Иранд олимпийн сайтыг блоклов

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Иранд олимпийн сайтыг блоклов

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын албан ёсны вэб сайтыг Иранд блоклосон байна. Ираны интернэт хэрэглэгчид twitter хуудсаар жиргэж, www.london2012.com сайт руу нэвтэрч болохгүй байгаа, оронд нь шууд www.peyvandha.ir гэсэн хаяг руу “үсэрч” буй тухай бичиж байна. Тус сайт нь Ираны төрийн мэдээллийн агентлагуудын сайт ажээ.

Аливаа нэг цахим хуудсыг Иранд хориглосон эсэхийг шалгадаг Blockediniran.com сайт ч мөн олимпийн сайт Иранд ажиллахгүй байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Ираны Гадаад хэргийн яамнаас энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна.

BBC-гийн сурвалжлагчийн мэдээлснээр Иранд аливаа нэг сайт блоклох асуудлыг хариуцсан тодорхой нэг байгууллага, яам байдаггүй гэнэ. Өдөр бүр хэдэн арван сайт руу нэвтрэх эрхийг хязгаарлах тохиолдол гардаг аж. Ираны Засгийн газрын Интернэтийн хяналтын зөвлөл дээрх асуудлыг хариуцдаг хэдий ч хэн нэг шүүгч ч вэб сайт блоклох санал гаргах эрхтэй байдаг аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж