Хөгийн юм болж байна, цаана чинь. Тэд эхлээд ингэж ярьж байв. “Цахим үнэмлэх хэвлэж, тараахад ямар ч асуудал байхгүй” гэж. Тэгснээ “Юу гэнэ ээ, сонгууль болохоос өмнө тарааж амжихгүй гэж бодоод байгаа юм уу. Ард иргэд та бүхэн зургадугаар сарын 20 гэхэд шинэ үнэмлэхээ гардаж аваад баяр хөөртэйгөөр сонгуульд саналаа өгнө. Санаа зоволтгүй” гэж үргэлжлүүлэв. Тэгснээ дараа нь арай өөр зүйл ярьж эхэллээ. “Энэ ажлыг хариуцаж авсан компаниас гэнэтхэн нэг сонин санал гаргаад эхэллээ. Тэд ажлаа хийж амжихгүй байна гэнэ. Тиймээс цахим үнэмлэх хэвлэж дуусах эцсийн хугацааг хоёр долоо хоногоор хойшлуулж өгөөч гэж гуйгаад байх юм. Муусайн бүтэлгүй юмнууд. Хүний ажлыг хойш нь чангаагаад байна. Одоо яадаг юм билээ” хэмээн учраа олж ядан мэдэн будилав. Духаа маажиж хүртэл үзэв. Эцэст нь арга ядсан царай гаргаад ингэж хэлж байх юм гэнэ. “Бид чадах ядахаараа хичээлээ. Гэвч УИХ-ын сонгууль болохоос өмнө цахим үнэмлэхийг тарааж амжихгүй шинжтэй. Хэрэв тэгвэл үүнтэй холбоотойгоор хуулинд орсон заалтуудыг өөрчилдөг ч юм билүү” гэж. Тэгснээ хэнэг ч үгүй явж одлоо. Тэд төд удахгүй дараах мэдэгдлийг гаргах төлөвтэй байна. “Сонгуулиас өмнө цахим үнэмлэх тараах ажил бүтэхгүй нь илэрхий боллоо. Тиймээс иргэд энэхүү үнэмлэхийг хэвлэгдэж ирэхийг хүлээх хэрэггүй. Ингэж бөөн ажил болохын оронд хуучин журмаараа цахим үнэмлэхгүйгээр баяр хөөртэйгөөр сонгуульд саналаа өгөөрэй” гэж. Яваандаа ухаалаг үнэмлэх гэж ер нь байхгүй. Хэн олон нийтэд ийм худал мэдээлэл тараагаад яваад байгааг ойлгохгүй юм” гэх зэргээр булзааруулах төлөвтэй. Тэгээд сүүлдээ “Ийм үл бүтэх яриа гаргаж, олон нийт болон бидний хооронд яс хаяж, хагаралдуулахыг оролдсон этгээдүүдтэй хариуцлага тооцно” гэж хэлж мэдэхээр байна. Эцэс сүүлд нь “Сонгууль болохоос өмнө цахим үнэмлэх тараана гэж хэн ч хэлээгүй шүү” хэмээн ярих бололтой Хөгжилтэй хүмүүс шүү.
Т.ЭЛИСА
"Улс төрийн тойм" сонин