Энэ бол өчигдөр нийслэлийн Хангарьд ордонд болсон архидан согтуурахтай тэмцэх, хянах тухай хуулийн олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үг. Манай орны хувьд нэг хүнд 28-30 литр архи, согтууруулах ундаа оногддог бөгөөд Улаанбаатар хотод 270 хүн тутамд нэг архины дэлгүүр оногддог байна. Мөн нийт хүн амын 13,6 хувь нь архинаас хамааралтай гэсэн базаахааргүй дүн гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан архидан согтуурахтай тэмцэх, хянах тухай хуулийг нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас кафе, баар цэнгээний газрыг 22.00 цаг хүртэл, диско, караокег 00.00 цаг хүртэл, хүнсний дэлгүүрүүдийг 23.00 цаг хүртэл ажиллуулах тогтоол гаргаад байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгийн газраас албан бичиг ирүүлснээр тогтоолыг цуцалжээ. “Засаг даргын тамгын газарт 14/76 тоот тогтоолыг цуцлах албан бичиг ирүүлсэний дагуу бид энэ тогтоолыг цуцлахаар болсон. Ер нь иргэдээс ийм санал, санаачилгууд ирж байсан юм. Гэхдээ ямар нэгэн аргаар архидалттай тэмцэнэ шүү дээ. Энэ зүгээр л нэг арга байсан юм” гэж нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Долгормаа ярьж байна.
Он гарснаас хойш нийслэлийн Захирагчийн ажлын албанаас цаг хэтрүүлсэн гэх үндэслэлээр баар, цэнгээний үйлчилгээ эрхэлдэг 53 аж ахуй нэгжийг хаажээ. Мөн тусгай зөвшөөрлийн баримт бүрдүүлэлтийг он гарснаас хойш нэг ч аж ахуй нэгж аваагүй аж. “Бид он гарснаас хойш тус зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаа больсон. Мөн гэр хороолол, орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ч олгохгүй байгаа” гэж н.Долгормаа ярилаа. Ийм дүн байгаа ч гэр хороолол дунд үйл ажиллагаагаа явуулж байгаа цөөнгүй газрууд бий. Бодлого тодорхойлогчид ч, олон нийтийн ч хувьд энэ асуудалд нийслэлийн удирдлага хэрхэн ханддаг нь эргэлзээтэй зүйлсийн нэг. “Нийслэлийн удирдлагуудаас бид асуумаар байдаг юм. Яагаад ийм олон замбараагүй зөвшөөрлийг олгочихсон юм бэ, гэж. Үнэхээр хэцүү байна шүү дээ. 270 хүн тутамд нэг архины дэлгүүр оногдоно гэдэг бол Монгол шиг жижигхэн улсад үнэхээр том тоо” гэж Ч.Сосормаа зөвлөх ярьж байна. Иргэд болоод төрийн зарим нэг байгууллагуудын эргэлзээд байгаа энэхүү асуудлын учиг нь 2006 он хүртэл баар, цэнгээний газруудад тусгай зөвшөөрөл олгоход ямар нэгэн тогтсон норматив ерөөсөө байгаагүйд оршиж байж. “2003 онд архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тусгай зөвшөөрлийн тухай ямар нэгэн норматив ерөөсөө байгаагүй. 2006 оноос норматив батлаад шалгаж үзэхэд баар, цэнгээн болон уушийн газруудын тоо аль хэдийнэ 2500 гарчихсан байсан. Одоо батлагдах гэж байгаа хуулийг нэлээд нарийн чанд хийхгүй бол дараа нь иймэрхүү ойлгомжгүй асуудлууд гарч магадгүй байна шүү дээ” гэж н.Долгормаа ярьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан архидан согтуурахтай тэмцэх, хянах тухай хуулийг илүү сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатайг олон хүн хэлж байлаа. “Олон зүйлийг сайжруулах шаардлага бий. Тухайлбал, нийлүүлэлтийг хязгаарлахын тулд насаар нь, цагаар нь, орон зайгаар нь хязгаарлах ёстой. Ингэж хязгаарлаж байна гээд бүр хатуу чанга заалтуудыг оруулах бас тийм ч зохимжгүй. Шинэ хуулинд архины үйлдвэрүүдийн спиртийн квотыг Засгийн газраас шийддэг тогтолцоог тусгасан байгаа. Үүнийг ч бас нэлээд сайн хэлэлцэх, судлах шаардлагатай. Мөн спирт үйлдвэрлэдэг компани өөр нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж худалдан авагчдыг өөртөө татдаг байх шаардлагагүй. Мөн хүнсний дэлгүүрт архи зардаггүй байх ёстой. Энэ мэтчилэнгийн олон зүйлсүүд бий” гэж Ч.Сосормаа зөвлөх ярьсан юм. Архидан согтуурахтай тэмцэх, хянах тухай хуулийн талаарх хэлэлцүүлэг нийслэлийн есөн дүүрэгт өрнөсөн бөгөөд Нийслэлийн НЗДТГ-т дараагийн долоо хоногт нэгдсэн хариу ирэх ажээ.
“Архинд боолчлогдох хэрэггүй” гэж нэгэн цагт архи гээч ундааг амсч явсан нэгэн залуу ярьж байна. Түүнийг Ц.Чинбат гэдэг. Одоогоос арваад жилийн тэртээ архи ууж яваад, согтуу арваад залууд зодуулан хараагүй болжээ. Аймшигт хэргийн дараа тэрээр гутарсан сэтгэлээ тайлахын тулд архийг өмнөхөөсөө илүүгээр хэрэглэх болсон гэдэг. Нэгэн цагт архинд орж явсан ч өнөөдөр тэр өөрийн гэсэн компани байгуулж, бизнес эрхэлж нийгмийнхээ нэгэн эд эс гэдгээ мэдрэн бусдаас дордохгүй амьдарч явна. Тэрээр одоо “Архидалтын эсрэг үндэстний итгэл их хөдөлгөөн”-ийг тэргүүлэн архинд орсон нэгнийг эрүүл амьдралын зам мөрт оруулах ажлыг хийж байгаа аж. “Би архийг нэлээд их уусан. Аавынхаа үлдээсэн бүх хөрөнгийг би зарж уусан шүү. Гэхдээ би нэг өдөр өөртөө зоригтойгоор “Чинбаа чи яасан арчаагүй юм бэ” гэж хэлж чадсан. Хэдийгээр хүнд байсан ч архигүйгээр амьдрах зорилго тавьсан. Нэг зүйлийг хэлье. Архинаас гарч чадна гэдэг бол асар том зориг, тэвчээр. Энэ тэвчээрийг архинд орсон залуус гаргаж монгол эр хүний зоригийг харуулаасай гэж би хүсдэг” гэж Ц.Чинбат ярьсан юм.
Нэгэнт архинд орсон хүнийг өвчнөөс нь 100 хувь гаргана гэж байдаггүй учир зөвхөн эдгэрэлтийн шатанд оруулах эмчилгээг л хийдэг аж. Нэг эмчилгээний дундаж үнэ ойролцоогоор 200 мянган төгрөгт багтдаг бөгөөд дөрвөн сарын курс эмчилгээг хийлгэх шаардлагатай. “Архинд орсон хүн зөвхөн өөрийнхөө амьдралыг “уудаггүй”. Түүний ард бүтэн гэр бүл нь хэцүү байдалтай үлддэг. Тэр хүнийг архинаас гаргахын төлөө гэр бүл нь эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санаа гээд асар олон зүйлээ золиослодог. Зөвхөн архи ууж байгаа нэг хүнээс болоод шүү дээ. Архи ууж байгаа эцэг, эхээс болж бага насны хүүхэд сэтгэцийн асар хүнд дарамтад ордог. Бүр ганцаардалын гүн невроз гэх сэтгэцийн өвчинд нэрвэгдсэн тохиолдол ч байдаг” гэж анагаах ухааны доктор, профессор Н.Дэмидмаа сануулж байна.
Ийнхүү хуулийг хэлэлцүүлэх ажил өрнөж, олон нийт ч тэр, төрийн болоод төрийн бус байгууллагууд нь ч тэр өөрсдийн санал бодлоо тусгаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Тэртээ 1920 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөгдөж эхлэсэн “хуурай хууль”-ийн шинэ загвар болчих вий. Бүхэл бүтэн үндэстний хулгай, танхайн бүлэглэлийг өсгөж өндийлгөсөн энэхүү хууль шиг бүү болчихоосой гэсэн хүслийг л шивнэе.