”МАХН олигархиудын ”байгууллага” болсон”

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

”МАХН олигархиудын ”байгууллага” болсон”

Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та МАХН-аас гарсандаа харамсаж байна уу?

-МАХН бол бие даасан улс төрийн нам биш шүү дээ. Тэгээд ч МАХН бол нам биш. Ардын намын эсрэг анти байгууллага төдий л зүйл болоод хувирчихлаа. Ардын нам ¹2 юм уу хаашаа юм. Мөн МАХН-аас УИХ-д нэг ч төлөөлөл байхгүй. Харин манай нам бол парламентад суудалтай нам. Тийм байхад би юу гэж харамсах юм.

-Хамуг Монголын хөдөл­мөрийн нам өнгөрсөн хуга­цаанд нам жим аж төрж байхад МАХН холбоо эвсэл байгуулаад таны хэлж бай­сан улс төрийг хийгээд байгаа юм шиг санагдсан болохоор л тэгж асуусан юм. Та анхнаасаа ийм зорилготой улс төрд хөл тавьсан юм биш үү?

-Биднийг яг ч нам гүм байсан гэж хэлж болохгүй байх. Манай намынхан пар­ламентад байгаа гишүүнээрээ дамжуулж хэлэх гэсэн үгээ дайж байгаа. Бас сонин гаргаж байна. Вэб сайт ажиллуулж байна. Миний хувьд улс төр хийнэ гэдэг нь хаа хамаагүй хүн­тэй очиж найр хийгээд л, эвсээд гадуур дотуур гүй­гээд нэг л их сүр болоод Сүхбаатарын талбайд жагсах биш гэж ойлгодог. Энэ бол ердөө л гудамжны улс төр. Миний хийх гээд байгаа улс төр бол энэ биш. Ямар нэгэн аргаар хэдэн нөхөдтэй нийлж яаж ийж байгаад УИХ-д ороод хахаж цадталаа баяжихыг улс төр гэдэггүй юм. Манай нийгэм улс төрийн намуудын өнөөдрийг хүртэл хийсэн үйлдлүүдийг улс төр юм байна гэж ойлгоод байна. Өнөөдөр монголчуудын улс төр гэж нэрлээд байгаа зүйл нь ердөө л бизнесийн бүлэг­лэлүүдийн үйл ажиллагаа болж хувирсан. Харин улс тө­рийн нам гэгдээд байгаа нь нам нэртэй л болохоос биш уул уурхайн бүлэглэлүүд шүү дээ. Нэг үгээр хэлбэл хонины арьс нөмөрсөн чононууд гэж ойлгох хэрэгтэй.

-Ямар үндэслэлээр та намуудыг уул уурхайн бүлэглэл гэж нэрлэж байгаа юм бэ?

-Ардын нам, Арчилсан нам чинь уул уурхайгаас санхүүжиж амьдарч байгаа байгууллагууд шүү дээ. Бусад нам ч тэднээс ялгаагүй. Жижиг намууд улс төр хийх гэсэн зорилготой бус. Хэн нэгний УИХ-д гарах хэрэгсэл болж байгуулагдсан түүхтэй. Хүмүүс намайг анх нам байгуулахад нөгөө л хэдэн нөхөдтэй ижилхэн, хэнтэй ч хамаагүй сүлбэл­дээд, хэнтэй ч хамаагүй нууцаар уул­заж ашиг хонжоо харсан наймаа хийнэ гэж бодсон юм шиг байна. Би хэзээ ч тэгж явахгүй. Учир нь би улс төрийн намуудын “янхан­далт”-д үнэхээр дургүй. Хар л даа. Зүүний үзэл, барууны үзэл гэдгээ ч ялгахгүй нөхөд эвсэл байгуулаад байгаа нь зүгээр л дайн хийх гэсэн зорилго дор нэгдэж байгаагийн шинж шүү дээ. Ер нь би Монголд улс төрийн нам гэж юу байдгийг анх удаа жинхэнэ утгаар нь мэдрүүлэх гэж гарч ирсэн юм. Тиймээс бүх зүйлийг онолын дагуу хийж байна. Учир нь надад улс төрийн онолын суурь мэдлэг байгаа. Үүндээ би бат итгэлтэй байдаг. Би зүгээр нэг жижигхэн хүсэл мөрөөдөлтэй, хана мөргөөд унах хүн биш. Энэ ч утгаараа “Ар монголд орчин үе үгүй­лэгдэнэ”,  “Хар хайрцагны бодлого”, “Монголын гэрээ” гэсэн гурван ном бичлээ.

-Зүүний үзэл, барууны үзлээ ялгах­гүй нөхөд гэж Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан на­рыг хэлээд байна уу?

-Тийм. Н.Энхбаяр бид зүүний үзлийг баримтална гэж бархираад бай­сан атлаа барууны үзэлтэй Б.Жар­галсайханы Бүгд найрамдах нам, М.Энхсайханы Монгол үндэсний ардчилсан намтай эвсээд байгаа биз дээ. Энэ гурван хүн бол олигархи, Мон­голын том хөрөнгөтнүүд. Түү­нээс биш тэд улстөрч биш. Тэгэхээр тэдний байгуулж буй эвсэл бол оли­гархиудын байгууллага шүү дээ. Ха­рин Монголын нийгэмд мэргэж­лээ­рээ ажиллаад ямар ч амжилтад хү­рэхгүй, боломжгүй болчихсон өрөв­дөлтэй хэсэг хүмүүс тэднийг дагаж нам нэрийн дор нэгдэж, тэдний хөл, гар нь болоод явж байна. Түүнээс биш энд нэг их нарийн ширийн зүйл яриад, нам гээд байх зүйл байхгүй. Манай нам дээрх эрхмүүдийн намын хажууд парламентад суудалтай, на­мын санхүүжилт гэж авдаг юм шүү.

-Эрх баригч хоёр намын хоо­ронд үл ойлголцол үүссэнээс болж Мон­голын улс төрийн амьдрал бу­цалж байна. Та хөндлөнгийн ажиг­лагчийн хувьд энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Одоогийн Ардын намынхан хуучин нэрээ сэргээх гэж байх үед энэ намыг хоёр хуваахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж би өөрийгөө боддог.  Тухайн үед МАХН-ынханд би “Ардын намд танай олигархиуд үлдлээ. Шинээр төрсөн МАХН-д танай жинхэнэ уугуул гишүүд үлдэж, зүүний чиглэлээр баримталж байна” гэж хэлж байсан. Одоо Ардчилсан нам ингэж хуваагдах хэрэгтэй. Оли­гархиудаасаа салаад эрүүл хэсэг нь тусдаа гараад улс төрийн нам байгуулах хэрэгтэй. Энэ бол миний нэг зорилго. Үүнийг үргэлж хүсэж явдаг. Монголыг ардчилсан улс бол­гох гээд байгаа юм бол уул уурхайн олигархиудаас салгаж хүсэл эрмэлз­лэлтэйгээр ажиллах хэрэгтэй биз дээ. Өнөөдөр Монголын нийгэмд ардчилал байна уу. Ардчилсан намынхан сөрөг хүчнийхээ үүргийг сүүлийн хэдэн сар хийхээр шийдсэн юм шиг байна. Уг нь бол анхнаасаа “Хамтарсан Засгийн газарт орохгүй” гээд л сөрөг хүчнийхээ байр суурийг баримтлаад явчихсан бол энэ гурван жил ямар их зүйлийг бүтээн байгуулах байв. Гэтэл найзан дундаа явчихаад сүүлийн хэдэн сар үндсэн ажлаа хийнэ гээд байгаа нь парламентыг доромжилж байгаа нэг хэлбэр. Тухайлбал, Ч.Сай­ханбилэг өнгөрсөн гурван жил сөрөг хүчний бүлгийн дарга байсан бол өнөөдөр мандах ёстой байлаа. Гэтэл гурван жил дуугай явж явчихаад өнөөдөр юу гээд байгаа юм. С.Энхбат, С.Оюун, З.Алтай гурав ч гэсэн юу ч хийсэнгүй шүү дээ. Яах гэж парламентад орж ирсэн юм. Зүгээр л наймаалцах гэж орж ирсэн юм биш үү.  Ардын намын хувьд бол бүр ярих юм байхгүй. Тэд бол улс төрийн зорилго ч үгүй, онол ч үгүй болсон хэсэг хүмүүсийн бөөгнөрөл. Ийм л улс төр мэдэхгүй, улс төрийн амин сүнсгүй, зүрх сэтгэлгүй хүмүүс гурван жил хуйвалдаад Монголын төрийг төр биш болгочихоод байна. Улс орноо хөгжүүлэхийн оронд бүгд л мөнгө бодож байна шүү дээ.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг та судалж үзэв үү?

-Ерөнхийд нь харсан. Холимог системийг хэрэглэх гэж байгаа нь намуудыг тодруулж гаргаж ирэх гэсэн нэг авууштай тал юм. Өөрөөр хэл­бэл, иргэдийн парламентад гарч ирээсэй гэж хүсдэг намууд пар­ламентад гарч ирэхгүй байж магад­гүй гэсний үүднээс нэмэлт боломжийг сонгогчдод өгдөг ард­чил­сан сонгууль явуулах нэг за­р­чим юм. Ийм жишээ Япон, Герман зэрэг хөгжилтэй орнуудад бай­даг л даа. Улс төрийн намууд нь тө­лөвш­чихсөн, хөгжчихсөн тийм газар хэрэгжүүлэхэд их боломж олго­сон хууль. Ер нь бол Германы л хуулиас хуулбарласан гэж УИХ-ын гишүүд хэлж байсан санагдаж байна. Харин хуулбарлахдаа зөв ор­чуулсан уу, үгүй юү гэдэг л байна.  Нөгөөтэйгүүр, манай улс төрийн намуудын төлөвшил ямар билээ. Намд нь олигтой улстөрч байгаа билүү. Ийм байхад намын нэрээр бул­хайтай этгээд, хэн ч танихгүй нөхөд мөнгө төлөөд парламентад орж ирж суух цоорхой бий болчихоод байна уу даа. Гэхдээ яах вэ, харж л байя.

-Үнэхээр намын нэрэн дор нууг­даад хэн ч таньж мэдэхгүй нэгэн УИХ-д гараад ирвэл хүмүүс гайхах л байх. Гэхдээ үүний тулд на­мын дарга, удирдлагууддаа нэ­лээд тал засах хэрэгтэй болох байх. Ингэхээр намын даргыг та­хин шүтэх ёс дэлгэрэх юм шиг ээ. Гер­манд яг тийм байдаг гэсэн. Хэрэв Мон­голд тийм байдал үүсвэл яах вэ?

-Герман бол манай улстай харьцуу­лахад улс төрийн өндөр соёл­той улс. Тэр ч үүднээс эрх баригч намынх нь даргын ганц алдаанаас бо­лоод намынх нь нэр хүнд унах нь амархан байдаг. Тухайлбал, Герма­ны Канцлер Ангела Меркель намынхаа Ерөнхийлөгчийг аваад үлдэж чадаагүй л биз дээ. Тэгэхээр тэнд ямар ардчилал байгаа нь хараг­даж байгаа биз дээ. Харин манайд яах байсан бол гэдгийг бодох л хэ­рэгтэй.

-УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулахаар болсон нь намуудад боломж олгож байгаа нэг хэлбэр гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрч байх шиг байна. Тэр ч үүднээс та УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа биз дээ?

-Нэгэнт улс төр хийнэ гэж намын дарга болсон хүн чинь парламентад орохын төлөө зүтгэх нь мэдээж. Тиймээс ч парламентын халуун то­гоонд нь орж сөрөг хүчнийхээ үүр­гийг биелүүлэн сонгодог замаар явах ёстой гэж боддог юм. Хамгийн гол нь сонгууль хугацаандаа болох ёстой. Түүнээс биш долоо­дугаар сарын 1 ч юм уу, улс төрийн дуулиант хэргүүдээс болоод хойш­логдох ёсгүй. Монголын ард түмэн сон­гуулийг маш сайн анхаарах хэрэгтэй.

-Та долоодугаар сарын 1-тэй холбоотой үүсээд байгаа асуудлыг сонгуулийг хойшлуулах гэсэн нэг улс төрийн шоу гэж үзээд байгаа юм уу?

-Тийм. Энэ бол иргэдийн анхаар­лыг өөр тийш нь саринаах гэсэн л нэг улс төрийн шоу шүү дээ.  Тэгвэл гурван жил гаруйн хугацаанд юу хийж байсан юм. Гэнэт одоо яагаад энэ хэргийг сөхөх болов гэдэг нь сонин байгаа биз дээ. Тухайн үед төрийн өндөр албыг хашиж явсан хүмүүсийг гэрчээр дуудаж байна гэж юу яриад байгаа юм бэ. Тэдний хэн нэгэн нь алдсанаас болж ийм хэрэг үүссэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Хэрэв тэдний нэг нь алдсан бол доод тушаалынхаа хүнд нөлөөлөх замаар алдааны сүлжээ үүссэн юм биш үү гэж би олон хэлсэн. Хүнийг буудна гэдэг чинь урьд нь хүн буудаж байсан туршлагатай хүний л хийх ажил. Түүнээс биш зүгээр нэг цагдаа анх удаа гараа салгалуулж байгаад хүн буудаагүй ч юм билүү хэн мэдэх вэ. Урьд нь хаана хүн буудаж байсан нөхдөөр дөрвөн хүнийг буудуулсан юм. Манайд ингэж их хүн буудаж бэлтгэгдсэн ямар хүмүүс байна вэ гэдгийг ч судлах ёстой байсан. Магадгүй гадаадынхнаар зохион байгуулалттайгаар буудуулсан юм биш биз дээ.

-Үүнээс болоод шүүх, про­курын байгууллага цагдаагийн байгуул­лагын хоорондын үл ойл­голцол их гарч байна. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Олигархиуд төрийг төр биш болгочихсон энэ үед цагдаа хүртэл төрийн ажлаа хийхгүй байна. Ийм байхад яаж амьдрах юм бэ. Энэ олигархиуд, эдийн засгийн “алуурчид”, ком­паниудын ноёрхол Монголыг төргүй болгож байгаагийн нэг илрэл. УИХ-ын гишүүн Х.Баттулга нэг компанийн нэрийг дурьдаад “Энэ компани даварч байна” гээд байгаагаас харахад бид чинь компанийн удирдлага дор явдаг улс болчихоод байгаа юм биш үү. Дэлхийн аль ч оронд төр нь ком­паниудынхаа дээр байдаг. Гэтэл манай төрийн сайд нар, УИХ-ын гишүүд эсэргээрээ компаниудынхаа эрх ашигт үйлчлээд байна. Цагдаа нар ажлаа хийхгүй байгаагийн цаад шалтгаан нь ч олигархиудын хүсэл байж магадгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж