Битүүмжилсэн хөрөнгийг хэт хямдаар зарсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Битүүмжилсэн хөрөнгийг хэт хямдаар зарсан гэв

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Тусгаар Тогнолын ордны үүдэнд өчигдрөөс суулт хийж эхэлсэн. Тодруулбал МАН-ын үүдэнд.

Эдгээр хохирогчид өмнө нь Хувьсгалт намын байранд гурван сар суулт зарлаж байж, хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 50 орчим хувийг барагдуулаад байгаа юм.

 ХЗХ-ны хохирогчид “Сонгууль дөхсөн эдгээр өдрүүдэд л УИХ-ын гишүүдийн чих онгойдог. Чих нь онгойсон дээр хүсэлтээ тавихад айсандаа алтан загас шиг л хүссэн бүхнийг нь өгөхөд бэлэн болдо. Тиймээс үлдсэн хохирлын мөнгөө авна гэдэгтээ бат итгэлтэй байна” гэцгээж байв.

Баян-өндөр сангийн хохирогч Д.Дашдорж:

-Та ямар хоршоонд, хэдэн төгрөгөө хадгалуулсан бэ?

-Би одоогоос зургаан жилийн өмнө Баян-Өндөр санд нийт 100 гаруй сая төгрөг хадгалуулсан. Энэ олон жил өөрийн мөнгөө авах гэж аль байлдгаараа тэмцэж байна. Би хүүхдүүдтэйгээ хамтраад арьс ширний бизнес эрхэлдэг байсан юм. Гэтэл сарын 4 хувийн хүүтэй хадгаламж зээлийн хоршоо гараад ирэхээр нь 100 сая төгрөгийн сарын хүү л дөрвөн сая төгрөг болохоор олзуурхаад, шунаад л байгаа бүх хөрөнгөө хадгалуулсан ухаантай.

Манай хоршоо бол дампуураагүй. Харин төр дампууруулсан. Манай хоршооны эзэн бол н.Самбалхүндэв 7 жилийн ял аваад шоронд хоригдсон. Одоо ч суллагдах болж байгаа. Тэрээр “Надад сарын хугацаа өгчих өө. Би Борнуурын сангийн аж ахуйдаа тариа будаагаа тариад ч болов энэ бүх хүмүүсийг хохиролгүй болгож чадна” гээд байхад л аваачаад хорьчихсон.

-Хохирогчид мөнгөө сонгуулиас өмнө авна гэж байна. Таны бодлоор?

-Би сонгуулиас өмнө хохирлоо барагдуулна гэдэгтээ итгэлтэй байна. Сонгууль дөхөөд ирэхээр чинь гишүүд “Жорлонг чинь ухаад өгье, модыг чинь хагалаад өгье” гэх нь холгүй л болдог шүү дээ. Тэд УИХ-д дахин орохын тулд бидний мөнгийг өгч л таараа.

МАН хохирогчдыг оруулсангүй

ХЗХ-ны 40 шахам хохирогч хүрэлцэн ирсэн байлаа. Суулт зарлагсдын дийлэнх нь тэтгэврийн насны өвөө эмээ нар байсан бөгөөд эцсээ хүртэл тэмцэхээр шийдсэн гэж байлаа.

Тэд гартаа “ХЗХ-ны хөрөнгийг төр хурааж авсан хойно төр бидний мөнгийг өгөх ёстой”, “Тансаг ордонд зориулсан татвар төлөгчдийн 17 тэрбумыг ХЗХ-ны хохирогчдод өг”, “Луйвраа зогсоож бидний мөнгийг эргүүлэн өг” гэх мэт лоозон барьсан байв. Тэд сэтгүүлчдэд ярилцлага өгсний дараа хүсэлтээ МАН-ын эрх баригчдад хүргүүлэхээр Тусгаар тогтнолын ордон руу орохоор болов. Хамгаалагч бололтой хар хувцастай долоо, найман залуу ХЗХ-ны хохирогч өвөө эмээ нарыг оруулсангүй.

Хамгаалагчид “Бид та бүхнийг ойлгож байна, дэмжиж байна. Гэхдээ та бүгдийг оруулж болохгүй гэж хэлсэн” гэв. Тэдний дунд хэрүүл ширүүсч, хохирогчид “оруул, оруул” гэж уухайлж эхлэхэд төлөөлөгчдийг оруул гэсэн бололтой Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунцэцэгээр ахлуулсан нэр бүхий 8 гишүүн МАН-ын байр руу орлоо.

Улс төрийн намд бус хуулийн байгууллагад ханд гэв

 МАН-ын ОНХА-ны дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид хохирогчидтой уулзлаа. Уулзалтын эхэнд ХЗХ-ны хохирогч бус иргэн н.Нямдорж баримт сэлтийг дэлгэлээ.

“Хоршоод дампуурах үед 840 хоршооны 100-150 тэрбумын хөрөнгө байсан. Одоогийн байдлаар ХЗХ-ны хохирогч нийт 50 гаруй хүн амиа хорлосон.

Та бүгд 7 сарын 1 л гээд байх юм. Гэтэл долоон сарын 1-нд чинь таван хүн амиа алдсан харин ХЗХ-ны хохирогч 50 гаруй хүн одоогийн байдлаар амиа алдаад байна. Та бүхэн ямар нэг алхам хийхгүй бол энэ тоо цаашид ч өсөх болно. Бид шүүх, хуулийн байгууллагад өргөдөл, гомдол,  саналаа тавьсаар одоо үнэхээр залхаж байна. Бүгд л тайван амгалан бай, та бүхэнд мөнгийг өгнө л гэдэг. Засгийн эрх барьж буйгаараа МАН л энэ бүхнийг шийдэж өгөх хэрэгтэй” гэсэн юм.

Харин МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сүхбаатар “Төр бол арга хэмжээгээ авсан. Харин шүүхийн шийдвэр биелүүлэх газар үүргээ гүйцэтгэж, ажлаа хийхгүй байгаа гэдгийг та бүхний ярианаас олж мэдлээ. Тэд хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нь туйлын харамсалтай.  Бид энэ асуудлыг анхааруулъя. Та бүхэн шүүх, хууль хяналтын байгууллагадаа ханд, бид бас эндээс давхар хандая. Бид хохирогчдын асуудлыг бараг шийдсэн бол уу гэж бодож байсан юм” гэсэн юм.

Хохирогчдын дэлгэсэн баримтууд

ХЗХ-ны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “2006 онд хоршоод дампуурсны дараа уйгагүй тэмцсэний үр дүнд эргэн төлөгдөх нөхцөлтэй хохирол барагдуулах хууль гарсан. Хуулийн дагуу Засгийн газар 29 хоршооны 43 тэрбумын хөдлөх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн авсан. 4 лиценз, 10 гаруй газар байсан. Тэдгээрийг үнэлээгүй. Арав гаруй тэрбумын зээлдэгчийн авлагын  баримтын хамт Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш бараг зургаан жил боллоо. Гэтэл цагдаагийн битүүмжлэлээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлд  25 мянган ширхэг 1,6 тэрбум төгрөгийн  эд хогшилыг хүлээлгэн өгөөгүй байдаг. Харин шүүх дээр томоохон объект, газар, лицензийг чөлөөлсөн байдаг. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэлд үнэхээр гомдолтой байдаг. 10 гаруйхан хүний бүрэлдэхүүнтэй хохирол барагдуулах албаны бүрэлдэхүүн ажлаа хийхгүй байна.

Мөн битүүмжилсэн газар, үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулалгүй, бага мөнгөөр хувьчилж байгаа. Хотын А зэрэглэлийн байр хэдэн төгрөг байдаг билээ. Баруун дөрвөн замын хажууд байрлах Голомт хотхоны 180 кв.метр талбайтай байрыг л гэхэд кв.метрийг нь 280 ам.доллараар тооцож, 70 гаруй сая төгрөгөөр худалдсан байсан. Мөн нэгдүгээр хороололд байрлалтай  “Глоб ценр” байна. 1532 ширхэг хөдлөх, дагалдах эд хөрөнгийн хамт тус барилгыг  тэрбум 574 сая төгрөгөөр  л худалдаалсан байдаг юм. Хотын төвийн газар ямар үнэтэй байгааг бүгд мэднэ дээ. Гүйцэтгэгч шинжээч нь тэрбум 272 сая төгрөгөөр үнэлсэн байдаг юм. Гэтэл тэр их жип маин, автобуснууд, багаж тоног, төхөөрөмж, тавилгыг 267 сая төгрөгөөр үнэлсэн нь үнэхээр инэдэмтэй байгаа биз. Энэ бүгдээс харахад ХЗХ-дын битүүмжилсэн хөрөнгө бидний хохирлыг хангалттай барагдуулж чадна” гэв.

ХЗХ-хохирогчидын зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

                                        Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж