“Манлайлал-оролцоо-хөгжил” сэдэвт оюутны чуулга уулзалтын хүрээнд урьдчилсан дөрвөн хэлэлцүүлгийг зохион байгуулах ба эхний хэлэлцүүлэг БСШУЯ-нд “Оюутан ба боловсрол” сэдвээр болсон юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт уул уурхайн болон оюутны халамжийн бодлого гэсэн үндсэн хоёр чиглэлийн асуудлыг хөндлөө. Энэ үеэр оюутнуудын төлөөллийн санал бодлыг асуувал, “Уул уурхайн салбарт хамтын оролцоот засаглалыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь уул уурхайн компаниуд хуулийнхаа дагуу ТУЗ-ын ба хараат бус гишүүнийхээ журмыг мөрдлөгө болгох тухай юм. Нэг талд алтыг нь ухаад, нөгөө талд ажиллаад хангалттай хөлсөө авч чадахгүй эрхээ эдэлж чадахгүй байгаа буюу баялгийн тэгш бус хуваарилалтын асуудал үүсч байна. Үүнийг хянадаг механизм компани дотор нь байх хэрэгтэй” хэмээн хэлж байсан юм. Харин хэлэлцүүлгийн үндсэн нэг асуудал болох оюутнуудын нийгмийн халамжийн бодлогын тал дээр өнөө маргаашийн мөнгө биш, ирээдүйдээ хөрөнгө оруулах зүйлсээр нөхөх хэрэгтэй гэдэг байр суурьтай байна. Жишээ нь, ард иргэд, оюутнууд бэлэн мөнгөөрөө зөөврийн компьютер авахаар хадгаламж үүсгэж болох тухай онцолж байлаа.
Дараагийн урьдчилсан хэлэлцүүлгүүдийг “Оюутан ба тогтвортой хөгжил”, “Оюутан ба нийгэм” сэдвийн дор холбогдох яам, агентлагуудтай хамтран зохион байгуулах юм байна.
“Оюутан ба эдийн засаг” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн хэлэлцүүлгээр төр засгийн тогтоол шийдвэрийг оюутан залуус ямар өнцгөөр харж байгаа тухай тодорхойлж болох байх?
-Тэгэлгүй яахав. Миний бие энэ удаад сангийн дэд сайдын хувиар бус, оюутан залуусын нийтлэг эрх ашгийг хамгаалах Монголын оюутны холбооны ерөнхийлөгчийн хувиар энд сууж байна. Өнөөдөр төр засгаас дараагийн 10,20 жилийг тодорхойлсон дүрэм, журам гаргадаг. Саяхан бид төсвийн хүрээний мэдэгдлээ бид УИХ-д өргөн барих гэж байна. Төр нь иргэнээ сонсох хэрэгтэйн нэг жишээ бол өнөөдрийн хэлэлцүүлэг болж байна. Залуус Ерөнхийдөө залуус санхүү, эдийн засгийн орчинг ямар нүдээр харж байна вэ, татвар, ажлын байрны тал дээр ямар байр суурьтай байна вэ гэдгийг хариултыг олох болов уу гэж бодож байна. Эдгээр асуудал дээр санал бодлоо хэлж, оролцох боломжтой болж байна. Нөгөө талаар оюутнууд сурч байхдаа өөрийн гэсэн орлогын эх үүсвэрийг хэрхэн бий болгох, төр засгаас болон хувийн аж ахуй нэгжээс энэ талаар ямар ажил хийх боломжтой вэ гэдгээр шийдэлд хүрэх хэрэгтэй байгаа. Ингэхдээ ажлын байран дээр оюутнуудыг дэмжиж, түлхүү авч болдоггүй юм уу гэдгээр асуудал дэвшүүлэх хэрэгтэй.
-Оюутнууд 70 мянгад хэрхэн хандаж байгаа вэ?
-Оюутнууд тэтгэлгийн 70 мянган төгрөгийн тал дээр уриалга гарсан. Энэ хүрээнд “Цахим ирээдүй” гэдэг хөтөлбөрийг эхлүүлээд, холбогдох иргэний нийгмийн байгууллагуудыг хамтын оролцоотойгоор татан оруулах зорилготой байгаа. 70 мянгаа сар бүр аваад явах уу, эсвэл энэ мөнгөөрөө өөрийн гэсэн зөөврийн компьютер интернэттэй болох уу гэдэгт санал асуулга явуулсан. Үүнд дийлэнх нь мөнгө гол нь биш, өөрийн гэсэн жижиг ч болов хөрөнгөтэй болъё гэдгийг хэлж байсан. Оюутнууд маань сурч боловсрох энэ үедээ өөртөө хөрөнгө оруулалт хийе гэдэг нь их үр өгөөжтэй санаа.
-Төрийн зүгээс ямар ажлыг хийх боломжтой бол?
-Сангийн яам интернэт, гар утасны болон компьютер угсран нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг компаниудыг татварын болон хил гаалийн татварын асуудлуудыг анхаараад ажиллавал энэ ондоо багтаад хийх боломжтой гэж үзээд байгаа. Ингэснээр манай улс 170 мянган оюутнаа компьютержүүлсэн, интернэтжүүлсэн НҮБ-ын анхны улс болох боломжтой юм.