Ливийн дарангуйлагчийн амьд үлдсэн хүүг шүүх хурал ирэх зургадугаар сард болох аж. Хүний эрхийг хамгаалах бүлэглэлүүд Сэйф аль-Исламыг Гаагийн олон улсын шүүхэд шилжүүлэхийг Ливийн эрх баригчдаас шаардаж байгаа билээ. Учир нь Ливийн дарангуйлагчийн хүүг шүүх хурал шударга болно гэдэгт эргэлзэх хүмүүс олон байгаа юм.
Сэйф аль-Исламыг Ливийн дийлэнх нутгийг хяналтандаа авсан босогчдын бүлэглэлийн нэг өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчилж, хорьсон аж. Ливийн шилжилтийн үндэсний зөвлөл түүнийг шүүхэд аваачихын тулд босогчидтой хэдэн сарын турш хэлэлцээ хийжээ. Ливийн шилжилтийн үндэсний зөвлөл Сэйф аль-Исламыг 10 хоногийн дотор нийслэл Триполи хотод аваачиж, шүүх хурлыг парламентын сонгуулиас өмнө явуулна гэж мэдэгджээ.
Ливийн шүүхийн яллагчид Сэйф аль-Исламд аллага, хүчирхийлэл, хээл хахуулийн хэргээр ял тулгах гэнэ. Ливид найман сар үргэлжилсэн иргэний дайн дарангуйлагч Муаммар Каддафийг хөнөөснөөр эцэс болсон юм.
Тунис, Египтэд дэгдсэн хувьсгалын шуурга Ливийг ч мөн дайрсан бөгөөд хэдэн мянган хүний амийг авсан юм.