“Загийн гол” нэгдэл шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

“Загийн гол” нэгдэл шалгарав

Засгийн газраас өнгөрөгч оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хамгийн олон ажлын байр шинээр бий болгосон аж ахуй нэгжүүдийг шалгаруулах уралдаанд Баянхонгор аймгийн “Загийн гол” нэгдэл шалгарсан байна. Заг сумын иргэд өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөгөө хувь нийлүүлэн 1400 гишүүнтэйгээр “Загийн гол” нэгдэл хувьцаат компани байгуулсан билээ. Тус компани байгуулагдсанаар хөдөөгийн малчин иргэд хөдөлмөрөө хоршин нэгдэж, ажилгүйдлийг бууруулах, сумын төвийн өрхийн орлогогүй иргэдийн амьжиргааны нэг гол их үүсвэр болж байгаа ажээ. 2011 онд Заг сумд л гэхэд 60 гаруй ажлын байр шинээр бий болгосон байна. Хөдөлмөрөө хоршиж орлогоо нэмэгдүүлж буй иргэд 2500 га газарт байгалийн хадлан хадаж, 30 га-д төмс хүнсний ногоо тариалж нийт 250 гаруй тонн ургац хураажээ. Мөн 143 мянган чацаргана тариалсан байна. Ийнхүү өөрсдийн нөөц боломжоо дайчлан шинэ ажлын байр олноор нэмэгдүүлэх, ажилчдынхаа нийгмийн хамгаалалыг сайжруулахад идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, аж ахуй нэгж байгууллагуудыг үлгэрлэж, манлайлсан амжилтыг нь үнэлж Засгийн газраас “Загийн гол нэгдэл” хувьцаат компаниийг хүндэт өргөмжлөл, 800 мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Загийн голийн жишгээр Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал, Эрдэнэцогт зэрэг дөрвөн сум иргэдийн оролцоотой, хувьцаат компаниуд байгуулагдан, сум орон  нутгийнхаа онцлогт тохирсон үйлдвэр үйлчилгээ явуулж эхэлжээ. Энэхүү ажлын эхлэлийг “Мон лаа сан” тавьж, хөдөөгийн иргэдэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад дээрх сумын иргэд талархаж байна.

Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж