Дахиад л махны үнэ “гай” болов

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Дахиад л махны үнэ “гай” болов

Дэлгүүрт өрнөсөн яриа. Жаахан хүү мөхөөлдөс авахаар мөнгөө худалдагчид өглөө. Лангууны цаанаас цухуйхтай үгүй шахам харагдах жаал хүүгээс худалдагч ийн асууж байна.
-За, юу авах гэсэн юм?
-Шокалад.
-Мөнгө чинь хүрэхгүй юм байна.
-Тэгвэл мөхөөлдөс авья. Мөхөөлдөс хэд вэ?
-Мөхөөлдөс 250 төгрөг.
-Өө, уржигдар би 200 төгрөгөөр л авсан ш тээ.
 -Юмны үнэ өдрөөс өдөрт өсч байгааг мэдэхгүй байна уу?
…Хүү юу ч дуугарсангүй. Дэлгүүрт бөөн баяр хөөр орж ирсэн хүүгийн урам нь хугарсан бололтой, чимээгүйхэн гарч одсон. Тэр хүү яагаад юмны үнэ өсөөд байгааг, идэх дуртай мөхөөлдөснийх нь үнэ өссөн шалтгааныг ойлгохгүй л дээ.

Зах дээр өрнөсөн яриа.  Настайвтар эмэгтэй мах авахаар бүх лангуун дээр очиж, үнийг нь сонирхох. Үнэндээ тэр авах махаа шилж, голоод яваа  байгаа юм биш, үнэ хямдтайг нь эрж, хайж байгаа бололтой харагдсан.

-Үхрийн мах хэд вэ?
-8500 төгрөг.
-Өө, ямар үнэтэй юм  бэ. Зурагтаар махны үнэ буурсан гэсэн нь худлаа л байж дээ?
-Буураагүй шүү дээ. Малчид малаа зарахгүй байхад яаж махны үнэ буурах вэ.

…Эмэгтэй, юу ч юм амандаа үгэлсээр махаа ч авалгүй гарч одсон. Яагаад махны үнэ өсөөд байгааг тэр сайн мэдэж байгаа. Магадгүй тэр махны ченжүүдийг буруутгаж байгаа байх л даа. Үнэндээ махны үнэ сараас сард, өдрөөс өдөрт өсч байгаа нь худлаа биш. Монголын эдийн засаг дахь үнэд нөлөөлдөг гол бүтээгдэхүүн бол мах тэгээд шатахуун. Өнөөдөр махны үнэ нэг килограмм нь хамгийн багадаа л гэхэд 6000 мянган төгрөг давчихаад байгаа шүү дээ.

Инфляци сарын дотор 2.2 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монголын нийгэм, макро эдийн засгийн болоод бусад салбарын үзүүлэлтийг сар тутам гаргаж, сэтгүүлчдэд танилцуулдаг уламжлалынхаа дагуу төрсөн эх, өвчилсөн хүмүүс, тэтгэвэр тэтгэмж хүртсэн иргэд, за тэгээд бүр макро эдийн засаг дахь гол, гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн талаар тоон мэдээллүүдийг өгөв.  Гайтай махны үнээс болоод инфляци өмнөх сараас 2.2 хувиар өссөн гэнэ.  Сарын дотор инфляци 2.2 хувиар өсч байгаа нь дэлхийн жишигтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэсэн. Бусад орнуудын инфляцийг сараар тооцоход 0.5 хувиас доогуур байгаа аж. Тэгэхээр Монгол Улсын инфляци бусад орнуудынхаас  нэг сарын дотор дөрөв өндөр байна гэсэн үг. Ер нь статистикийн мэдээ, тооцоо, судалгаа гэлтгүйгээр хар ухаанаар бодоход инфляци ийм өндөр гарах нь ойлгомжтой. Хайрцаг шүдэнз 50 төгрөг, ширхэг чихэр хүртэл 100 төгрөг болчихоод байхад, аргагүй ч биз дээ.

Зурагтаар өдөр бүр гардаг танил “ах” нар маань эдийн засгийн өсөлтийн тухай бахархангуй мэдээгээр толгой угаана. Цаашлаад, зурагтын мэдээ Ц.Нямдорж, Х.Баттулгын маргаанаар үргэлжилж, дуусахдаа махны үнэ тэнгэрт хэрхэн хадаж байгаа талаарх сурвалжлагаар өндөрлөх болжээ. Засгийн газар сонгуулиар гайгүй үнэлгээ авчих санаатай дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 мянгад хүрнэ л гэх. Цалин тэтгэврийг дахиад нэмнэ л, сая сая төгрөгийг удахгүй тараана л гэх. Мэдэхгүй ээ, цалинг хоёрдугаар сарын 1-нээс тооцож нэмэхээр болсон  мэдээлэл гарангуут л талх, махны үнэ нэмэгдсэн. Цаашлаад Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар болонгуут л орон сууцны үнэ метр квадрат тутамдаа 200-300 мянган төгрөгөөр өсчихсөн шүү дээ. Тэгэхээр халаасанд маань орж ирэхгүй тэр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр нь яах ч юм билээ.

Ажилгүй иргэдийн тоо сард 10 мянгаар нэмэгджээ

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны гуравдугаар сарын эцэст 50 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.3 мянгаар өсчээ. Жилийн дотор ажилгүйчүүдийн тоо 10 мянгаар нэмэгдэж байгаа нь анхаарал татах сэдэв биш гэж үү. Ажилгүй иргэдийн тоо жилээс жилд өсөөд байвал, хоёр жилийн дотор 32-оос 39 хувь хүртлээ өссөн ядуурал яаж тэлэх ньтодорхой. Ядахад удахгүй Монголын олон өрхийн амин зуулга болсон 21 мянган төгрөгийн өглөгөө төр зогсоохоо аль хэдийн мэдэгдчихсэн. Яахав ээ, бас улсын маань төсөв ашигтай гарсан бололтой юм. Гэхдээ улсын төсөв ашигтай гарлаа, эдийн засаг өндөр үзүүлэлттэй гарлаа гээд энгийн бидэнд ямар хүртээлтэй юм биш. Ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал өсч, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, сардаа авдаг цалин маань амьдралд хүрэлцэх нь өдрөөс өдөрт багасаад байна шүү дээ.

Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгийн хэлснээр хүнсний бараа бүтээгдэхүүний талаас илүү хувийнх нь үнэ өсчихөөд байгаа гэсэн. Иргэдийн иддэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэтэй бол ярилтгүй юм билээ.  Харин гадаад худалдааны алдагдал 145.9 сая ам.доллар хүрсэн нь ерөнхийдөө нүүрсний экспортоос болдог гэсэн шүү.
 

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж