-ЕАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх болсонд баяр хүргэж, Монголын нийт спорт сонирхогчдын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье?
-Баярлалаа. Хөлбөмбөгийн ЕАШТ чанар чансаа, нэр хүндээрээ ДАШТ-ээс дутахгүй. Европын шилдэг 16, тэр дундаа 2010 оны ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Испани, Нидерланд, Германы баг өрсөлдөх “Евро-2012” эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жилийн тэмцээн Зүүн Европт болох нь гол онцлог. Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ноос Монголын телевизүүдийн дунд “Евро-2012”-ыг шууд дамжуулан үзүүлэх эрхийн тендер зарласан. Үүнд Монголын олон телевиз оролцсоноос “ТВ-9”, “ETV” хамтран зөв бодлоготой оролцож, боломжтой үнийн санал өгснөөр эх орондоо шууд дамжуулан үзүүлэх онцгой бөгөөд давуу эрхийг олж авлаа. UEFA манай энэхүү хүсэлтийг 2011 оны сүүлчээр хүлээн авч, албан ёсны эрх олгосноо өнгөрсөн гуравдугаар сард зарласан. Үүнээс хойш манай хоёр телевиз бэлтгэл ажилдаа ороод байна.
-UEFA-гаас ямар шаардлага тавьсан бэ?
-Эфирийн телевиз эсэх, шууд дамжуулан үзүүлэх зорилгыг харгалзан үзсэн. Бас үнийн санал нөлөөлсөн байх.
-Нууц биш бол энэ эрх ямар үнээр олдсон бэ?
-Бидний өгсөн санал Монголын телевизүүдийн түүхэн дэх хамгийн өндөр нь. Зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаар үнийн санал байнга өсч байгаа. Бидний байгуулсан гэрээнд нууцлалын зүйл байгаа болохоор үнийг нь хэлэх боломж алга. Ямар ч байсан бид Монголд хамгийн өндөр ханш тогтоож чадсан.
-“ETV” телевизийг сонгох болсон шалтгаан юу вэ?
-Шинэ залуу телевизийг дэмжиж үзвэл яасан юм бэ гэсэн бодол төрсөн. Том үйл явдлын дараа маш том бүтээн байгуулалт явагддаг. “Евро-2012” бол эрч хүчтэй, шинэ телевиз “ETV”-д том боломж. Манай хоёр телевизийн маркетинг, уран бүтээлч, тоймч, гадаад харилцаа, судалгаа, сурталчилгааны хамтарсан том баг ажиллаж байгаа. Бид “Евро-2012”-ыг тэгш эрхтэйгээр, HD форматаар, технологийн том дэвшлээр үзүүлэх болсондоо баяртай байна. “Unitel”, “Univision” компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсон.
-Манай телевизүүд өмнө нь иймэрхүү олон улсын тэмцээнийг шууд дамжуулна гэчихээд хэлсэндээ хүрдэггүй тохиолдол байсан. Техникийн асуудал дээр санаа зовохгүй байж болох уу?
-Юунд ч санаа зовох хэрэггүй. Бүх зүйл HD рүү орчихсон байхад монголчууд аналогоор дамжуулах гээд асуудал үүсдэг байсан. Харин бид HD форматаар шууд дамжуулан үзүүлнэ.
-“ТВ-9” телевиз Монголын хөлбөмбөгийн холбоотой албан ёсоор түншилж, дотоодын тэмцээн уралдааны мэдээллийг тасралтгүй хүргэдэг байсан. Харин энэхүү харилцаа сүүлчийн хоёр жил тасалдсан нь ямар учиртай вэ?
-Манай телевиз 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлнэ гэж зорьж байсан. Монголын хөлбөмбөгийн холбоо биднийг мөнгөө бэлтгэчихсэн байхад эрх авч өгнө гэж байсан ч амласнаа биелүүлээгүй. Тиймээс өдөр тутмын хамтын ажиллагаанд орох шаардлагагүй болсон. Тухайн үед бид их бодсон. Аливаа ажилд хэн нэгнийг хүлээж, найдах биш өөрсдөө явах хэрэгтэйг ойлгосон. Тиймээс “Евро-2012”-ыг шууд дамжуулан үзүүлэх эрхийг өөрсдийн хичээл зүтгэлээр олж авлаа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
“ӨДРИЙН ШУУДАН”