Нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан намынхаа даалгаврыг Л.Амарсанаа ил цагаанаар хэрэгжүүлээд эхэллээ. Хэд хоногийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн З.Энхболдын өөдөөс “УБЕГ-т бүх зүйл хэвийн байгаа. Санаа зоволтгүй, гишүүн гуай.”хэмээн адарч байсан тэрбээр тэр үед худлаа ярьсан байжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар очсоноосоо хойш сонгуулийн бэлтгэлийг хангах, иргэдийг цахим үнэмлэхжүүлэх нэрийн дор Ардын намын ялалтын төлөвлөгөөг зугуухан ажил хэрэг болгож байна гэдэг хардлага АН-ынханд байсан нь үнэнээс хол зөрөөгүй байж. Одоо шууд л ингэж ойлгогдож байна. Уржигдар орой хэд хэдэн хэлтсийн даргаа оройн цагаар, Хүүхдийн урлан бүтээх төвд аваачиж байгаад ажлаас нь халав. Дураараа дургихад нь тэднийг саад болж магадгүй гэж тооцсон уу, эсвэл намаас томилогдож ирэх “сонгуулийн мэргэжилтэн” дараагийн хүний суудлыг ийм аргаар зэхэв үү. Эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргаар ажиллаж байгаад халагдсан Л.Чантуулодой “Монгол Улсад бүртгэлээр дамжуулж хууль бус үйл ажиллагаа явуулах, улмаар сонгууль хууль бус болох үйл ажиллагаа болж буйд харамсч байна. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд холбогдох газарт хандана.” хэмээн хэвлэлд ярьжээ. Бас Л.Амарсанаагийн тушаалаар халагдсан Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг ч УБЕГ хавиар болж байгаа иймэрхүү бусармаг зүйлийн талаар ярьсан байсан. УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу СЕХ-той хамтарч сонгуулийг зохион байгуулах нэг субъект нь Улсын бүртгэлийн газар. Гэтэл сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, сонгуулийн хугацаанаас өмнө иргэдэд цахим үнэмлэх тараах их ажлын үеэр ингэж бүтцийг нь өөрчилсөнд тус газрынхан ихээхэн дургүйцэж байгаа аж. УБЕГ-ын төв байрыг төсвийн хэдэн зуун сая төгрөгөөр өнгөрсөн өвөлжингөө зассан. Гэвч ингэх хэрэггүй байж. Энэ байр одоо хоосорч, ажилтнууд нь ширээ, сандлаа дүүргүүд рүү ууртай нь аргагүй зөөж эхэлжээ. “Бичиг цаасны хажуугаар баахан нүүдэл суудал хийлгэсэн энэ Амарсайханыг яах вэ” хэмээн өөр хоорондоо бухимдаж байгаа сурагтай. Ажилтнуудынх нь иймэрхүү уур уцаар бүр дүүрсэн гэхэд түүний “буянаар” иргэд одоо бас хонон өнжин баахан бужигнах нь дээ. Одоо бол санаа зовж байна шүү.Л.Амарсанаа дарга аа.
Н.МӨНХТӨВШИН