн амынхаа тоогоор нэлээд дээгүүр ордог. Тэдгээр дүүрэг тус бүрээс өдөрт 120-130 иргэн манайд хандаж үйлчлүүлдэг байсан бол одоо тэд заавал хол явах шаардлагагүй болж байгаа юм.
-Бүтцийн өөрчлөлтөөр хэчнээн хүнийг ажлаас нь чөлөөлж байгаа вэ?
-Бүтцийн өөрчлөлтөөр олон хүн ажлаас нь халаад байсан юм байхгүй. Энэхүү өөрчлөлтөөр хоёр газрын даргыг халснаас өөр зүйл байхгүй.
-Эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Ч.Чанлуулодой, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг нар гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Газрын даргаар ажиллаж байсан гурван хүн бүгд чөлөөлөгдсөн. Аль нэг нь үлдээд газрын дарга хийгээд байгаа юм биш. Сонгуулийн жил учраас хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Би дээр хэлсэн. Энэ бол ямар ч байгууллагад байдаг жирийн л бүтцийн өөрчлөлт.
-Өмнө нь ямар ажил хийж байсан хүн газрын дарга болсон бэ?
-Манай байгууллага дотроосоо он удаан жил ажиллаж байсан хүнийг сонгоод Бүртгэлийн газрын даргаар томилсон. Дотроосоо гэдэг маань тэр гурван газрынхаа чиглэлээр тодорхой хэмжээнд мэргэшсэн хүн гэсэн үг. Туршлагатай, мэдлэгтэй ийм л хүнийг томилчихоод байна. Бүртгэлийн газрын шинэ дарга Б.Батболд болсон.
-Цахим үнэмлэхний хэвлэлтийн явц ямар шатандаа явж байна вэ?
-Цахим үнэмлэхний хэвлэлт маш төвөгтэй байгаа. Бид өмнө нь хэлж байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас эхний ээлжийн бэлдэц ирэхээр цахим үнэмлэхээ хэвлэж эхэлнэ гэж. Бид хугацаандаа эхний ээлжийн 60 мянган бэлдэцийг хүлээж авсан. Хэвлэлтэд орохоор цахим үнэмлэхэнд мэдээлэл суулгах программ бэлэн болох ёстой. Энэ программыг “Бодь интернэшнл” АНУ-ын “Дата карт” компанитай гэрээ хийгээд программыг хийлгэж байгаа. Дөрөвдүгээр сарын 4-нд Энэхүү программыг бидэнд хүлээлгэж өгөх ёстой байсан юм. Гэвч дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө хүлээлгэж өгөх боломжгүй хэмээн “Дата” компаниас “Бодь интернэшнл” компанид хэлсэн байна лээ. Бид хойшлох болсон шалтгааныг нь асуухад “Танай сонгуулийн ерөнхий хорооны сонгож авсан техник хэрэгслээс хамаарч программ хангамжид өөрчлөлт орж байна. Тийм учраас чанартай хийхийн тулд хойшлуулсан” гэсэн хариу ирүүлсэн.
-Цахим үнэмлэхэнд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн. Чанартай сайн хийхэд төсөвт өөрчлөлт орох уу?
-Нэмэгдэнэ гэсэн юм байхгүй. Хамгийн аюултай зүйл нь хоног, өдрөөр цахим үнэмлэхээ хэвлэхээр хуваарь гаргасан. Гэтэл дөрөвдүгээр сарын 6-наас хэвлэх ёстой үнэмлэх энэ сарын 22 хүртэл өөрчлөгдөж байгаа юм.
-Энэ тохиолдолд гэрээнд юу гэж заасан байгаа вэ. Аль тал нь хариуцлага хүлээх ёстой вэ?
-Мэдээж гүйцэтгэгч компани хоцруулсан хоног тутамд 0.1 хувийн мөнгөн торгууль төлөх ёстой.
-Хугацаандаа амжих эсэх нь тодорхойгүй байна. Амжихгүй бол УИХ-ын сонгуулийг хойшлуулах юм уу?
-Хугацаанаасаа хоцорч байгаа ч гэсэн амжихын төлөө хичээх болно. Сонгуулийг хойшлуулах талаар бид мэддэг юм биш. Манай байгууллагын хийх ёстой ажил бол бүртгэлээ үнэн зөв хийж сонгуулиас өмнө цахим үнэмлэхээ иргэдэд тараах юм.
УБЕГ-ын Тамгын газрын дарга, Эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга, Иргэний бүртгэлийн газрын дарга, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга нарыг чухам яагаад бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаар УБЕГ-ын Тамгын газрын дарга Б.Баатарсайханаас тодрууллаа.
-Таныг чухам яагаад ажлаас чинь чөлөөлөв өө?
-УБЕГ-ын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь өчигдөр /уржигдар/ чөлөөлсөн. Намайг бүрмөсөн чөлөөлөөгүй. Би одоохондоо ажлаа хийгээд явж байна.
-Хоёр газрын дарга гомдолтой байгаа гэсэн. Учир нь тэднийг юу ч мэдээгүй байхад нь бүтцийн өөрчлөлтөд оруулчихсан гэсэн. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Тэдгээр хүмүүс УБЕГ-ын даргад хандаж санал гомдлоо илэрхийлэх нь зүйтэй байх. Үнэхээр гомдолтой байгаа бол түүнийгээ хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.
Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийлээ. Үүний дагуу бүртгэлийн гурван газрыг нэгтгэсэн юм. Харин даргаар нь Б.Батболдыг томилжээ. Тэрбээр өмнө нь Эд хөрөнгийн бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн хэмээх албан тушаал хашиж байсан. Харин энэ удаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гэх хүндтэй суудалд суув.
"Улс төрийн тойм" сонин