Исламын жихадын ирээдүй болсон Африк

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Исламын жихадын ирээдүй болсон Африк

“Аль-Каида” ба түүнтэй холбоотой терроризмын даяарчлал Ойрхи Дорнодын орнуудаас мусульманы уламжлалт ертөнцөд хамаардаггүй байсан Африкийн орнуудад аажмаар шилжиж байна. Малигийн туарегүүдийн бослого, Сомали, Нигери, Уганда дахь үйл явдлууд нь барууны тусгай албад удахгүй Африкийн хэт даврагч бүлэглэлд ихээхэн анхаарал хандуулах болно гэдгийг сануулав.

“Нью-Йоркийн 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн аллагын дараа дэлхийн гүрнүүдийн олон жилийн турш явуулсан терроризмын эсрэг ажиллагаа нь Ойрхи Дорнодын орнуудын “Аль-Каида” бүлэглэлийн хүчийг ихээхэн сулрууллаа” гэж Британийн RUSI гэх судалгааны төвөөс гаргасан Африкийн террорист аюулын тухай илтгэлийг зохиогчдын нэг Виктория Сориа мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар исламистууд Африкт шилжин бэхжихийг эрмэлзэх болсон байна.

Нэн ялангуяа, төв засаглал  нь өөрсдийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж чаддаггүй хямралтай орнуудад илүүтэй анзаарагдаж эхлэв. Эдгээр орнуудын ихэнх нь араб-мусульманы ертөнцийн хэсэг болсон Хойд Африкт хамрагдаж байгаа учраас исламын террорист байгууллагуудтай эртнээс танил. Өнөөдөр террористууд тэнд бэхжихийг эрмэлзэн шинэ түшиц газруудаа байгуулж, ирээдүйд шинэ террористуудыг Европт илгээхийн тулд сургахаар оролдох боллоо гэж Сориа үзэж байна.

Шинжээчийн ярианаас харвал сүүлийн үед африк болон ойрхи дорнодоос гаралтай цагаачлагчид төрөлх нутагтаа очиж хэт даврагч бүлгийнхэнтэй харилцаа холбоо тогтоогоод Европын холбоонд эргэж ирэх нь нэмэгдэж байна. “Тэд аллага зохион байгуулахаас гадна хэт даврагч үзэл бодлыг цагаачдын дунд нэвтрүүлэх боломжтой” хэмээн Сориа хэлэв.

Ойрын ирээдүйд африк бүлэглэлүүд АНУ-д заналхийлэл учруулах боломж­той болно гэж өнгөрсөн жилийн ес­дүгээр сард Пентагон албан ёсоор хү­лээн зөвшөөрсөн байв. Энэ тухай Америкийн зэвсэгт хүчний Африкийн командлалын тэргүүн генерал Картер Хэм мэдэгдсэн юм. Түүний хэлснээр одоо гурван бүлэглэл мусульманы Хойд Африкт байгаа нь тодорхой бол­жээ. Үүнд, Нигерийн “Боко Харам”, “Магрибийн орнуудын “Аль-Каида””, Сомали-Суданы “Аль-Ша­бааб” оржээ.

Нигерийн “Боко Харам”

“Боко Харам” гэдэг үг нь хаус хэлээр “Барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай. Эхлээд Нигерийн мусульманы хойд хэсгийн шашны консерватив байгууллага байсан уг бүлэглэл гуравхан жилийн өмнө хэт даврагч, террорист байгууллага болон хувирчээ. Тэр үед тус орны эрх баригчид “Боко Харам” өөрийн талынхныг зэвсэглээд эхэлсэн гэх ярианы дагуу мөрдөн байцаалт явуулж эхлэв. Энэ нь Нигерийн аюулгүйн албаныхан ба исламистуудын хооронд ширүүн мөргөлдөөн үүсгэсэн юм. Мөргөлдөөн мянга гаруй хүний амийг авсан байв. “Боко Харам”-ын дайчид галт зэвсэг, гар хийцийн бөмбөг хэлэглэснээс гадна хорт сумтай нумыг ашигласан байв.


Тэр цагаас хойш “Боко Харам” Нигерийн дотоодын аюулгүй байдлын гол аюул занал болжээ. Тус байгууллагын хамгийн цуутай цуврал аллагууд нь христийн зул сарын баяраар сүмүүдийг дэлбэлсэн хэрэг болов. Бүлэглэлийн дайчид Мадала хотын Хувилгаан Терезагийн сүм, Жос хотын Уулын гал ба ид шидийн гэх сүм, исламын хойд нутгийн Гадака хотын сүм зэргийг дэлбэлсэн байв. Даматруу хотод протестант сүмийн дэргэд, мөн орон нутгийн аюулгүйн албаны байрны орчим бас хоёр удаа бөмбөг тэсэлсэн байв. Нийтдээ сүмд байсан дөчөөд хүн амиа алджээ.
Гуравдугаар сард “Боко Харам” Нигерийн эрх баригчидтай энхийн хэлэлцээрт орсноо мэдэгдсэн ч сарын сүүлчээр тус оронд “халифийн улс” байгуулах өмнөх үзэл бодолдоо эргэн орлоо гээд хэлэлцээрээс татгалзжээ.


Сомалийн “Аль-Шабааб”

Араб хэлнээс “Аль-Шабааб” гэсэн үг нь “залуус” эвсэл “хүүхдүүд” гэж орчуулагддаг. Уг нэр нь энэ террорист байгууллагын дотоодын бүтцийг илэрхийлдэг гэж болно. Сомали нь дэлхийд амжиргааны төвшнөөр хамгийн дор, төвлөрсөн засаглалгүй, газар нутаг нь дээрэмчдийн бүлгүүд ба орон нутгийн овгуудын мэдэлд хуваагдсан учраас “жихадын хүч” нь энд залуусаар үргэлж сэлгэгдэж байна. Нас бие нь зэвсэг барих чадвартай болонгуут тэд амьдралын сайн сайхныг хайн “Аль-Шабааб” бүлэгт ордог ажээ.

Тус байгууллагыг Сомалийн шилжилтийн Засгийн газар Этиопын армийн тусламжтайгаар устгасан Исламын шүүхүүдийн холбооны буурин дээр 2006 онд байгуулжээ. Тэр цагаас хойш “Аль-Шабааб” нь хил залгаа орнуудын шинэ өргөн цар хүрээтэй ажиллагааг өдөөхгүйн тулд зөвхөн Сомалийн нутагт үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тус байгууллагад  2009 оноос бас нэгэн хүчтэй холбоотон гарч ирсэн нь “Арабын хойгийн “Аль-Каида” гэж нэрлэгддэг “Аль-Каидагийн” Йемений салбар” (АХАК) юм. Тэр үед АХАК-ийн шинэ толгойлогч нь Америкийн иргэн асан Анвар аль-Авлаки болсон байжээ. Террористуудын гол үзэл сурталч тэрээр интернэтийг террорын жихадын сурталчилгааны гол машин болгон уг байгууллагыг шинэчилж чадсан гэдэг.

Йемен, Сомали нь Адены булангийн хоёр талд байрладаг учраас АХАК ба “Аль-Шабааб” хоёрын хооронд бат бэх холбоо байгуулахыг Аль-Авлаки хүсч байв. Хамтын ажиллагааны үр дүнд “Аль-Каида”-гийн олон тооны сургалтын лагерууд Адены булангийн эрэгт бий болсон байв. Гэвч өнгөрсөн оны есдүгээр сард аль-Авлакийг Америкийн нисгэгчгүй онгоцноос устгасан нь дээрх хоёр бүлэглэлийн эцсийн төлөвлөгөөг гүйцээхэд саад болов. Гэсэн ч террористуудад ашигтай Йемений иргэний дайн үргэлжилж байгаа учраас тэр төлөвлөгөө биелэхгүй гэсэн баталгаа байхгүй. “Аль-Каида”-тай нягт хамтраад эхэлбэл “Аль-Шабааб”-ын оператив боломж хэд дахин нэмэгдэнэ. Түүгээр ч барахгүй “Аль-Каида”-гийн хувьд Сомали нь Йеменээс илүү стратегийн түшиц болох боломжтой.

“Магрибийн орнуудын “Аль-Каида”” (МОАК): Баруун Сахара, Марокко, Мавритани, Мали, Алжир, Нигер

МОАК бүлэг хэдэн жилийн турш тусгай албадаас гадна дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж ирэв. Тэр үеэр Усама бин Ладены орлогч байсан одоо “Аль-Каидагийн” лидер Айман аз-Завахири 2006 онд өөрийн байгууллагыг МОАК-тай нэгдсэнийг зарлаад тэр үйл явдлыг “Америк, Францын загалмайтнуудын хоолойд тээглэсэн яс” хэмээн нэрлэж байлаа.

Мусульманы Хойд Африк ба өмнөдийн үржил шимтэй нутаг дэвсгэрийн хоорондох орон зай болох Сахелий гэх бүс даяар уг бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байна. Марокко, Мавритани, Мали, Алжир ба Нигер зэргийн хил орчмын нутгуудыг энд хэлж байгаа юм. Мөн МОАК-ийн үйл ажиллагаа Тунис, Ливид явагдсан нь мэдэгдээд байгаа билээ.

Сүүлийн зургаан жилийн дотор МОАК цэргийнхэнд халдсан хэдэн арван довтолгооны хариуцлагыг өөртөө авсан байв. Мөн европчуудын хэдэн бүлгийн хүмүүсийг тэд хулгайлан барьцаалсан юм. Тус бүлэглэл анх үүссэн Алжирт тэдний ажиллагаа хамгаас идэвхтэй байдаг.

Энэ бүлэг 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд европ төрхтэй таван хүний зургийг нийтлэн барьцааны мөнгө шаарджээ. Тэр зураг шинжээчдийн анхаарлыг нэлээдгүй татсан байв. Барьцааны хүмүүсийг хулгайлсан дайчдын дунд анх удаагаа хар арьстан хүн байв. МОАК бүлэгт Төв Африкийн хар арьстан дайчдыг доод гаралтай гэх уламжлал байдаг ба тэдний зургийг авахуулдаггүй байсан юм.

Өнөөгийн Мали дахь улс төрийн хямралд МОАК гол үүрэг гүйцэтгэж байна. Тус бүлгийн цэргийн гурван гол мэргэжилтнүүд болох Абу Зейд, Мохтар Бельмохтар, Яхья Абу аль-Хаммам нар исламын дайчдын бүлгүүдийг удирдан туарегийн омгийнхонтой нийлээд гурван сарын дотор Мали улсын хойд нутгийг тэр чигт нь төв засаглалаас нь салган авсан байв. Дөрөвдүгээр сарын 6-нд туарегийн босогчид эзэлсэн нутаг дэвсгэрээ тусгаар улс болгон зарлаад Мали улсыг бутаргах тэр нутагт терроризмыг тараах шинэ түшиц болгох алхамаа хийлээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж