Улсын хэмжээнд 204.2 мянган өндөр настан, 130 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. “Хүний хөгжил сан”-аас 334.2 мянган иргэнд 334 тэрбум төгрөг олгох тооцоо гарсан. Гэхдээ Засгийн газрын 2011 оны 53 дугаар тогтоолоор “Эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар олго” гэсэн тушаал бий. Энэ тушаалын дагуу сая төгрөгийг дөрөв, тав, зургаадугаар сард гурав хувааж буюу 330, 330, 340 мянган төгрөгөөр олгож дуусахаар болсон аж. Энэхүү хувилбар нь төсөв, инфляцид тийм ч их нөлөөлөхгүй гэж байгаа. Уг нь 334 тэрбум төгрөг гэдэг бол бага тоо биш. Эдийн засгийн хувьд инфляци алга ташаад босоход чухал нөлөөлөлөх тоо. Эдийн засагчид “Ингэж бөөнөөр нь бэлэн мөнгө тарааж байгаа нь огтхон ч сайн үр дүн дагуулахгүй. Улстөрчид сонгуулиас урьтаж амлалтаа биелүүлэхийн тулд хий хоосон шоудаж байна. Дараагийн Засгийн газар, бидний ирээдүйг огтхон ч бодсонгүй. Энэ бүхэн эргээд эдийн засагт томоохон дарамт болно. Магадгүй намар гэхэд үр дүн нь харагдах байх” хэмээн уцаарлаж байгаатай олон тааралдсан.
Гэхдээ нэг сая төгрөгийг олгож байгаагаас болж гарах эдийн засгийн сөрөг үр дагавруудыг холбогдох газрууд нь сайтар тооцож байгаа гэнэ. Сангийн яамны мэргэжилтнүүд “Энэ оны улсын төсвийг хэлэлцэж байх үед “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг тарааснаас үүдэн гарах сөрөг үр дагавруудыг сайтар тооцож, судалсан байгаа. Ер нь инфляцид их биш юмаа гэхэд тодорхой хэмжээнд нөлөөлөх нь дамжиггүй. Харин энэ асуудлыг Монголбанк шийдвэрлэх ёстой. Манай яамны зүгээс нэг сая төгрөгтэй давхцаж хуваарилах зарим зарлагыг хумьж, дараагийн улиралд шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, улсын төсвөөс гарах мөнгөний урсгалыг нэг дор биш цувуулж олгох явдал. Үүний хүрээнд хоёрдугаар улиралд тараах мөнгийг гуравдугаар уилрал руу шилжүүлэхээр болсон” хэмээв. Тэгвэл төв банкныхан ямар арга хэмжээ авахаар ажиллаж буйг асуухад хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Бид сая төгрөг олгож эхлэхтэй холбоотойгоор тусгай бодлого боловсруулж байна. Одоохондоо мэдээлэх боломжгүй” гэлээ. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо өнгөрсөн хөхүй өвлийн турш цалин нэмүүлэх, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ буулгах гээд өчнөөн жагсаал цуглаан хийсэн. Заримынх нь үр шим гарч байгаад иргэд ам сайтай байна билээ. Харин одоо олгох гэж буй сая төгрөгийн талаар тэд ямар байр суурьтай байгаа бол.
МҮЭХ-ны Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга Б.Батбилэг “Манай байгууллага иргэдийнхээ орлогыг дэмждэг. Тийм учраас хориглох зүйл алга. Хамгийн гол нь холбогдох газрууд нь сайтар судалгаа хийж байж өгөх нь чухал юм. Нөгөө талдаа эдийн засагт сөрөг нөлөө авчрах боломжтой. Хэрэв тэгвэл эргээд иргэдийн нуруун дээр ачаа бууна гэсэн үг” гэв.
“Хүний хөгжил сан”-аас нэг сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд өнгөрсөн хоёрдугаар сард олгоно гэж байсан ч төсөв бүрдээгүй зэрэг асуудлуудаас болж хойшилсон. Халамж үйлчилгээний газар, харьяа яамдаас нь тухайн үед “Ямар ч төсөвлөсөн мөнгө байхгүй. Энэхүү нэг сая төгрөгийг олгох эсэх нь тодорхойгүй байгаа” гэж байсан. Гэтэл гэнэтхэн төсөв нь бүрдээд хаанаас ч юм 330 гаруй тэрбум төгрөг гараад ирлээ. Үүнтэй холбоотойгоор зарим эдийн засагч эрх баригчдыг “Гаднаас өндөр хүүтэй зээл авч энэ мөнгийг олгох гэж байгаа сураг дуулдсан” хэмээн тайлбарласан юм. Ямартай ч иргэд нэг сая төгрөгөө авах нь гарцаагүй боллоо. Уг мөнгийг олгохгүй удсан бас нэгэн шалтгаан нь УИХ-ын тогтоолуудын зөрүүтэй байдлаас болж байв. УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу “Иргэдэд уул уурхайн хувьцаа эзэмшүүлнэ” гэж заасан байгаа. Мөн 39 дүгээр тогтоолд “1.5 сая төгрөгийн арга хэмжээний хүрээнд иргэдэд 20 хувийн хувьцаа олгоно” гэж бий. Тиймээс иргэдэд хувьцаа хэлбэрээр нь олгоод дээр нь нэмж 1.5 сая төгрөгийг нь өгөх үү гэдэг асуудал ээдрээтэй байсан учраас ийнхүү удах шалтгаан болжээ.
"Улс төрийн тойм" сонин