Бо Силайгийн эхнэрийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Бо Силайгийн эхнэрийг баривчилжээ

Хятадын Чунцин хотын намын даргаас огцорсон Бо Силайгийн эхнэрийг Их Британийн бизнесмений үхэлтэй холбоотой хэрэгт сэжиглэн баривчилжээ. Хятадын хууль сахиулагчид тэдний гэрийн үйлчлэгчийг ч мөн дээрх хэргийн улмаас баривчилсан байна.  Хятадын Коммунист намын нөлөө бүхий гишүүний эхнэрийг гэр бүлийн найз байсан бизнесмен Нейл Хейвудыг хөнөөсөн байж болзошгүй гэж Хятадын телевизээр мэдээлж байгаа гэнэ. Өнгөрсөн сард Бо Силайг огцруулсан нь Хятадад жинхэнэ шуугиан дэгдээсэн юм. Хятадын Коммунист намын элит гишүүдийн нэг Бо Силай үндэстний удирдах дээд  байгууллага Коммунист намын улс төрийн товчооны гишүүн болох магадлал өндөр байжээ. Бо Силайг ирээдүйтэй улс төрч гэж байсан ч Чунцинь хотын цагдаагийн дарга АНУ-ын элчингээс орогнол хүссэн тухай шуугианаас болж өнгөрсөн гуравдугаар сард огцорсон юм. Их Британийн бизнесмен Нейл Хейвудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард зочид буудалд учир битүүлгээр нас барсан байхыг олсон аж. Чунцин хотын цагдаагийн газар бизнесменийн үхлийн шалтгааныг архи хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж мэдэгдсэн ч Их Британийн тал хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг шаардсан билээ.

Нейл Хейвудын цогцсыг тэр даруйд нь чандарласан нь хэргийг улам сэжигтэй болгосон юм. Бо Силайгийн эхнэр мөнгөний асуудлаас болж Нейл Хейвудыг хөнөөсөн байж магадгүй гэж Синьхуа агентлаг мэдээлсэн гэнэ. Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лижунь  өнгөрсөн хоёрдугаар сард Ченду дахь АНУ-ын Консулын газраас орогнол хүсч, Их Британийн бизнесмен зуурдаар нас бараагүй гэж мэдэгдсэний дараа хэрэг дахин сөхөгдсөн юм. Гэвч Ван Лижунийг Хятадын хууль сахиулагчид Консулын газраас тэр даруйд баривчлан хорьсон аж. Маогийн үеийн хувьсгалын баатар Бо Илайгийн хүү Бо Силай 30 сая гаруй хүн амтай Чунцин хотын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш түүнийг Хятадын ирээдүйн удирдагч болно гэх хүмүүс олон байсан юм. Гэвч огцорсноос нь хойш түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг хатуу тэмцэл явуулаагүй гэж хэвлэлүүд шүүмжлэлээр булж байгаа гэнэ. Бээжингийн нэгэн хуульчийн ярьснаар Бо Силай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоо сүлбээтэй байсан  аж. Учир битүүлгээр нас барсан бизнесмен хятад бүсгүйтэй гэрлэж, тэнд олон жил амьдарсан нэгэн гэнэ. Их Британийн стратегийн мэдээлэл зөвлөгөөний компаниас мэдээлснээр Нейл Хейвуд Хятадад бизнес эрхэлдэг гадаадын компаниудад зөвлөгөө өгдөг байсан гэнэ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж