Өнгөрсөн сард Франц, Тунисийн багийг нутагтаа хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийсэн Монголын жүдочид ийнхүү ээлжит “зочноо” хүлээн аваад байна. Дэлхийн таван удаагийн аварга, өнөө цагийн хүнд жингийн босоо аварга Тедди Ринье тэргүүтэй Францын шигшээ багийн Монголыг зорин ирж, хамтарсан бэлтгэл хийгээд буцсан. Дараа нь Тунисийн бүсгүйчүүд Монголд хамтарсан бэлтгэл хийсний дараа Африкийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, бүх жинд финалд шалгарч, гурван алтан медаль хүртсэн амжилт гаргасанд Монголын тамирчидтай хийсэн хамтарсан бэлтгэл нөлөөлсөн нь гарцаагүй. Монголын жүдочдыг дэлхий үнэлж, хамтарсан бэлтгэл хийж, туршлага судлахаар эх нутагт маань зочилдог болжээ.
Монголын жүдочдыг дэлхий үнэлэх болжээ
“Афин-2004” олимпийн аварга, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт /2001, 2003/, залуучуудын дэлхийн аварга /2000/ Зураб Звиадаури тэргүүтэй Гүржийн жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Монголын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр манай улсад ирээд байна. Шигшээ багийн 14 тамирчин, хоёр дасгалжуулагч, мөн нэг эмч, нэг менежерийн хамт Монголд зочилсон Гүржийн баг дөрөвдүгээр сарын 8-18-ны хооронд 10 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийгээд буцах юм. Энэ сарын сүүлээр ОХУ-ын Челябинск хотноо Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Европын тамирчдын хувьд олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн нь тэр байх бөгөөд Гүржийн тамирчид тивийн аваргын бэлтгэлээ базаахаар ийнхүү манай улсад ирээд байгаа юм. Гүржийн зүгээс эрэгтэй долоон жинд тус бүр хоёр тамирчнаа илгээсэн бөгөөд тэдний дунд олимп, дэлхий, тивийн медальтнууд цөөнгүй багтжээ.
С.Цэлмэг