Хүүхдүүд саналаа төрд хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд саналаа төрд хүргүүллээ

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч, хөгжсөний 85 жилийн ой, Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагын жилийн хүрээнд нийслэлийн хүүхдүүд өөрсдийнхөө ордонд чууллаа.
Сурагч багачууд шийдвэр гаргах төвшнийхнийг урин 1:1 уулзалт хийх, дүүрэг тус бүрээр хүүхдийн чуулган зохион байгуулах, цэнгээнт, танин мэдэхүйн “Дэвжээ” наадамд 45 сургуулийн 450 хүүхдийг оролцуулах зэргээр ойн арга хэмжээнийхээ хүрээн олон ажил хийснээ дүгнэн ийнхүү нэгдсэн чуулган зохион байгуулж байгаа аж. Чуулганы зорилгоо тэд “Дүүрэгт шийдвэрлэж чадахгүй байгаа болон бодлогын томоохон асуудлуудыг шийдвэр гаргагчдад хүргэх, арга зам, гарцыг олж шийдвэрлэх” хэмээн тодорхойлсон байна. 
Хүүхдүүд төрийн удирдлагуудад орон нутагт хүүхдийн бие даасан байгууллага, бүтэц бий болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээнд төсөв мөнгө хуваарилах, хүүхэдтэй холбоотой статистик дүн мэдээний чанар хүртээмжийг сайжруулах, тусгай халамж хамгаалал шаардсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цогцолбор байгуулах, тусгай сургалттай зургаан сургуулийн сурагчдыг хичээлдээ ирж буцахад нь үйлчилдэг унаатай болгох, тусгай сургуулиудын ахлах ангид суралцаж буй 1500 хүүхдийг үдийн цай хөтөлбөрт хамруулах, гэрээрэл хөгжлийн төвийн хүүхдүүдийг мөн үдийн цайтай болгох, ногоон бүсийн зусланд амрах хүүхдийн тоогоор хувьсах зардал олгох, дүүрэг бүрт “Хүүхдийн хөгжлийн ордон” байгуулах зэрэг есөн зүйл бүхий санал хүргүүлж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийн байгууллагын хүрч байгаа 85 нас гэдэг бол азай буурал гэсэн үг. Энд өөрсдөдөө болон өрөөл бусдад, найз нөхдөдөө тулгараад буй бэрхшээлээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа хэлэлцэхээр ирсэн та бүхний өвөө эмээ, аав ээж ч энэ байгууллагын гишүүн нь байж, эгнээнд нь жигдэрч явсан. Бүх дүүргийн хүүхдийн чуулган дээр хүүхдүүдийн тавьж хэлэлцүүлсэн илтгэлийг үзэж, судаллаа. Бидэнд шийдвэрлэх олон асуудал байна. Бусдад дуулгах үг ч цөөнгүй бий” хэмээн онцлоод, чуулганд оролцож буй хүүхдүүдэд амжилт хүсч, баяр хүргэлээ. 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж