“Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш унав

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш унав

Өнгөрсөн долоо хоногт 15 хувиар буурсан “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш өчигдөр буюу энэ дөрөвдүгээр сарын 9-нд Торонтогийн Хөрөнгийн бирж дээр дахин гурван хувиар унажээ. Энэ мэдээ Ванкуверт төвтэй тус компанийн хөрөнгө оруулагчдыг сандаргасан гэнэ.

Зургаан тэрбум ам.доллар төлөвлөсөн Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай талаар Канадын BMO банк өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. “Айвенхоу Майнз” 66 хувийг нь эзэмшдэг уг төсөлд одоогийн байдлаар нийт таван тэрбум ам.доллар зарцуулаад байгаа аж.

Энэ оны есдүгээр сард олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж буй Оюутолгой төсөл “Айвенхоу Майнз”-ын хамаг хөрөнгийг шавхаж байгаа бололтой.

73 хувийн гүйцэтгэлтэй байгаа төслийг дараагийн шатанд оруулахын тулд “Айвенхоу Майнз” “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саут гоби сэндс” компанийн хяналтын хувьцааг Хятадын консорциумд худалдсан билээ.

Айвенхоу Майнз 59 хувийг нь эзэмшдэг “Айвенхоу Австралиа” төслийг худалдахаар зэхэж байгаа аж. Тус компани Казакстаны “Алтыналмас”  алт, зэсийн ордын тал хувийг эзэмшдэг. Өнгөрсөн 2011 оны хоёрдугаар сард нэгж хувьцааны үнэ 28 ам.доллар болтлоо өсч байсан “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш 2012 он гарснаас хойш 25 хувиар буурсан байна. “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд нэгэнтээ зургаан тэрбумаар төлөвлөсөн Оюутолгойн орд 30 тэрбум ам.долларын үнэтэй гэж ярьж байжээ.

Дэлхийн уул уурхайн гуравдахь том групп “Рио Тинто” өнгөрсөн нэгдүгээр сард 49 хувийг нь эзэмшдэг “Айвенхоу Майнз”-ын хяналтын хувьцааг нэмж худалдаж авснаар 51 хувийг нь эзэмших болсон билээ. Тухайн үед “Рио Айвенхоу” майнзын нэгж хувьцааг 20 ам.доллараар үнэлж, нэмж хоёр хувийн хүү төлсөн билээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Засгийн газар Оюутолгой төслийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлж, зургаан тэр бум ам.долларын төслийн тал хувийг авах санал гаргахад Рио, Айвенхоу хоёр эвтэйхэн аргалаад өнгөрсөн аж. Монголын тал эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх санал гаргасан тухай мэдээ тарсан даруйд “Айвенхоу Майнз”-ын хувьцааны үнэ эрс буурсан юм. Гэвч Айвенхоу Майнз өөрийн байр сууриндаа хатуу зогсч, Монголын талтай шаргуу хэлэлцэж байж 66 хувийг эзэмших эрхээ хадгалж үлдсэн.

“Рио Тинто”, “Айвенхоу Майнз” дэлхий дээрх алт, зэсийн хамгийн том төслийг хэрэгжүүлэхээр 2004 оноос хойш хамтарч байгаа юм. Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлвэл жилд 554000 тонн зэс, 650,000 унци алт олборлоно.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж