Б.Гүндаваа, Д.Янжиндулам нар тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Б.Гүндаваа, Д.Янжиндулам нар тэргүүллээ

Насанд хүрэгчдийн 2012 оны улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн дөрөвдүгээр сарын 01-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж, өнөөдөр өндөрлөлөө. 18 жилийн дараа орон нутагт зохион байгуулсан энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 13 шилдэг тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Эхний өргөөсөө эхлэн олон сонирхолтой тоглолтоор дүүрэн болсон тус тэмцээнд эрэгтэй шатарчид 15 өрөг, эмэгтэйчүүд 12 өрөг тоглолт хийж, шилдгүүдээ тодруулжээ.

Өнөөдөр болсон сүүлийн өргийн дараагаар Цагдаагийн ерөнхий газар, “Шунхлай” группийн тамирчин, ОУМастер Б.Гүндаваа 12.5 оноогоор тэргүүлж, 2012 оны улсын аварга болсон бол “Хан алтай” клубын тамирчин, Их Мастер  Д.Шаравдорж 11.5 оноогоор хоёр, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУМастер Ц.Батчулуун гуравдугаар байрт шалгарчээ. Тэмцээний 4-р байрт Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Г.Мөнхгал, 5-р байрт ДШХМастер н.Гүнбаяр нар орсон байна.

Харин шилдэг эмэгтэй 13 тамирчнаас Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Д.Янжиндулам  9.5 оноогоор тэргүүлж, улсын аваргаар тодорсон бол  “Аврагч” спорт хорооны тамирчин, ДШХМастер Отгонжаргал 9 оноогоор 2-р байр, “Мобиком” корпорацийн тамирчин, ОУМастер Б.Анхчимэг гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний таван байрт шалгарсан эрэгтэй тамирчид болон эхний гурван байрт орсон эмэгтэй шатарчид ирэх есдүгээр сард Туркийн Станбул хотноо болох Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхтэй болж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж