Үзэгчдийн итгэлийг хамгийн ихээр хөсөрдүүлсэн багаар “Тампа-Бэй Лайтнинг” өрсөлдөгчгүй тодров. Дэлхийн хамгийн хүчирхэг лигт өдгөө хамгийн хурц од болоод буй Стивен Стэмкос, Винсент Лекавалье, Мартин Сент-Луи, Тедди Пурселл, Дуайн Ролосон нарын шилдэг тоглогчтой “Цахилгаанууд” шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалж, энэ жилийн плей-оффыг цэнхэр дэлгэцээр үзэх болсон. Багийн лидер Стэмкос энэ улиралд өрсөлдөгчийнхөө хаалгыг 60 шайбаар мялааснаар Морис Ришарын нэрэмжит шагнал хүртсэнээс гадна ийм тооны босго алхсан 19 дэх хоккейчин болсон. Түүнээс өмнө алдарт Уэйн Гретцки, Марио Лемье, Бретт Халл, Александр Овечкин нар нэг улиралд 60 дээш гоол оруулж байв.
Өнгөрсөн жилийн улирлын тоглолтын аварга “Ванкувер Кэнакс” энэ улирлыг 111 оноотой өндөрлүүлж, хоёр жил дараалан “Ерөнхийлөгчийн цом”-ыг хүртэв. Канадын баг сүүлийн 10 тоглолтынхоо нэгээс бусдад нь ялалт байгуулснаар лигийг тэргүүлсэн. Харин “Сент-Луис Блюз” тэргүүлэгчээс хоёр онооны алдагдалтай “Өрнөд” бүстээ аман хүзүүдэв. “Сент-Луис” 1999-2000 оны улиралд ганц удаа бүсийн аварга болж байсан бөгөөд үүнийгээ давтах өндөр магадлалтай байсан ч сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь хожигдсоноор мөрөөдлөө хойшлуулахад хүрсэн юм. “Өрнөд”-ийн гуравдугаарт “Финикс Койтс” бичигдлээ. Ердөө жилийн өмнө дампуурах дээрээ тулаад байсан “Финикс”-ийн энэхүү амжилт ерөнхий дасгалжуулагч Дэйв Типпеттэй салшгүй холбоотой. Чухам тэр багийн ахлагч Шейн Доанаас өөр гялтайх одгүй “Өөдгүй амьтад”-ыг нэг цул баг болгон зангидаж чадсанаар энэ сэдвээр дагнан бичдэг тоймчдоос өндөр үнэлгээ авсан. Тэдний араас “Нэшвилл”, “Детройт”, “Чикаго”, “Сан-Хосе” бичигдсэн. “Нэшвилл Предаторс”-оос бусад нь Стэнлийн цом хүртээд үзсэн топ ангилалд багтдаг баг. Харин байгуулагдаад яг 15 жилийн нүүр үзэж буй “Нэшвилл” өмнө дундаж багийн зэрэглэлд багтдаг байсан. Гэсэн ч энэ жилийн плей-оффт тэднээс ямар ч сенсаац ирж магадгүй. Нэг ёсондоо тэсрэлт хийх цаг нь болсон. Тэд плей-оффт өндөр амжилт гаргахын тулд ОХУ-ын “Тивийн хоккейн лиг”-ийн супер од Александр Радуловыг өнгөрсөн сарын сүүлчээр эх орноос нь урвуулсан. “Араатнууд” эхний шатанд Никлас Лидстрем, Павел Дацюк, Хенрик Зеттерберг, Тодд Бертуцци, Томас Холмстрем нарын хал үзэж, халуун чулуу долоосон “Детройт Ред Уингз”-тэй тулалдана.
Нэг хэсэг плей-оффын бүст багтаж, бүр “Өрнөд”-ийг өнгөлж явсан “Даллас Старз”, “Миннесота Уайлд” багууд улаан шугамны гадна үлдлээ. 2011-2012 оны улирал эхэлснээс хойш хомоол хамсан Канадын шигшээ багийн ахлагч Рик Нэшийн “Коламбус Блю Жэкетс” 52 оноотойгоор баян ходоод болов.
Мэргэн буучид:
Тоглогч О
1. Евгений Малкин (Питтсбург) 109 50 59
2. Стивен Стэмкос (Тампа-Бэй) 97 60 37
3. Клод Жиру (Филадельфи) 93 28 65
4. Жейсон Спецца (Оттава) 84 34 50
5. Илья Ковальчук (Нью-Жерси) 83 37 46
6. Фил Кессел (Торонто) 82 37 45
7. Жеймс Нил (Питтсбург) 81 40 41
8. Жон Таварес (Айлендерс) 81 31 50
9. Хенрик Седин (Ванкувер) 81 14 67
10. Патрик Элиаш (Нью-Жерси) 78 26 52
Улирлын тоглолтын дүн:
“Дорнод” бүс
Баг Тт Ш/З О
1. Нью-Йорк Рейнжерс 82 226-187 109
2. Бостон Брюинз 82 269-202 102
3. Флорида Пантерз 82 203-227 94
4. Питтсбург Пингвинз 82 282-221 108
5. Филадельфи Флайерз 82 264-232 103
6. Нью-Жерси Дэвилз 82 228-209 102
7. Вашингтон Кэпиталз 82 222-230 92
8. Оттава Сенаторз 82 249-240 92
9. Баффало Сэйбрз 82 218-230 89
10. Виннипег Жетс 82 225-246 84
11. Тампа-Бэй Лайтнинг 82 235-281 84
12. Каролина Харрикейнз 82 213-243 82
13. Торонто Мэйпл Ливз 82 231-264 80
14. Нью-Йорк Айлендерс 82 203-255 79
15. Монреаль Канадиенс 82 212-226 78
“Өрнөд” бүс
Баг Тт Ш/З О
1. Ванкувер Кэнакс 82 249-198 111
2. Сент-Луис Блюз 82 210-165 109
3. Финикс Койотс 82 216-204 97
4. Нэшвилл Предаторз 82 237-210 104
5. Детройт Ред Уингз 82 248-203 102
6. Чикаго Блэкхокс 82 248-238 101
7. Сан-Хосе Шаркс 82 228-210 96
8. Лос-Анжелес Кингз 82 194-179 95
9. Калгари Флэймз 82 202-226 90
10. Даллас Старз 82 211-222 89
11. Колорадо Эвеланш 82 208-220 88
12. Миннесота Уайлд 82 177-226 81
13. Анахайм Дакс 82 204-231 80
14. Эдмонтон Ойлерз 82 212-239 74
15. Коламбус Блю Жэкетс 82 202-262 65
“Өдрийн шуудан”