МАН-д С.Батболдын эсрэг давшилт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

МАН-д С.Батболдын эсрэг давшилт эхэллээ

Ардын намынхан эе эвдэрч, эрх баригч хүчний сэнтийгээ эвдэж мэдэх нь. Монголын улс төрийн хамгийн том пира­мидад ан цав үүссэн нь ийн мэдрэгдэж эхлэв. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө тэд на­мын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг огцруулж, С.Баярт бүх эрх мэдлийг шил­жүүлж байсан. Очкитой стра­тегич тэр үед “Таван төгөл­дөршил”-өө тунхаглаж, ялалтын тугийг намдаа дахин залсан билээ. Харин одоо цаг өөр болж. Гишүүд нь намын дарга, Ерөн­хий сайд С.Батболдынхоо эсрэг хүйтэн “салхи” үлээлгэж эхлэв. Юу болох нь энэ вэ. УИХ-ын 2012 оны сонгууль эхлэ­хэд хэдхэн сар үлдчихээд байхад Ардын намд ийм бай­дал үүссэн нь юуг зөгнөнө вэ. Ардчилсан намынхан эрх ба­ригч хүчний эсрэг тоглоомын дүрмээ хэ­рэг­жүүлж эхэлчихээд бай­хад Ардын намынхан удирд­лагуудынхаа эсрэг хөдөлж эхэл­сэн нь ирэх сонгуульд ялагдахын дохио юу. Ямартай ч Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордонд улс төрийн өөр, өөр ашиг сонирхол бүхий тоглолтууд эхэллээ.

УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд Тусгаар тогтнолын ордноос өгсөн сануулгыг авч хэлэлцсэнгүй. Намын Ёс зүйн хорооноос “Сонгууль эхлэх дөхлөө. Намаа шүүмжилж, намын удирдлага, бодлогын эсрэг зүйл ярьж болохгүй шүү” хэмээн гишүүд, дэмжигчдэдээ анхааруулсан. Харин үүнийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар эсэргүүцэж, хэвлэлээр хариуг нь өгчихсөн. Тэдний эсэргүүцэл дээр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хүч нэмж “Ёс зүйн хорооныхон буруу алхам хийж байна. Хоёрын хооронд бичиг цаас шидэлж байхаар гишүүдээ дуудаад уулзах нь яасан юм бэ. Үг хэлээрээ учир зүйгээ ололцож болно шүү дээ. Гэтэл ийм бичиг ирүүлсэн нь хүмүүсийн дургүйг хүргэчихлээ” хэмээн бухимдсан удаатай. Тэгвэл энэ удаад түүнээс эс юм болов. УИХ дахь Ардын намын бүлгийн хуралдаан уржигдар тун ширүүхэн уур амьсгал дунд болжээ. Эрх баригч хүчний тэрслүү гишүүд үг хэлээ нэгтгэж, үйл хөдлөлөө жигдрүүлэн намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын эсрэг хүч хавсарсан байх юм. 

С.Батболдынхон ба тэдний эсрэг хөдөлгөөнийхөн. Ардын намд ийм хуваагдал үүссэнийг УИХ дахь намын бүлгийн зарим гишүүн сэм зарлав. “УИХ-ын 2012 оны сонгуульд С.Батболдоор удирдуулж оролцох уу, аль эсвэл өөр удирдагчийн эрэлд гарах уу” гэдгээ ярилцаж байна” хэмээн албан бусаар мэдэгдэв. Бүлгийн хуралдааны үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн нь тийм учиртай байж. Хамгийн сонирхолтой нь С.Батболдын эсрэг хөдөлгөөнийхөн энэ удаад маш олуулаа болж нэгдсэн байв. УИХ-ын гишүүн О.Чулуунбат. Тэрбээр “Ерөнхий сайд С.Батболд “Чингис” зочид буудал, “Бороо гоулд”-ыг яаж өөрийн болгосноо тайлбарлах ёстой” хэмээн үе, үе шаарддаг. Тэгвэл уржигдар “Засгийн газарт ажлаа сайн хийх боломж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд юу ч хийж чадаагүй. Хамтарсан Засгийн газрын үед ч олигтой ажил хийгээгүй. Одоо та нараас юу хүлээх юм бэ. Чадахгүй бол больсон нь дээр. Миний хувьд, Засгийн газрыг байтугай намаа ч танихаа болилоо” хэмээн намын даргадаа бухимджээ. Эрхэм гишүүн Н.Ганбямба ч энэ үеэр дуугүй байсангүй. “Ажил хийж чадахгүй бол суудлаа тавьж өг. Та нар улс орны төлөө ажиллах гэж сайд болцгоосон биз дээ” гэж Ерөнхий сайд С.Батболдыг танхимынхантай нь хамт загнажээ. “МАХН-д урвах магадлалтай” хэмээн хүний, өөрийн намынханд хардуулдаг Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Манай нам УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх боломжтой байсан. Харамсалтай нь стратегийн орд газруудаа ард түмэнд өгөөжтэй ашиглаж чадсангүй. Ийм байдлаар явбал ирэх сонгуульд ялж чадах уу, үгүй юү. Засгийн газрын гишүүд санаачилгатай ажиллаач” гэсэн байна. Бүлгийн гишүүддээ зэмлүүлсэн Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд “Бид чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Цаашид ч бүх боломжоо дайчлах болно. Хөрөнгө мөнгө их орж ирвэл сонгуулийн амлалтаа бүрэн биелүүлнэ” гэж хэлсэн нь О.Чулуунбат тэргүүтэй нөхдийг “Арилжааны банк гадаадаас хөрөнгө мөнгө татаж чадаад байхад Монгол Улсын Засгийн газар яахаараа чаддаггүй юм бэ” гэхэд хүргэжээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Д.Загджав гишүүнд “Нөхөр минь чи УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах тухай Ардчилсан намынхны саналыг дэмжиж байгаа. С.Эрдэнийн захиалгаар хөдлөхөө болиорой” хэмээн гишүүдийн анхаарлыг өөртөө татсан аж. Тэр ч бүү хэл “Ардчилсан намынхны дайралтыг би ганцаараа эсэргүүцэж байна. “Женко” Х.Баттулгатай ширүүхэн үзэлцэж байгаа нь бас л би. Тэгэхэд та нар юу хийж байгаа юм бэ” гэж намынхан руугаа агсарчээ. Гэвч түүнийг дэмжиж, үг яриаг нь өлгөн авах хүн байсангүй. УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдийн олонхи “Ц.Нямдорж сайд аа, та Х.Баттулгын эсрэг буруу хөдөлж байна. Дуугүй байсан нь дээр. Хувь хүмүүсийн асуудлыг намд нялзааж болохгүй. Тийм л сүрхий юм бол хамтарсан Засгийн газарт Х.Баттулгатай хамт ажиллаж байхдаа ярихгүй яасан юм бэ” хэмээн Ц.Нямдоржийг дуугүй болгожээ. Бүлгийн хуралдаан ч тэгсхийгээд өндөрлөж. Энэ явдлыг өнгөцхөн дүгнэвэл, хэрүүл маргаанаар дүүрэн жирийн л нэгэн хуралдаан. Ардын намын тэрслүү гишүүдийн зүгээс хэлдэг л үгс мэт санагдана. Гэвч намаа сонгуульд ялуулахын төлөө нэг эгнээ болон жагсдаг эрх баригч хүчнийхэн энэ удаад хэд, хэдэн эгнээ болж хуваагдсанаа харуулав. Эсэргүүцлийн үгээр зэвсэглэсэн гишүүд нь С.Батболд руу дайрахын хэрээр Ардын нам хэмээх асар том пирамид хүчтэй доргиж байна. Харин нөгөө жигүүрээс Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Хамтарсан мэдээлэл хийе” хэмээн С.Батболдыг хатгасаар байгаа нь зөвхөн Ерөнхий сайд ч биш, эрх баригч хүчин рүү чиглэсэн улс төрийн шантааж юм. Ардчилсан намынхан ирэх сонгуулиас урьтаж иймэрхүү тоглолт хийх нь ч аргагүй. Учир нь тэд хамтарсан Засгийн газарт дөрвөн оныг үдсэн. Харин үлдсэн хугацаанд улс төрийн тоглоомын дүрмээ хэрэгжүүлэх нь Н.Алтанхуягийн багийнханд оногдсон цаг. Тэдний дүрэмд тусгагдсан хамгийн том тоглолт бол долоодугаар сарын 1-ний үймээн. Ардчилсан намынхан хэр оновчтой тоглохоос Ардын нам, С.Баяр тэргүүтэй зарим лидерийн хувь заяа шалтгаална. Гэвч яг энэ үед эрх баригч хүчинд С.Батболдын эсрэг давшилт эхэллээ. “С.Батболд биш юм бол өөр хэн Ардын намыг сонгуульд удирдан оролцох вэ. Ардын намынхан дангаар бүрдүүлсэн Засгийн газрыг огцрууллаа гэхэд сонгууль дуустал түр Засгийн газар байгуулах уу” гэдэг нэн шинэ асуулт хариултаа нэхэн байна.   

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж