-7 сарын 1-ний хэрэгтэй холбоотой тэмдэглэлийн дэвтрийн эзнийг та АТГ- т ажилд оруулж, тушаал дэвшүүллээ. Том амжилт шүү?
-Гэрчийг хамгаалах тогтолцоо, хөтөлбөр байхгүй болохоор хамгийн аюулгүй байж болох газар тэр хүнийг аваачиж өгөх ёстой. Тэр хүн гэр хороололд амьдардаг, жирийн цагдаа. Цагдаагийн хурандаа нар шиг үнэтэй хауст, цагдаа нараар хамгаалуулж суугаа биш. Тиймээс тодорхой хэмжээгээр хамгаалалтад авах ёстой гэдэг үүднээс ийм арга хэмжээг авсан. Одоо хэн гэдэг, хаана ажилладгийг нь зарлачихлаа. Өширхсөн хэн дуртай нь ямар ч арга хэмжээ авахад бэлэн болгож, ил гаргаж өгч байна шүү дээ.
-Хамгаалахын тулд АТГ-т ажилд оруулсан гэж үү?
-МАН сонгууль будлиантуулсан хүнийг албан тушаалаар шагнаад явуулдаг юм билээ. Би авлига авсан хүнийг албан тушаалаар шагнаж явуулаагүй. Бодит үнэнийг хэлсэн ч гэлээ дарга болгоогүй. Зүгээр л жолоочоор ажиллуулж болохгүй гэж үү. Амь насанд нь аюул занал учирч болох гэмт хэргийн гэрч болох хүнийг жолоочоор ажилд оруулсны төлөө ямар их айж, бухимддаг хүмүүс вэ. Дөрвөн хүн алчихаад, шүүх хурлаа хийлгэхгүй, эмнэлгийн сэхээнд очсон хүмүүсийн тухай ярьж чадахгүй байж, энэ хүнтэй барьцаж болохгүй л дээ.
-Ажлаасаа халагдаад л таныг бараадсан гэсэн биз дээ?
-Монгол Улсад гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо байхгүй, түүнийг мэддэг хүмүүс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэрчийн нэрийг зарлаж, зургийг олон нийтэд дэлгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл яаж дарамталж, шахаж болдгийг харууллаа. Энэ мэт дарамтад байгаа хүн шүүх хуралд оролцож, гэрчийн мэдүүлэг өгнө гэдэг маш их зориг шаардсан явдал. Мөн тэр хэмжээгээр эрсдэл дагуулах байх даа. Т.Төмөрхуяг 2011 оны 11 дүгээр сарын 21-нд архи ууж, цагдаагийн байгууллагаас халагдсан. Халагдсаныхаа дараа Х.Тэмүүжинд тэмдэглэлийн дэвтрээ аваачиж өгсөн. Түүгээр нь Х.Тэмүүжин шоудаж байна гээд байгаа.
-Таны зохиосон шоу биш гэж үү?
-Өдрийн тэмдэглэл, сум, хонгио зэргийг 2010 оны зургаадугаар сард авч ирж өгсөн. Баримтууд нь ч бий. Хэрвээ асуудал хүндэрвэл би гаргаад ирж болно. Тухайлбал, Төрийн ордонд сум оруулахын тулд хамгаалалтын албанд протоколдож, бүртгэж оруулдаг. Хэн гэдэг хүн хэзээ, хаана УИХ-ын ажлын хэсэгт баримт оруулж өгсөн бэ гэдэг нь баримтаар бүртгэгдчихсэн. 2010 онд авч ирж өгөх үед л цагдаагийнхан мэдсэн. Тухайн үед цагдаагийн ар гэрийнхэн утсаар «Наадахаа больчих, тэгж, ингэж хэлээч» гэж дарамталж байсан. Цагдаагийн удирдлагууд хүртэл «Чиний мэдүүлэг арай өөр болчихож. Түүнийгээ засаад өг» гэх зэргээр шахаж, дарамталж байсан шүү дээ. Ингэж эхэлсэн болохоор жил хагасын хугацаанд нэлээд дарамталсан. Хамгийн сонирхолтой нь 2011 оны 11 дүгээр сарын 20-нд Т.Төмөрхуягийг хөдөлгөөнт эргүүлийн машин барьдаг байх үед нь цагдаагийн хоёр офицер ирээд хамт архи уусан. Ингээд архи уусан гэх шалтгаанаар Т.Төмөрхуяг ажлаас халагдсан. Гэтэл нөгөө хоёр офицерийнх нь нэг хуучин ажлаа хийгээд, нөгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын жолооч, туслах хийгээд л явж байна.
-Хэн гэдэг, ямар цолтой хүмүүс юм бэ. Та тэдэнтэй хамт архи уусныг нь яаж мэдэж байгаа юм бэ?
-Цолыг нь сайн мэдэхгүй. Ганболд, Оюунбат гэдэг хүмүүс л гэсэн. ЦЕГ-аас тухайн үед гурван хүн архи уужээ. Хэн, хэн бэ, ямар арга хэмжээ авсан бэ гээд асуувал мэдэгдэх байх. Арга хэмжээ авсан тушаал нь байгаа биз. Жирийн цагдааг ажлаас халж болдог. Офицерийг яагаад болдоггүй юм бэ. Тэгж яривал ёс зүйн хувьд офицер нь цагдаагаа манлайлж архи ууна гэдгээрээ илүү хариуцлага хүлээх ёстой. Цагдаагийнхан шахаж, хавчих муу аргадаа мэргэшсэн учраас Т.Төмөрхуягийг дээрх байдалд оруулж халсан юм байна гэж би ойлгож байгаа. Офицеруудтайгаа архи уугаад сууж байдаг энгийн цагдаа гэж байх уу, бодоод үзээрэй.
-Та Т.Төмөрхуягийг дарамталж байсан гээд байна. Гэхдээ цагдаагийнхан аль 2010 оноос мэдсэн юм чинь одоогийнх шиг олон нийтэд зарлахгүйгээр ямар нэг муу зүйл хийж болох байсан юм биш үү?
-Хамгаалалтад авчихсан болохоор яаж ч чадахгүй байгаа байх. Гэрч рүү утастаад тохиролцъё, мэдүүлгээ сольчих гэх мэтээр ярьсан, ярьдаг. Энэ чинь Монгол Улсын Эрүүгийн хуулиар шүүн таслах үйл ажиллагааг тасалдуулах, шүүн таслах үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг. Цагдаа ийм гэмт хэргийг өлхөн хийнэ шүү дээ. Тиймээс энэ үйлдэлд нь хэрэг үүсгээч гээд прокурор руу нотлох баримтыг нь шилжүүлсэн. Одоогоор хэрэг үүсгээгүй байх шиг байна. Цагдаад ажиллаж байхдаа «Чи урвасан, мэдүүлгээ тэгж өглөө» гэх зэргээр адлуулж, дарга нарын нүдэнд орсон өргөс шиг байна гэдэг баргийн хүн тэвчиж явахааргүй асуудал. Ганц Т.Төмөрхуяг биш, дахиад ч хоёр, гурван цагдаа гэрч бий. Гэрч, хохирогчийг хамгаалах хөтөлбөр, тогтолцоо байхгүйгээс саяхан хүртэл нэг эмэгтэй нас барлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүнийг хамгаалах зарчим байхгүйгээс шүүх хурал болохоос 30-хан минутын өмнө алуулчихлаа шүү дээ.
-АТГ-т ажилд оруулснаар тэр хүнийг хамгаалж байгаа хэлбэр гэж ойлгоход хэцүү л юм. Ажлын бус цагаар тэр хүн яах юм бэ, тэгээд?
-Мэдэхгүй. Энэ асуудлыг ярих ёстой ХЗДХ-ийн сайд нь ярихгүй юм байна шүү дээ. Хохирогч, гэрчийг хамгаалах тухай хууль өргөн барьчихсан, асуудлыг шийдэж өгөөч гээд олон нийтийн байгууллагууд шаардаж байхад сайд нь шал өөр зүйл яриад сууж байна. Хууль зүйн салбарт нь томоос том бэрхшээл байхад хувийн компани өмөөрөөд сууж байгааг ойлгохгүй байна. Бид оройн цагаар яаж хамгаалахаа мэдэхгүй шүү дээ. Тэр тусмаа эрх мэдэл, зэвсэг хэрэглэх чадалтай, хуулиар халхлаад далд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой бүтцээс, цагдаагаас хэрхэн хамгаална гэдэг эрсдэлтэй. Нэгэнт олны өмнө гаргачихаар яах ёстой юм, бүү мэд.
-Магадгүй таны хэлснээр өширхсөн хэн нэгэнд зориулсан юм болов уу?
-Ямартай ч архи ууж, ажлаас халагдсан гэх зэргээр ойлгуулж байна. Бодит байдлыг харахад буу тарааж өгөөд, хүн ал гэхэд нь зөвшөөрөөгүйн төлөө, шүүхийн өмнө үнэнийг хэлсний төлөө доромжилж, адлаж байгаа нь энэ нийгэм, тэр дундаа хууль сахиулагчид өөрсдөө ямар аймшигтай болсны илэрхийлэл. Тэр Ш.Батсүх гэдэг хурандаа нь Т.Төмөрхуягийг «Цагдаа нартайгаа нийлж, тушаал биелүүлээгүй байж» гэдэг юм билээ. Ш.Батсүхийн хэлснээр хүн алах ёстой байсан юм байна л даа. Өөрсдөө буудсан гэдгээ хэлж чадахгүй мөртлөө зааврыг нь эсэргүүцсэний төлөө адлаад суугаад байж болохгүй л дээ.
-Т.Төмөрхуяг та хоёр үнэний төлөө бус цагдаад өс саначихаад шоу эхлүүлчихсэн юм биш үү?
-Дарга нар нь тэр долоон цагдаагийн төлөө явахгүй байхад өстэй хүн нь гүйгээд байх уу. ХЗДХ-ийн сайд нь ажлаа хийхгүй байхад 7 сарын 1-нд эрүүл мэндээрээ хохирсон цагдаа нарын нөхөн төлбөрийг өг гэж шаардах уу. Үнэнийг хэлчихээд адлагдаж яваа энэ цагдаагийн төлөө явах уу. Тэгвэл дарга нар нь юу хийсэн юм бэ гэж асуумаар байна. Буу бариад явсан цагдаа нарыг цагдан хорих гэж байхад «Та нарыг хорих юм шиг байна. Дулаан хувцсаа өмсөөрэй» гэж байсан хүмүүс өөрсдийг нь хорих болохоор цагдаа нарыг босгож, прокурорын байгууллагыг юу ч биш болгож байгаа биз дээ. Тэгээд ч манай дүүгийн хэрэг чинь одоогоос 12 жилийн өмнөх явдал. Тэгэхээр цагдаагийн нэрийг барьж хэн арьсаа хамгаалж, хэн жи¬рийн цагдаагийн төлөө явж байна вэ гэдгийг ялгаж, салгах хэрэгтэй л дээ.
-Цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгчдөд хариуцлага тооцлоо. Тэд санаатайгаар энэ үйлдлүүдийг хийгээд байна уу. Хуульч хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Монгол Улсад Захиргааны хариуцлагын хууль, Эрүүгийн хуулиар ч шүүн таслах ажиллагаанд саад учруулах нь гэмт хэрэг гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүн таслах үйл ажиллагаа гэдэг тасалдалгүй явах ёстой. Шүүх хурал зөвхөн шүүгдэгч, хохирогчид зориулсан хурал биш. Маргаж буй талуудад зориулсан хурал учраас талуудын зохицлыг хангахын тулд шаардлага тавьдаг. Дуудсан гэрч ирэхгүй бол албадан дуудаж ирүүлдэг биз дээ. Тэгэхээр шүүн таслах үйл ажиллагаа гэдэг эрх зүйн хамгаалалттай байдаг. Өмгөөлөгч харилцагчийнхаа эрх ашгийг бүх талаар хамгаалах үүрэгтэй. Гэхдээ хуульчийнхаа хувьд шүүн таслах хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрхгүй.
-Мэдсээр байж шүүх хурлыг хаяж байгаа нь ямар нэгэн зүйлд цаг хожих муйхар арга уу?
-Угаасаа гол зорилго нь шүүх хуралдааныг хийлгэхгүй байх шүү дээ. Энэ чинь байгууллага, дарга, цэргийн хурал биш. Маргаан шийдэх үйл явц. Тиймээс зөвхөн Байцаан шийтгэх хуулиар тодорхойлогдсон харилцаагаар явах ёстой. Түүнээс дурын хууль зүйгээр явах учиргүй. Харамсалтай нь өмгөөлөгчид харилцагчийнхаа төлөө 100 хувь зүтгэх ёстой гэдэг үзэл санаагаар хуульд зааснаас гадуурх арга хэрэгслийг ашиглаад эхэлчихлээ.
-Үндсэндээ улстөржөөд байна гэж үү?
-Хуульд зааснаас халиад улстөрийн арга хэрэгсэл рүү орчихсон. Энэ асуудал ч хэтэрхий улстөржчихсөн. Тиймээс нөлөө байхыг үгүйсгэхгүй. Уг нь 7 сарын 1-ний хэргийг аль болох улстөржүүлэхгүй, төр өөрөө хариуцлагыг нь үүрэх ёстой гэсэн тогтоолын төсөл санаачилсан ч харамсалтай нь уначихсан. Тухайн үед тэр тогтоолыг унагасан хүмүүс нь «Төр яагаад хэн нэгний өмнөөс уучлал гуйж, хариуцлага үүрэх ёстой юм бэ. Хүн буудсан хүмүүс нь өөрсдөө хууль, шүүхийн байгууллагаар яваад хариуцлагаа хүлээх ёстой» гэж байсан. Харамсалтай нь хууль шүүхийн байгууллага нь үйл ажиллагаа явуулах гэхээр дахиад улстөржөөд зогсоочихож байна. Энэ мэт байдлаас болоод Монгол Улсын шүүхийн хараат бус, бие даасан байдал, шүүн таслах үйл ажиллагаа тасалдахгүй, шударга явж чадах уу гэдэгт эргэлзээ үүсгэж байна. Мөнгө, хөрөнгөтэй, зальтай хүмүүс шүүх хурал хийлгэхгүй бариад байх бололцоотой гэж харагдаж байна. Манай хууль шүүхийн байгууллагуудын хувьд маш том сорилт тулгарч байна л гэж бодож байна. 7 сарын 1-ний хэрэг угаасаа том сорилт байсан.
-Энэ хэрэг 2008 онд үймээн, самууны хэрэг байсан. Одоо бол улстөрийн шоу тоглолт болж хувирчихаад байгаа биз дээ?
-Улстөрийн шоу болгох сонирхолтой хүн маш олон бий. Энэ асуудлыг хоёр, гурван жилийн өмнө шийдэх боломж байсан. Гэхдээ шийдүүлэхийг хүсээгүй хүмүүс бүх зүйлийг эсэргүүцэж байснаа одоо энд хүрсэн хойно нь улстөржүүлж байна гээд өөрсдөө улстөржүүлж байна. Ийм хоосон баг хэрэггүй шүү дээ.
-Улстөржихийн зэрэгцээ цагдаагийн удирдлагуудын ард ямар нэг ашиг сонирхол байгаа болохоор тушаал өгсөн хүнээ хэлэхгүй байгаа мэт харагдаж байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
-Ямар сонирхол байгааг нь мэдэхгүй. Гэхдээ цагдаагийн дарга нарын тайлбаруудаас нэг аюултай зүйл гарч ирдэг.
-Ямар?
-Тэд «Миний хэргийг албан тушаалдаа хайхрамжгүй хандсан, албан үүргээ урвуугаар ашигласан гэдгээр өршөөгдчихсөн» гэдэг. Өөрөөр хэлбэл хэрвээ цагдаа хүн буудсан байвал бидэнд хамаагүй гэсэн үг болж байгаа юм. Тэгэхээр эрүүгийн хэргийг нь түр түдгэлзүүлчихээд байгаа долоон цагдаа өөрсдөө санаатайгаар бүлэглэж, галт зэвсэг хэрэглэн хүн буудсан хэрэгт унаж байгаа юм. Энэ байдлаар хүндрээд явчихвал одоогийн хүчин төгөлдөр хуулиар цаазаар авах ялтай зүйл заалтад холбогдох гэж байна. Харин цагдаа нар нь «Бид тушаал биелүүлсэн» л гэнэ. Тэгэхээр цагдаагийн дарга нар арьсаа хамгаалахаар нөгөө цагдаа нар нь хохирох гээд байдаг юм. Тиймээс яг юу болсон, ямар ойлголтоор сум, зэвсэг тарааж өгч, хэрэглүүлсэн юм бэ, эсвэл ямар нэг заавар, тушаал, чиглэл байсан юм уу, түүнийгээ хэл гэхгүй бол «Бид мэдэхгүй, дээрээс даалгавар өгөөгүй» гэхээр эцсийн буруу нь жирийн цагдаад л унана. Сайн дураараа буу авч яваад, захаас сум худалдаж аваад, хүн буудсан болж байгаа юм.
-Яагаад?
-Цагдаагийн удирдлагууд сумаа захаас худалдаж авсан байдаг шүү дээ. Тэгээд буу, сум тарааж өгөөд, маршрутын дагуу явуулчихсан. Удирдлагууд нь өөрсдийнхөө арьсыг хамгаалж буй үйлдэл нь эцсийн дүндээ хангалттай баримтаар нотлогдчихсон цагдаа нарыг хүнд гэмт хэрэгт тулгаж байгааг бодолцох ёстой. Тиймээс бодит байдлаа хүлээн зөвшөөрөөд яг юу болсныг ярьвал цагдаа нар тушаал биелүүлсэн, удирдлагууд нь алдаатай, үл ойлгогдох заавар, журмаас болж ийм алдаанд хүрсэн гээд дээр байгаа улстөрчид нь эрүүгийн хариуцлага гэхээсээ илүү улстөрийн хариуцлага хүлээх байх.
Зохиогчийн эрх: "Өглөөний сонин"