АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдыг ”байцаав”

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдыг ”байцаав”

УИХ-ын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил хэр байгаа, УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгах эсэх гээд олон асуудал одоо хүртэл шийдлээ олоогүй байна. УИХ дахь намын бүлгүүдийн байр байдлыг харвал шийдэгдэх нь битгий хэл улам сунжирч мэдэхээр байна. Энэ долоо хоногоос хуралдаж эхэлсэн УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан дээр гишүүд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, өөд уруугүй маргалдаад бусад асуудлыг нэг их ойшоохгүй төлөвтэй. Тэд өчигдөр өдөржингөө уг хуулийн төслийг хэлэлцсэн. Мөн л тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм.  УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн санасандаа хүрч, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр авчирсныг эс тооцвол шүү дээ. Гэхдээ Ерөнхий сайд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулсан гээд нааштай үр дүн гарсангүй. Тэрбээр “УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах боломжгүй” гэсэн Засгийн газрын болоод Ардын намын байр суурийг хамгаалсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгдээрээ Ерөнхий сайдаас  “УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах бэлтгэл ажлыг хангаж байна уу. Энэ ажлыг зохион байгуулах уу” гэсэн асуултад хариулт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ердөө “Тийм”, “Үгүй” гэсэн хариултын аль нэгийг л сонсохыг хүсэж байсан юм. Хэрвээ “Үгүй” гэсэн бол тус намын бүлгийнхэн дараагийнхаа арга хэмжээг авах талаараа ярилцах гэж байсан байж ч мэднэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад “Хоёр сонгуулийг хамтатган явуулах шийдвэрийг УИХ 2008 онд хуульчилсан. Энэ хуулийг Засгийн газар  яагаад хэрэгжүүлэхгүй байна” гэсэн асуулт тавьсан. Тэрбээр энэ асуултыг Ерөнхий сайдад тавьж байж хэрхэхээ шийднэ гэдгээ өмнө нь хэлж байсан юм. Харин Ерөнхий сайд “Орон нутгийн хурлын сонгуулийг зургаадугаар сард хийвэл ИТХ-ын бүрэн эрх дөрвөн жилээр дуусгавар болдог зарчим зөрчигдөнө. ИТХ-ыг 3.6 болон 3.8 жилээр сонгоно гэсэн хууль байхгүй. УИХ-ын сонгуулийг 07-20 цагийн хооронд, орон нутгийн сонгуулийг 07-22 цагийн хооронд явуулна. Нэг сонгуулийн санал хураалт дууссан байхад нөгөөх нь үргэлжилж будилаан үүсгэнэ. УИХ-ын сонгуулийн саналыг автомат машинаар тоолно. Харин орон нутгийн хурлын сонгуулийн саналыг гараар тоолно. Хоёр сонгуулийн хэсгийн хороод ч тус, тусдаа байна. Тэгээд ч сонгуулийг зохион байгуулах 4000 төрийн албан хаагч дээр нэмж хүн гаргах боломжгүй. Хоёр сонгуулийг хамтатган явуулахад энэ мэт бэрхшээл үүсэхээр байгаа. Хуулиуд ч зөрчилдөж байгаа” гэв. Түүний тайлбарыг сонссон Ардчилсан намын бүлгийнхэн “УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгавал зохион байгуулалтын ажлыг хүндрүүлэх биш хөнгөвчилнө” гэх зэргээр няцааж байлаа.

Тэднийг ийн маргалдах зуур Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Сонгуулийн ерөнхий хорооныхон “Цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө хэвлэж амжихгүй ч байж мэднэ. Тиймээс үнэмлэх хэвлэж амжихгүй бол хэрхэх вэ гэдгийг хэлэлцэх ёстой. Үнэмлэхийн бэлдэц төлөвлөсөн хугацаанаас14 хоногийн дараа гарахаар болсон. Хэрвээ хоёр сонгуулийг хамтатгана гэвэл саналын хуудсыг хэвлэж амжихгүй” гэж мэдээлсэн юм. Ардын намын бүлгийнхэн  цахим үнэмлэх хэвлэх ажил хойшилж байгаагийн шалтгааныг “Энэ ажлыг хариуцаж байсан Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуягийн буруу. Тэр л ажлаа хаяж явсан” гэж тайлбарласан. Ц.Нямдорж сайд “Цахим үнэмлэхийг хугацаанд нь  тарааж амжихгүй болбол хариуцлагыг нь би хүлээж таарна. Гэхдээ би энэ ажлыг энэ оны хоёрдугаар сард авсан шүү” гэж байлаа. Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав “Одоогийн байдлаар 1000 гаруй автомат машин ирсэн байгаа. Энэ сарын сүүлчээр 600 гаруй нь ирнэ. Автомат машинуудыг туршиж, программ суулгаж байгаа. Программыг нь буруу суулгавал ямар ч сайн сонгууль хийгээд үр дүнд хүрэхгүй” гэлээ. Ардын намын бүлэг, Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хорооныхон энэ мэтээр тайлбарласан ч Ардчилсан намын бүлгийнхэн “Засгийн газарт орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хийх дөрвөн жилийн хугацаа байсан шүү дээ” гээд халгаасангүй. Улмаар “Засгийн газар хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл өргөн баръя” гэсээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм. Үүний дараа УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар, байнгын хорооны гишүүд, ИЗ-НН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, СЕХ, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл хамтран УИХ-ын даргын өрөөнд хэрхэхээ зөвлөлдсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч ээлжит бус хуралдаан зарласан юм. Тус намын бүлгээс энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан талаар өнөөдөр мэдээлэх аж.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж