Манай улсад хүн амын дийлэнх хувийг залуус эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчин давамгайлсан гэсэн үг. Ардчилсан хувьсгалтай цуг мэндэлсэн хүүхдүүд өдгөө улс орны гол хөдөлгүүр нь болж буй бол ирэх 2040 он гэхэд хөгширөлттэй орон хэмээн дуудуулах эзэд нь болох гэнэ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр Хүн ам, орон сууцны тооллогын төлөвлөлтийн товчооны дарга Ж.Мөнхбадарын хэлснээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амд хийсэн тооцоогоор 2017 онд гурван сая, 2040 онд 3.9 сая болох тооцоо гарлаа. Энэ нь гадаадад байгаа иргэдээ оролцуулсан судалгаа юм. Харин хүн амын насжилтын хувьд нэлээд өөрчлөлт гарах төлөв ажиглагдаж байгаа” гэв. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 50-аас дээш хувь нь 40 гаруй насныхан зонхилох гэнэ.
Үндэсний статистикийн хорооноос онцолсон дараагийн нэг асуудал нь орон сууцны үнэ. Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд нэг жилийн өмнөхөөс 39.2 хувиар өсчээ. Харин өмнөх улиралтай харьцуулахад 2.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй гарсан байна. Нийслэлийн хэмжээнд барилгын үнэ хамгийн их өсөлттэй байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд гэнэ. Эдгээр дүүргүүд “Хотын төвийн дүүрэг болохоор үнэ нь бусад дүүргийг бодвол харьцангуй өндөр байх нь ойлгомжтой” гэлээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас орон сууцны үнийн дээд хэмжээг метр квадрат нь 1.9 сая төгрөг байхаар тушаал гаргасан. Харамсалтай нь байрны үнэ буулгалаа ч гэсэн төвийн дүүргүүдийн барилгын талбайн үнэ төдийлөн их буурахгүйг албаныхан хэлж байв. Түүнчлэн зарим салбарт улсын төсөвт орлого нэмэгдсэн талаар таатай мэдээ хэлсэн. Тухайлбал, татварын бус орлого өмнөх оны гуравдугаар сартай харьцуулахад 5.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүний гол шалтгаан нь газрын өрийн орлого, хувьцааны ногдол ашиг, газрын тосны орлого юм. Гэхдээ гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.8 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Харин нийт бараа эргэлтийн хэмжээ 141.7 сая ам.доллараар өссөн байна. Гэвч импортын бүтээгдэхүүн зонхилж байгаа нь эдийн засгийн хувьд тийм ч таатай зүйл биш юм. Өнгөрсөн нэгдүгээр сард “Шатахууны үнийн өсөлтөөс болж инфляци хөөрлөө” хэмээж байсан бол тэр нь зөвхөн түр зуурын асуудал болохыг Статистикийн хорооныхон онцолж байна. Харин шатахууны үнэ буурчихаад байхад үнэ нь улам өсөөд байдаг махны худалдааг хянах боломж төр засагт байгааг мэргэжилтнүүд хэлэв.
"Улс төрийн тойм" сонин