
1973/74 оны улирлаас эхлэн блок шотыг албан ёсны статистикт оруулан тооцох болсноос хойш Ховард нэг тоглолтод дунджаар 13,2 удаагийн самбараас бөмбөг авалт, 2,78 удаагийн блок шот амжилттай гүйцэтгэж, хоёр улирал дараалан самбараас бөмбөг авалт болон блок шотын үзүүлэлтээр лигийг тэргүүлсэн анхны тоглогч болж байгаа юм. Тэрбээр мөн гурван улиралд дараалан самбараас бөмбөг авалтын дүнгээр тэргүүлсэн NBA-ын түүхэн дэх ердөө тав дахь тоглогч болжээ. Ховардын энэ авьяас чадварын ачаар “Орландо Мэжик” нэг тоглолтод дунджаар 95,3 оноо авч, NBA-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдээд байна.
NBA-ын Бүх хамгаалалтын хоёрдугаар багт “Сан-Антонио Спурс”-ын Тим Данкан, “Майами Хийт”-ийн Двейн Уейд, “Оклахома сити Тандер” багийн Табо Сефолоша, “Атланта Хаукс”-ын Жош Смит болон “Кливлэнд Кавалиэрс”-ийн Андерсон Варежао нар багтжээ. Эдгээр тоглогчдоос онцлоход, Тим Данкан 13 дахь улиралдаа дараалан NBA-ын Бүх хамгаалалтын багт багтаж байгаа юм.
Бүх хамгаалалтын багт багтах тоглогчдыг тодруулахдаа NBA-ын 30 багийн ахлах дасгалжуулагчдаас санал хураадаг бөгөөд нэг ба хоёрдугаар багийн алинд нь багтахыг сонгож, нэрлэдэг байна. Ингэхдээ дасгалжуулагчид өөрийн багийн тоглогчдын төлөө саналаа өгөх эрхгүй бөгөөд нэгдүгээр багийн төлөөх саналд хоёр, харин хоёрдугаар багийн саналд нэг оноо өгдөг ажээ.
С.Цэлмэг