Азийн нислэгийн компаниуд замаа өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Азийн нислэгийн компаниуд замаа өөрчлөв

Умард Солонгос энэ дөрөвдүгээр сарын 12-16 хооронд хиймэл дагуулын пуужин хөөргөнө гэж мэдэгдсэнээс хойш Азийн иргэний агаарын тээврийн компаниуд нислэгийн замуудаа өөрчилж байгаа гэнэ. Филиппин, Японы агаарын тээврийн компаниуд нислэгийн замаа хэд хэдэн чиглэлд өөрчилжээ.

Умард Солонгосын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүнийг залгамжлагч Пхеньяний залуу удирдагч сансрын тойрог замд хиймэл дагуулын пуужин хөөргөнө гэж мэдэгдсэн билээ.

Цөмийн, алсын тусгалт пуужингийн хөтөлбөрөө зогсоож, хариуд нь хүнсний тусламж авахаар АНУ-тай хэлэлцээ хийсэн Умард Солонгосын дээрх мэдэгдэл өрнөдийн орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан.

АНУ, БНСУ зэрэг холбоотон орнууд Умард Солонгосын хиймэл дагуулын пуужин нь алсын тусгалт пуужингийн туршилт болох вий гэж сэжиглэж байгаа юм. Пхеньянь хиймэл дагуулын пуужинг хөөргөхөд хэдийн бэлэн болсон бөгөөд энэ үйл явцыг дэлхий нийтэд харуулахаар олон  улсын сурвалжлагчдыг тийш нь аваачсан билээ.

Сурвалжлагчид Пхеньянь юу сэдсэн нь тодорхойгүй ч хиймэл дагуулын пуужингаас айх зүйл байхгүй гэж бичиж байна. Филиппин хиймэл дагуулын пуужингийн болзошгүй сүйрлээс болгоомжилж, нислэггүй бүс тогтоож, хөлөг онгоц, загасчилж буй хүмүүст анхааруулга өгчээ.

Японы агаарын тээврийн компани Токио-Манила, Жакарта-Сингапурын хоорондох нислэгийн замыг өөрчилснөөс нислэгийн хугацаа 20 минутаар нэмэгдсэн гэж албан ёсны вэб сайтдаа бичсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж