Төрсөн өдрийн мэнд, орон нутгийн сонгуулийн хууль минь

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд, орон нутгийн сонгуулийн хууль минь

Орон нутгийн сонгуулийн хууль чамд төрсөн өдрийн мэндийг хүргэе. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө буюу 2008 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр парламентийн гишүүд Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн баталж /өөрчлөлт оруулж/ байсан даа. МАН-ын болоод Ардчилсан намын гишүүдийн олонхи “энэ хуулийг өөрчлөхгүй бол болохгүй. Гэхдээ гол нь УИХ-ын сонгуультай нэгэн зэрэг орон нутгийн сонгуулийг явуулах нь хөрөнгө мөнгөний болоод олон талын ач холбогдолтой” гэж санал нэгдсэний эцэст батлаад л. Ингээд тус хуулийн “Сонгууль зарлах” хэсэгт өөрчлөлт оруулж 8.2-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл хуулийн заалт энэ удаагийн сонгууль дээр үйлчлэхээр байгаа. Гэвч хуулийн энэ санаанаас буцахаар үгсээд байгаа нь тодорхой болоод байна. Магадгүй энэ нь уг хуулийн дөрвөн жилийн ойн бэлэг бололтой.  

Нэг. ОПТИМИСТҮҮД ОНГОЦ ХИЙЖ ЭХЛЭХЭД ПЕССИМИСТҮҮД ШҮХЭР ХАЙЖ ЭХЭЛДЭГ

Оптимист буюу өөдрөг үзэлтнүүд аливааг болгох талаас нь хардаг. Энэ бүлгийн хүмүүст “Сонгуулийг нэг өдөр хийхэд олон бэрхшээл байна” гэх С.Батболд, “Цахим үнэмлэхийг хугацаанд нь хэвлэж чадах эсэх нь биднээс биш техникээс л хамаарна” гэх Ц.Нямдорж, “Орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулахад орон нутгийн удирлагын чадал хүрэхгүй. Иймд энэ хуулиа өөрчлөхгүй бол Үндсэн хуулийн Цэцэд хандана шүү” гэх бичиг үйлдээд сууж байх засгийн болоод иргэдийн хурлын дарга нар, “Давхардуулаад нэг өдөр явуулна гэхээр их олон төвөгтэй зүйлүүд гарна. Эцсийн дүнд сонгуулийн дүн гарах ажил хүндрэх, будилаантах, олон газар маргаантай байдал үүсвэл яах вэ гэдгээс эхлээд бодмоор зүйл их бий” гэх Н.Энхболд нар яавч багтахгүй.

Харин пессимистүүд буюу гутранги үзэлтнүүд яаж ийгээд л болохгүй бүтэхгүй зүйл л хардаг. Эдний үгнээс сэрэмжтэй болгоомжтой байх талаар авах зүйл бий ч шийдэхээс хойш татгалзсан, ухарсан, чангаасан муу тал нь их бий.

Энэ бүлэгт “Хоёр сонгуулийн зөрчилтэй байгаа заалтуудыг нь засаад баталчихья, энэ тохиолдолд хүндрэлүүдийг үгүйсгэчихнэ шүү дээ” гэх Ч.Сайханбилэг, “санал тоолох системд автоматжсан системийг нэвтрүүлсэн тохиолдолд бэрхшээл арилна. Ингэж хамтад нь явуулснаар сонгуулийн хороонд ажиллах хүмүүс хүрэхгүй гэх яриа гарч байгаа. Ер нь сонгууль явуулах техник ажиллагааг хялбаршуулсан тохиолдолд хүмүүсийн төсөөлж буй хүндрэлүүд гарахгүй” гэх Р.Гончигдорж нар мөн л яагаад ч багтахгүй.

Эдгээр хүмүүсийн асуудлыг харах өнцөг нь ялгаатай. Жишээ. Хоёр сонгуулийг хамт явуулахад нэр дэвшигчдийн тоо хэрхэн нэмэгдэж буй талаар тэд ингэж хардаг. Пессимистүүд: “УИХ-ийн сонгуульд нэр дэвшиж буй нийт хүмүүс дээр орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй 15 мянган хүнийг нэмэхээр ачаалал яаж нэмэгдэхээр байна. Арван таван мянгыг нэмнэ гээд бод доо” гээд л хашгирч,  хоёр сонгуулийг хамт явуулахад ачааллаа дийлэхгүй гэдгийг үүгээрээ нотлохыг оролдоно. Харин Оптимистууд: “За бид орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй 15 мянган хүний сонгуулийг өмнө нь асуудалгүй хийсээр л ирсэн. Үнэн биз. Үнэн. Тэгвэл түүнийг зохион байгуулж чадаж байсан юм чинь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 400 гаруйхан хүнийг нэмээд зохион байгуулахад асуудалгүй биз дээ. Дөрвөн зуу гаруйхныг л нэмнэ гээд бод доо” гэнэ.
Өөдрөг үзэлтнүүд анх онгоц хийж эхлэхтэй зэрэгцэн өөр нэгэн хүмүүсийн толгойд унах вий гэсэн бодол орж ирэн аврах шүхэр хийсэн гэцгээдэг. Аливаа зүйлийн урд нь өөдрөг үзэлтнүүд, араас нь гутранги үзэлтнүүд явж байж л зөв зохицол оршино гэцгээдэг. Гутранги үзэлтнүүд урд нь гарвал хэзээ ч онгоц зохиогдохгүй гэдэг ч бас л бодмоор л үг шүү.   


Хоёр. ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХ НЬ “ФОРС МАЖОР” БОЛОВ

Хууль болоод гэрээний талаар бага сага мэддэг хүн “форс мажор” гэх хэллэгийг ойлгох байх. Ер нь бол давагдашгүй хүчин зүйл гэсэн утгыг илэрхийлж буй хэрэг. Үгийг утгачилбал бурхны хүсэл зориг гэх латин үг. Үүнд, газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр, аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, дайн зэрэг талуудын хяналтандаа байлгахаас давсан зүй­лүүд багтдаг. Гэтэл орон нутгийн сон­гуулийн хуулийг биелүүлэхийг, тод­руулбал хоёр сонгуулийг нэг өдөр явуу­лахыг биелүүлэх боломжгүй зүйл хэмээн тодорхойлох болов. Өчиг­дөр энэ талаар хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр угаасаа хоёр сонгуулийг тусад нь хийхээр ажиллаж байгаа талаар зарим зүйлс ч сонсогдов. Сонгуулийг хамт явуулж чадах болов уу, яах бол гэж дүлэгнэж суусаар өнөөдрийг хүргэж буй Сонгуулийн Ерөнхий хорооныхон сонгуулийн саналын хуудасны цаасыг захиалсан талаараа танилцуулахдаа “Зөв­хөн УИХ-ын сонгууль зохион бай­гуулах хэмжээний л цаас захиалсан” гэв. Ингэснээр орон нутгийн сонгуулийг нэ­гэн адилаар явуулах, УИХ-ын сон­гуульд ашиглагдах дэвшилтэд зүйлсийг ашиглах боломжгүй болгож буй бололтой.

Дөрвөн жилийн өмнө батлагдсан хуулийг яагаад гэнэтхэн Үндсэн хуулийн зөрчил хэмээн тайлбарлах болов. Яагаад дөрвөн жилийн өмнөх үүргийг  гэнэт биелэгдэшгүй даалгавар мэт тайлбарлацгаах болцгоов. Хууль зүйн, дотоод хэргийн сайд нь хүртэл “Би энэ хоёрдугаар сард л энэ ажлыг хүлээж авсан, хариуцлага ярьмаар байвал техниктэйгээ ярь” гээд л. Боломгүй зүйлийг хий гэж тулгасан бол өөр хэрэг, болох зүйлийг хийж чадахгүй байвал нэг хэрэг.


Гурав.”ДӨРВӨН ЖИЛ” ГЭДЭГ ШАЛТГААН УУ, ШАЛТАГ УУ?

Хоёр сонгуулийг хамт хийлгэхгүй байх хууль эрх зүйн хүндрэл байгаа талаар пессимистүүд нотлох баримт гаргаж ирцгээв. Орон нутгийн сонгуу­лийг УИХ-ын сонгуультай нэгэн өдөр явуулснаар бүрэн эрхийн хугацаанд нь гурван сарын зөрүү гарч байгаа гэнэ. 2008 оны арван сард сонгогдсон орон нутгийн төлөөлөгчид заавал дөр­вөн жил суух ёстой гэж үзэцгээсэн тул энэ талаараа УИХ-д бичиг илгээн “орон нутгийн сонгуулийн хуулийг бие­лүүлэх боломжгүй” гэцгээв. Хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газ­рын тэргүүн Ерөнхий сайд нь үүнийг бүр дэмжин “Үндсэн хуулийн Та­вин есдүгээр зүйлийн гуравт “Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Тэгэхээр иргэдийн төлөө­лөгчдийн бүрэн эрхийн хугацаанд хал­дах зүйл болно. Иймд хоёр сонгуулийг зэрэг хийх боломжгүй. Хуулийг хэрэгжүүлэх боломжгүй” гэх нь тэр. Эсвэл үүнийгээ дөрвөн жилийн өмнө хэлэхгүй яасан юм бол. Гэвч Ерөнхий сайд Үндсэн хуулийн өөр заалтыг адилтгахыг хүссэнгүй. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дараа сонгогдсон гишүүд наймдугаар сарын 28-нд /бараг есөн сард/ тангарагаа өргөн бүрэн эрх нь эхэлсэн. Мөн л Үндсэн хуулийн заалт ярьж заргалдвал дөрвөн жилийн бүрэн эрх маань дуусаагүй гэж заргалдах боломж дээрхийн адил нээгдэж байна. Иймд сонгуулийг хамтад нь хийж болохгүй байх хуулийн хүндрэл байгаа гэж дахин Үндсэн хуулийг яримааргүй л байлтай. Иймдээ ч энэ талаар Р.Гончигдорж гишүүний хэлсэн “дөрвөн жилийн хугацаа гэж дэмий шалтаг битгий яриад бай” гэсэнтэй санал нийлэхээс аргагүй.
Эцэст нь Орон нутгийн сонгуулийн хууль чамд ойн мэндийг дахин хүр­гэхийн зэрэгцээ эмгэнэл илэрхийлж буй­гаа ч хэлье. Үйлчилж эхлэхээс нь өм­нө өөрчлөх гэж байна чамайг. Хуу­лийг хэрэгжүүлэхгүйгээр өмнө нь өөр­чилж байсан өөр туршлага бий билүү, манайд.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж