Улаан хивс дэвсч, улаан автобуснууд эгнүүлэн зогсоосон энэхүү өдөрлөгийн үеэр автобус компаниуд тус тусын салбартаа ажлын орон тоо байгааг иргэдэд хэлж, ажлын байрны саналуудаа иргэдэд хүргэж байлаа. Ажилд орохоор сонирхсон иргэд ч цөөнгүй байсан ба өөрсдийн сонирхсон ажилдаа бүртгүүлэн анкет бөглөж байлаа. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, уул уурхайн компаниуд орширсноор мэргэшсэн жолооч нар ховордож, автобус барих жолооч, үйлчилгээ үзүүлэх техникийн ажилчид хомсдоод байгаа талаар нийтийн тээврийнхэн ярьж байсан юм. “Автобус нэг” компанид ажилд орохоор анкет бөглөж байсан эмэгтэйгээс сонирхсон ажлынх нь талаар асуухад “Эгчид нь сүртэй эзэмшсэн мэргэжил боловсрол гээд байх юм байхгүй, гэсэн ч зүгээр сууж чаддаггүй л хүн. Ажил хайхаар дандаа нас заачихсан, залуу хүмүүсийг л ажилд авна гэх юм. Харин эндээс асуусан чинь болно л гэж байна. Кондукторийн ажилд орохоор анкет бөглөөд байж байна. Гэхдээ энэ ажилд ороход барьцаа мөнгө хэрэгтэй юм байна. Тэр нь л жаахан асуудалтай байна даа. Ажилд авдаг юм бол яаж ийгээд тэр барьцаа мөнгийг нь олоод өгөх л байх. Энд анкет бөглөсөн хүмүүсээс сонгож шалгаруулж авах юм байна. Хөгшин гээд голчихгүй бол болох л байх даа. Автобусанд явж байхад миний үеийн хүмүүс кондуктор хийгээд явж л байдаг болохоор ажилд авчих л байх гэж найдаж байна” гэсэн юм.
Хажууханд нь жолоочийн ажилд орохоор анкет бөглөж байсан залуу “Үнэхээр анкет бөглүүлээд ажилд авчих юм бол сайн л байна. Би өмнө нь автобусны жолоочоор ажиллаж байсан л даа. Үнэхээр ажилчин хэрэгтэй юм бол намайг авчих л байх. Гэхдээ би нэг л итгэж өгөхгүй байна. Ажил хайж байгаа иргэд, залуучууд зөндөө байхад энэ компаниудад ийм олон ажлын байрны санал байгаа нь их эргэлзээ төрүүлээд байна. Магадгүй компаниа суралчлах гээд ингэж “шоудаж” байж ч мэдэх шүү дээ. Ажилд авах эсэхийг нь харж л байя” гэсэн юм. Энд бүртгэж байснаар бол жолооч, тасалбар түгээгч, үйлчлэгч, моторчин, гагнуурчин зэрэг ажлын байрны саналууд байна.
Шинэхэн баригдсан эцсийн зогсоолын барилгын гадна болсон уг өдөрлөгийн үеэр урлагийн тоглолт болж, иргэдийн дунд асуулт хариултын тэмцээн болон гар барилдааны тэмцээнийг зохион байгуулсан нь иргэдийг бага ч болов хөгжөөгөөд амжлаа. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс нийтийн тээврийн үйлчилгээг тойрсон асуудлууд болон өдөрлөгийн талаар тодруулахад:
-Ер нь нийтийн тээврийг тойрсон нэлээд олон асуудлууд байдаг. Гэхдээ мэдээж энэ бүх асуудлуудыг зохицуулж аль болох иргэддээ ойр, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж, салбарынхаа компаниудтай хамтарч ажиллах нь бидний ажлын гол зорилго шүү дээ. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 80 гаруй аж ахуй нэгж компаниуд байгаагаас 67 нь энэ өдөрлөгт идэвхитэй оролцож, хамтарч ажиллаж байгаа. Иймэрхүү иргэд, зорчигчдод чиглэсэн ажлуудыг бид бодлогын түвшинд авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ нь эргээд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүддээ ч хэрэгтэй, дэвшилттэй алхам болж байгаа юм. Өнөөдөр энд зохиогдож байгаа өдөрлөг нь ердөө нэг хэсэг нь. Цаашлаад Улаанбаатар хотын нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдэд хүрч, санал бодлыг нь сонсох, тэдэнтэй уулзаж, ярилцаж цаашид бодлогын түвшинд, ажил хэрэг болгох түвшинд ямар ажлуудыг хийж болох талаар нэлээд даацтай судалгааны ажил болох юм гэлээ.
Өдөр бүр л энгийн нэг хэвийн амьдрал үргэлжилдэг энэ зогсоолын хажуугар явсан жаахан хүүхдүүд гайхаж сонирхсондоо гүйн ирж бөөнөөрөө харан зогсоцгооно. Арга ч үгүй биз, микрофоноор тэдний ойлгохгүй зүйлсийг ярьж, тэрэнд нь томчууд алга ташицгаан, урлагийн тоглолт ч болж, хөгжим эгшиглэх нь тэдний сонирхлыг татахаас яах билээ. Гайхсандаа “Ах аа, ерөнхийлөгч ирсэн юм уу” гэж асууцгаах. Магадгүй сонгууль дөхсөн болоод ч тэр үү хүүхдүүд хүртэл ийм бодол бодож, тийм асуулт тавих нь сонин.
“Автобус нэг” компанийн захирал Ч.Төмөрбаатар иргэдэд хандаж үг хэлэхдээ “Иргэдээ, та нар 40 саяуулаа, бид чинь дөрвөн зуу ч хүрэхгүй шүү дээ. Бие биенээ хүндэтгэж соёлтой үйлчлүүлцгээе” хэмээсэн. Учир нь “Автобус нэг” компани нь нийслэлийн иргэдийн 30 орчим хувийг нь дангаараа тээвэрлэдэг томоохон компани. Тэд жилдээ давхардсан тоогоор 40 гаруй сая хүн тээвэрлэж, өдөрт 120 автобус үйлчилгээнд явуулдаг аж.
Автобус, микронууд зогсоолдоо зогсч, энэ тэрүүгээр согтуу хүмүүс хөлхөлдсөн “Шар хад”-ны эцсийн зогсоол өчигдөр хүний хөлд дарагдаж, алга ташилт нижигнэж, ажилд орох нэг нь бүртгүүлж, ажлаа сурталчилсан нэг нь амаа цангатал ярьж, автобусны жолооч кондукторууд ижил өнгийн хувцасаар жигдэрсэн хэсэгхэн цаг хугацаа өнгөрлөө.