ХЭҮК 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

ХЭҮК 11 дэх илтгэлээ УИХ-д өргөн барилаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж  Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр парламентад илтгэж, холбогдох байгууллагуудад хандан санал, зөвлөмж гаргадаг билээ.

Энэ удаад Хүний эрхийн Үндэсний Комисс шийдвэр гаргуулахаар 6 зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлж байгааг Ж.Бямбадорж дарга танилцуулсан юм.

Комиссын илтгэлд Улсын Их Хурал анхаарал тавьж, эхний ээлжинд Байнгын хороогоор хэлэлцэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга  мэдэгдлээ. Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс материаллаг баазаа хангах, ажиллах нөхцөлөө сайжруулахад нэлээдгүй зүйл хийж байгааг тэмдэглээд, цаашид улам илүү ажиллана гэдэгт итгэж буйгаа тэрбээр илэрхийлэв.

Илтгэлийг өргөн барихад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, П.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж