О.Алтангэрэлийг хорьсон нь анхааруулга уу

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

О.Алтангэрэлийг хорьсон нь анхааруулга уу

Өмгөөлөгч О.Алтангэрэл “Үйлч­лүүлэгчийн минь зөв” гэж итгэсээр хоригдов. Ур­­жиг­дархан ажлаа хийхэд нь саад болсон шүүх бай­гуул­лагынханд цухалдан “Шүү­хийг өөрийг нь шүүхэд өгнө” хэмээн ярьж явсан тэр­бээр өчигдөр үүрээр хянагчаар дуу­дуулан сэрж, торны цаанаас өглөөний нарыг үзэх нь тэр. Гэвч зориг нь мохсонгүй. Нийс­лэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах, ба­ривчлах төв байранд хориг­дож буй түүнийг Өм­гөө­лөгчдийн холбооноос мэр­гэжил нэгт нөхөд нь, Ард­чилсан намаас үзэл бод­лоороо нэгддэг найзууд нь эр­гэж очсоор байгаа аж. Өм­гөө­лөгчдийн холбооныхон арав гаруй хоног холбогдох хууль тогтоомжуудыг судалж дүг­нэлтээ гаргачихаад байсан яг тэр өдөр О.Алтангэрэлийг баривчлан хорьсон. Тиймээс ч тэрбээр өчигдөр Хүний эрхийн комисст хандсан юм билээ. Хүний эрхийг хамгаалдаг цо­рын ганц мэргэжил буй. Тэр нь өмгөөлөгч. Гэтэл өм­гөө­лөгчдийн ажил үүргээ гүйцэтгэх, амар тайван аж тө­рөх ч баталгаа байхгүй бол­чихоод байгаа тухай Хүний эрхийн комисст бичихээс өөр арга зам түүнд байсангүй.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өм­нө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ээж, аав хоёроо дуулаад Н.Энх­баярынхаа шоронд орно доо” гэж даапаалан шоудсан удаатай. Ер нь “Монголын шоронд Ц.Нямдоржийг хорино” гэсэн теорем байхгүй гэдэгт бат итгэсэн янзтай байдаг юм билээ. Харин энэ сарын 14-нд болсон шүүх хурлын дараа ХЗДХ-ийн сайд бөөн уур болж “Цагдаагийн дарга нарын өмгөөлөгчдийг хориод байхдаа яадаг юм бэ. Тэднийг хорих юм бол намайг хамт хорьчих” гэж айлгасан. Уг нь тэр нь бяцхан од, өмгөөлөгч О.Алтангэрэлд бөөн завшаан болох учиртай байлаа. Хууль зүйн, дотоод хэргийн сайд өөрийг нь цээжээрээ хамгаалж, бүр хамт хоригдсон ч яах вэ гээд эрх чөлөөгөөрөө дэнчин тавьж байхад баярлах ёстой биз дээ. Гэтэл эсрэгээрээ айлгаж орхив. Аймар хүнээр хамгаалуулна гэдэг айдас дагуулдаг ажээ. Учир нь тэрбээр “Аугаа” Ц.Нямдоржийг танихгүй. Гар барьж ч үзсэнгүй. Зурагтаар л харсан.

Нөгөөтэйгүүр “Аугаа”-ийн на­мын сөрөг хүчний залуусын багт данстай. Намын ах нар ч юу гэж бодох билээ. Нарийндаа бол “зарчим”-ын хувьд Ц.Нямдорж гэнэт цагдаагийн хурандаа нарыг өмөөрч болохгүй байв. Гэтэл азаар гэнэн бацаан шүүх хурлаас татгалзаад, түүнийг нь дэврээж хэдэн минут өмгөөлөгчийг хорьж жүжиг өрнөсөн. Тэсэж суух аргаа олохгүй байсан хашир “матар” мөнөөх “жараахай”-г олзолж, түү­гээр далимдуулан АН-ынханд, про­­ку­­рорынхонд хатуу үг хэлэх бо­ломж­той болов. Өнгөцхөн харахад өмгөөлөгчийг хамгаалсан ХЗДХ-ийн сайд. Өнгийгөөд харвал тэс өөр. Тэрбээр бяцхан одыг хамгаалалтдаа авснаараа прокурорынхонтой, бүр Х.Тэмүүжинтэй хүртэл “дайн зар­лаад”, бас Ч.Сангарагчааг өмөөрөөд авсан.

Олон нийт түүний дуугарахыг тэсэн ядан хүлээж байсныг ч хэлэх үү. Үнэхээр л монгол төрийн төлөө “чөмгөө дундартал” зүтгэж яваа “брэнд” хуульч шударга бу­сыг тэсч чадалгүй тэчьяадахдаа “На­майг хорьчих” гэж хэллээ гэж бодсон байх. Ингээд л өмгөөлөгч О.Алтангэрэл гэдэг залуу Ц.Ням­доржид “ашиглуулчих” нь тэр. Гэтэл О.Алтангэрэл Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоонд данстай, Монголын тэргүүн бая­чуудтай ямар нэг сэжмээр холбоотой бизнес эрхэлдэг, орон орны хэлтэй, олон улсын өмгөөлөгч хүн. Ямар ч байсан тэрбээр “Нямдорж ах намайг хамгаална” гээд хэлээ хазаад тэнэгтээд явахаар хүн биш юмсанж. Энгийнээр харвал шүүх үйл ажиллагаанд хэн ч саад хийх ёсгүй гэдэг утгаараа О.Алтангэрэлийн бу­руу ч байж болох юм. Гэвч “Өм­гөөлсөн, өмгөөлөөгүй энэ хэргийн хувь заяа тодорхой байгаа юм биш үү” гэсэн үг нь гол зурах шиг болсон шүү. Нээрээ өнөөдөр шүүх хурлын өмнө өмгөөлөгч хэнсэн билээ. Хуульд байдгаасаа лав тэс өөр.

Үнэндээ Ч.Амарболд генерал яагаад тэр “хүүхэд”-ээр өмгөөлүүлэх болсон нь ч цаанаа учиртай биз. О.Алтангэрэл бол олон улсын хэм­жээний өмгөөлөгч. Долоодугаар сарын 1-ний хэрэг ч Монголын бо­хир улс төрийн гал тогоонд шударгаар шийдэгдэх нь юу л бол. Ингээд бодохоор өнгөрсөн хугацаанд Хад­галамж зээлийн хоршооны хэ­рэг, авлига, албан тушаалын зарим хэр­гүүд дээр ажиллаж байсан турш­лага нь ч, англи, солонгос, хятад хэл дээр үйл ажиллагаагаа явуулдаг чадвар нь ч хэрэгтэй байсан биз.

Харин улс төрийн үзэл, намын харьяалал зэрэг бол өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хооронд падлийгүй шүү дээ. Гэтэл ясны улстөрч Ц.Ням­дорж улс төр хийхдээ “буруу” намын хүүхдийг ашиглаад, түүгээр дамжуулан прокурорынхонд үгээ хэлж байна гэхээр сонирхолтой дүр зураг харагдаад байгаа юм. Тэр тусмаа Ц.Нямдорж баргийн хүүхэд байтугай том улстөрчдийг ивээлдээ авч сугандаа хавчуулдаггүй хатуу хүн.  Гэнэт тэр “жараахай”-г олзлон өмгөөлөгчийг өмөөрөх замаар хууль ёсыг сануулж, Ч.Сангарагчаагийн хэргийг дурсан байж хэлэх гэсэн үгээ хэлж авав. “Матар хэзээ ч амаа ангайж чаддаггүй” гэдэг байх аа. ХЗДХ-ийн сайдын суудлаас прокурорын байгууллагыг шүүм­жилж, өдөөн хатгана гэдэг үүнтэй яг ижил амаргүй даваа. Харин сэргэлэн “матар”-ын хувьд энэ бол ердөө л “жижиг ажиллагаа” байжээ. Харамсалтай нь үр дүнд нь О.Алтангэрэл “од” болох бус эрсдэлд орчихоод байна. Энэ нь үе тэнгийнх нь мэргэжил нэгтнүүдэд сургамж болж “Хэтэрхий мэргэн жараахайн скандал” нэртэйгээр тэмдэглэгдэн үлдэх биз ээ. 

Дараагийн шүүх хурлыг энэ сарын 16-нд хийхээр товлосон. Экс үйлчлүүлэгчид нь өмгөөлөгчгүй болсон. Харин О.Алтангэрэл Албадан саатуулах, баривчлах төвд өмгөөлөх байтугай эрхээ хасуулчихаад сууж байна. Энэ ямар гээчийн тогтолцоо вэ. Эсвэл улс төрийн хэрэгт хуулийн үүднээс хандаад үзээрэй гэсэн анхааруулгыг мэргэжил нэгтнүүдэд нь өгч байгаа хэрэг үү. Зөвхөн манай сонины хуудаснаа нийтлэл бичиж, үзэл төдийгүй үзэг нэгтэй болсон энэ залуу “Шүүхийн шинэчлэлийн төлөө” зүтгэж эхэлсэн. Дараа нь Ч.Амарболдын өмгөөлөгч гэдгээрээ олон нийтэд танигдаж хоцров. Залуу хүний хувьд энэ шошго бол түүнд гоё капитал байж мэдэх юм. Хамгийн гол нь “Шүүхийг өөрийг нь шүүхэд өгнө”, “Би өмгөөлөхөөс татгалзаж байна” гэсэн түүний анхдагч буюу “пионер” шийдлүүд ирээдүйн карьерт нь эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж