Сонгуулийн хуулиар зөвлөлдөхөөр болов

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулиар зөвлөлдөхөөр болов

УИХ-ын
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ, орон нутгийн
сонгуулийн хуулийг зэрэг явуулах, салгаж хийх талаар АН, МАН-ын
бүлгийнхэн тус тусын байр суурийг хамгаалж гурван цаг орчим мэтгэлцэв.
Түрүүчийн долоо хоногийн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын
байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн зүгээс Ерөнхий сайдаас асуулт
асууж хариулт авах санал гаргасны дагуу өчигдөр Ерөнхий сайд С.Батболд
хуралдаанд оролцлоо. АН-ын бүлгийн гишүүдийн хувьд Ерөнхий сайд
Сонгуулийн хууль хэрэгжүүлэх ажлаа хийхгүй байна гэж өмнөх хуралдаан
дээр шүүмжилцгээж байсан юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Ч.Сайханбилэг өчигдрийн хуралдаан дээр хоёр сонгуулийг хамтатган явуулах
талаар 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд УИХ-аас гаргасан хуулийг
хэрэгжүүлэх талаар яагаад Засгийн газар ажиллахгүй байгаа тухай Ерөнхий
сайдаас асуусан юм. Ерөнхий сайд С.Батболд хууль эрх зүйн орчин болон
зохион байгуулалтын хүндрэлүүд байгаа талаар тайлбарлалаа.

Ерөнхий
сайдын хариултын утгыг тоймловол “Хууль эрх зүйн талаасаа бол УИХ-ын
сонгуулийг зургадугаар сарын сүүлээр ажлын өдөр хийнэ гэж шинэ хуульд
заасан. Харин орон нутгийн сонгуулийн тухайд аравдугаар сард амралтын
өдөр явуулдаг. Тэгээд ч орон нутгийн сонгуулийг зургадугаар сард хийвэл
дөрвөн жилээр ИТХ-ыг сонгодог зарчим зөрчигдөнө. ИТХ-ыг 3,6 жил, 3,8
жилээр сонгоно гэж хуульд байхгүй. УИХ-ын сонгуулийг 07-20 цагийн
хооронд, орон нутгийн сонгуулийг 07-22 цагийн хооронд явуулна. Ингэхээр
нэг сонгуулийн санал хураалт дууссан байхад нөгөө нь үргэлжилж будилаан
үүсгэнэ.

Зохион байгуулалтын талаасаа бол УИХ-ын сонгуулийг
иргэний цахим үнэмлэхээр автомат тооллогын машинаар явуулна. Орон
нутгийн сонгуулийн саналыг гараар тоолно. Хоёр сонгуулийн хэсгийн хороод
тус тусдаа. Тэгээд ч сонгуулийг зохион байгуулах 4000 төрийн албан
хаагч дээр нэмж хүн гаргах боломжгүй. Ганц Баянзүрх дүүргээр жишээ
авахад УИХ-ын сонгуулийн гурван мандат дээр улс төрийн намуудын 18-24
нэр дэвшигч, мөн иргэдийн Хуралд нэр дэвшигч олон хүн, нийт 60 гаруй нэр
дэвшигчээс сонгогчид сонголт хийж, нэг сонгогчийн зарцуулах хугацаа
бараг дөрөв тав дахин уртсах тул сонгууль цагтаа багтаж дуусах эсэх нь
эргэлзээтэй болно. Хоёр сонгуулийг хамтатган явуулахад энэ мэт бэрхшээл
үүсэх тул Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бичиг явуулсан. УИХ-ын
гишүүн Д.Лүндээжанцан нарын, мөн гишүүн З.Энхболд нарын өргөн барьсан
хуулиудыг төслийг хэлэлцэх ёстой” гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч,
УИХ-ын сонгуулийг төрийн сонгууль гэж үзэж СЕХ зохион байгуулдаг бол
орон нутгийн сонгууль төрийн сонгуульд ордоггүй, орон нутгийн өөрөө
удирдах ёсны сонгууль бөгөөд СЕХ зөвхөн мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх
эрхтэй юм байна. УИХ-ын сонгуулийн үеэр зохих хугацаанд иргэний шилжижлт
хөдөлгөөнийг зөвшөөрдөг бол орон нутгийн сонгуульд үүнийг
зөвшөөрдөггүй, зөвхөн байнгын оршиг суугчид оролцдог зэрэг ялгаатайг
хэллээ. Ч.Сайханбилэг гишүүн мөн өчигдөр орой УБЕГ-т болсон халаа сэлгээний талаар сонирхсон юм.

Ерөнхий
сайд С.Батболд энэ талаар хариулахдаа “УБЕГ дотроо зохион байгуулалт
хийх талаар өмнө нь сонсч байсан. Хамтарсан Засгийн газрын үед яригдсан
асуудал. Тэр үед явж байсан ажлууд шийдлээ олж үргэлжилж байгаа. Огт
шинээр хууль эрх зүйн зохицуулалт хийгээгүй. Хамтарсан Засгийн газрын
гавьяа нь МАН-ынх, гай нь АН-ынх гэж хэлэхгүй. Бас хамтарч эхлүүлээд
үргэлжилж байгаа ажлын гайг дангаараа хүлээхгүй” гэж байлаа.

Үүний
дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Орон нутгийн Хурлын
бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж байна. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын
бүрэн эрх долдугаар  сарын 1-ний үйл явдал, олимп гэсээр 2008 оны
наймдугаар сарын 28-наас хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ УИХ-ын бүрэн эрх
бас тэгж дуусна гээд суугаад байж таарахгүй. УБЕГ-т 2008 онд бүтцийн
өөрчлөлт хийсэн. Түүнийг зөв гэж үздэг. Гэтэл сонгууль болохоос хоёрхон
сарын өмнө төрийн албан хаагчдыг хоморголон халаад байгааг юу гэх вэ.
Дахиж ямар космтетик засвар хийх гээд байгаа юм” гэж Ерөнхий сайдаас
сөргүүлэн асуусан юм. Ерөнхий сайд С.Батболд “Сонгууль дөрвөн жилд нэг
удаа болдог практикийг хэлж байна. УИХ-ын сонгууль дөрвөн  жил тутамд
зургадугаар сарын сүүлээр болдог зарчим алдагдаж байгаагүй. Түүнийг хэлж
байна” гэхчлэн мэтгэлцэв. Сонгуулийн хугацааг хойшлуулах санал зарим
гишүүнээс гарч буй ч Сонгуулийн хуульд санал хураахаас зургаан сарын
өмнө гар хүрдэгүй зарчмаар тэр асуудал бүтэхгүй юм байна.

Хурлын
үеэр мөн цахим үнэмлэх, санал тооллогын автомат машины талаар ч
хөндөгдлөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж иргэний цахим
үнэмлэхийг зургадугаар сарын 11-нд хэвлэж дуусаад хөдөөд зургадугаар
сарын 15, хотод зургадугаар сарын 21-ний дотор тарааж дуусна гэдэг нь
бараг секундээр тооцсон график. Гэхдээ сүүлийн үед бэлдэц ирэх, хэвлэж
дуусах хугацаа 14 хоногоор хойшилж болзошгүй талаар мэдээлэл гарах
болсон нь түгшүүр төрүүлж байна. Хэрэв ингээд цахим үнэмлэхийг хугацаанд
нь  тарааж амжихгүйд хүрвэл хариуцлагыг хамгийн түрүүнд би хүлээж
таарна. Гэхдээ би энэ ажлыг энэ оны хоёрдугаар сард авсан шүү” гэж
байлаа. Иргэний цахим үнэмлэхийн эхний 6000 бэлдэц уржигдар иржээ.

СЕХ-ны
дарга Н.Лувсанжавын хэлснээр автомат машинуудыг туршиж байгаа бөгөөд
программ суулгаж буй аж. Программыг буруу суулгавал ямар ч сайн сонгууль
хийгээд үр дүнд хүрэхгүй гэлээ. Энэ асуудлаар ирэх долоо хоногийн даваа
гаригт УИХ-ын гишүүн Д.Энхбат мэдээлэл хийх бөгөөд IТ талын мэдлэг
сайтай хэмээн автомат машины талын асуудлыг гишүүд түүнд даатгажээ.
Мэргэжилтнүүд ирсэн мянга гаруй машинд үзлэг хийж программ суулган
гэрчилгээжүүлэх юм байна. ТЕГ, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо
компанийнхан хамтарч байгааг хэллээ. Машинд хэрэглэх тусгай нягтралтай
цаасыг Канадаас авахаар болжээ. 

Гишүүд ийнхүү мэтгэлцсээр эцэст
нь Засгийн газар хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэн гишүүн
Д.Лүндээжанцан,  З.Энхболд нарын санаачилсан хуулийн төслийн зэрэгцээ
Засгийн газраас хуулийн төсөл өргөн барих, УИХ дахь хоёр намын бүлгийн
дарга нар, байнгын хорооны гишүүд, гишүүн Д.Энхбат, бие даагч гишүүн
З.Алтай, СЕХ, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл хамтран УИХ-ын
даргатай уулзаж, талууд хамтарч суугаад хоёр сонгуулийг хэрхэн явуулах
асуудлаар зөвлөлдөхөөр боллоо.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж