Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг гурав хуваан олгох шийдвэрийг гаргасан юм. Ингэхдээ дөрөвдүгээр сараас эхлэн олгохоо амласан билээ. Нийт 334 тэрбум төгрөг шаардана. Харин үлдэж байгаа 2.3 сая иргэн яах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс ийнхүү шахжээ.
Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Хэдийгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ болон орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард хамт зохион байгуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж, мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан шаардлага хүргүүлээд буй ч УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд хоёр сонгуулийг салгаж явуулах ёстой гэсэн өмнөх байр сууриа хадгалсан байна. Мөн бүлэг нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг хүлээж авчээ.
Тус бүлгээр хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь иргэний ухаалаг үнэмлэхтэй холбогджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллээр бол цахим үнэмлэх хэвлэх ажил цаг хугацаандаа амжихгүй байх тал руу оржээ. Шалтгаан нь, ухаалаг үнэмлэхийн бэлдэцийг бэлтгэж буй Америкийн компанийн зүгээс өмнө тохирсон хугацаагаар ажлаа гүйцэтгэхэд бэрхшээл тулгарсан тул дахин 14 хоногоор сунгах хүсэлтээ илэрхийлсэн байна. Хоёр талын тохиролцсоноор зургадугаар сарын 11-н гэхэд хамгийн сүүлчийн үнэмлэхийн бэлдэц ирж, хэвлээд, иргэдэд тараахад зургадугаар сарын 21-н гэхэд энэ ажил цэгцрэх ёстой байсан. Гэтэл дахин 14 хоногоор сунгах хүсэлтийг тавьсан нь цаашид яах вэ гэдэг дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар санал солилцож, шийдэл гаргахаас аргагүйд хүрсэн байна.