Олон улсын сансрын станцын сансарт байх хугацааг уртасгахад чухал шаардлагатай төхөөрөмжийг хүргэх даалгавартай “Атлантис” сансрын хөлөг даваа гаригийн үд дунд товлосон хугацаандаа эх дэлхийгээс хөөрчээ. Тодруулбал, “Атлантис” хөлөг Кеннедигийн сансрын төвөөс даваа гаригт орон нутгийн цагаар 14.28 цагт хөөрсөн бөгөөд сансрын хөлөг даалгавраа амжилттай биелүүлвэл Олон улсын сансрын станцын нас дахин хэдэн жилээр уртсах ажээ.
NASA-гийн мэдээлснээр “Атлантис” сансрын хөлгийн ашиглалтын хугацаа ирэх жил дуусах бөгөөд үүнээс өмнө төлөвлөөд буй зургаан сансрын аяллын нэг нь энэ удаагийн нислэг болж байгаа юм. “Атлантис” сансрын хөлөгт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ба 11 хоног сансарт ажилласны эцэст эх дэлхийдээ эргэн ирэх юм.
Тэд мөн өнгөрөгч наймдугаар сард Олон улсын сансрын станцад хүргэгдсэн нислэгийн инженер Николь Стоттыг дэлхийд авчрах учиртай ажээ. Түүнчлэн сансрын нисэгчид дээрх хугацаанд гурван удаа задгай сансарт гарч ажиллах юм байна.
2009 оны 11 сарын 17