Гэмтлийн эмнэлгийн талбайд барилга барина

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Гэмтлийн эмнэлгийн талбайд барилга барина

Монгол Улсад нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай, гэнэтийн осол эндэл болсон үед түргэн шуурхай хугацаанд, өндөр түвшинд мэс засал хийдэг цорын ганц эмнэлэг байдаг. Бас улсын өмчийн эмнэлгүүд дотроос дэлхий нийтийн жишигт хүрсэн эмнэлэг ч хэмээдэг. Энэ бол Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу олны нэрлэж заншсанаар Шинэ гэмтэлийн эмнэлгийн барилга юм. Гэтэл уг эмнэлгийн хажуу талбай сүүлийн үед хувийн хэвшлийнхний нүдэнд өртөж эмнэлгийн ажилтан, өвчтөнүүдийн бухимдлыг төрүүлэх болов. Энэ нь тус эмнэлгийн мэдлийн алга дарамхан жижиг талбайд хэн нэгэн санаархаж “хулгайлах” болсонтой холбоотой аж. Ачаалал багатай үед ч гэсэн өвчтөнүүдийн ар гэрийнхнээс ирсэн автомашин, хүмүүсийн хөл хөдөлгөөн тэр хавийг байнгын ачаалалд оруулж байдаг. Тэгтэл арай гэж хүрэлцдэг талбайд нь эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж, хүний гавъяат эмч хэмээх эрхэм хүндэт цол хүртэж, салбарын яаманд газрын даргын албыг хүртэл хашиж явсан нэгэн эрхэм Гэмтлийн эмнэлгийн баруун талд шинээр мэс заслын эмнэлэг барихаар болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гэнэтхэн төмөр хашаа татаж мөдгүй барилгын ажлаа эхлэхээр болжээ. Тэр хүн бол нэгдүгээр эмнэлгийн дарга асан, хүний гавьяат эмч Л.Жамбалжавын зөвлөхөөр нь ажилладаг “Монмис” эмнэлгийн салбар аж.

Б.Баттөгс: МӨНГӨ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭС ИЛҮҮ ЧУХАЛ ЮМ ГЭЖ ҮҮ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгсөөс үүсээд буй асуудлын талаар тодрууллаа.
    
Тэрбээр “Манай эмнэлэг жилд 72 мянган өвчтөн хүлээн авч, яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн жилд дунджаар 5500 мэс заслын эмчилгээ хийдэг. Бас манай салбар эмнэлэг удахгүй нурж унахад хүрээд байгаа. Одоо 420 ортой байтал 450 өвчтөн хэвтэж байна. Гэтэл энэ их ачаалалтай байгааг Л.Жамбалжав гуай харсаар байж “замыг нь хааж, хувийн эмнэлэг барина” гэж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Эмнэлгийн өмнө талын зам нь ганц урсгалтай, дээрээс нь хажуу талын “Эко” орон сууцны оршин суугчдын машин манай эмнэлгийн хаалгаар орж, гардаг.  Газрын албанаас зөвшөөрөлтэй гээд байгаа. Тэгсэн мөртлөө ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Энэ эмнэлэг бол маш онцгой байгууллага. Яагаад гэхээр өнөөх долоодугаар сарын 1-ний үймээнд бэртэж гэмтсэн өчнөөн хүнийг хүлээн авч эмчилж л байсан. Цэргээс сайд хүртэл ирж эмчлүүлдэг. Ийм эмнэлгийг улс төржиж, мөнгө олох гэсэн сэтгэлээр дайрч болохгүй. Мөнгө хүний эрүүл мэндээс илүү чухал юм гэж үү” хэмээн гомдоллож буйгаа илэрхийлсэн. Хэрэв Л.Жамбалжав гавьяатын оролцоотой “Монмис” гэх мэс заслын эмнэлгийн барилга энд бариад эхэлчихвэл яаралтай түргэн тусламжийн машин ирсэн, гэнэтийн аюул, осол гарсан тохиолдолд өвчтөний амь нас хаалгаар ороогүй байхад эндэж болохыг эмч нар хэлж байв.

30×12 хэмжээтэй дөрвөн давхар эмнэлэг Гэмтлийн эмнэлгийн залгаа сүндэрлэчихвэл тэр хэмжээгээр “Осолд өртсөн хүмүүсийн амь насанд аюул нүүрлэхэд хамгийн их дөхөм болно” хэмээн тэд сэтгэл гундуухан сууна.  Л.Жамбалжав эмч ТВ-9 телевизээр өгсөн ярилцлагынхаа дунд одоо барих гэж байгаа эмнэлгийнхээ талаар “Эмнэлэг дотор эмнэлэг яагаад барьж болдоггүй юм” хэмээн нэлээд омоглон ярьсан гэнэ.

Л.Жамбалжав: “МОНМИС” ЭМНЭЛЭГТ МИНИЙ  ХӨРӨНГӨ ГЭЖ ГАНЦ ТӨГРӨГ Ч БАЙХГҮЙ

Гэмтлийн эмнэлгийн эмч нартай уулзаж сэтгэгдлийг нь сонссоны дараа хэрэг мандаагаад буй Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжаваас зарим зүйлийг асуулаа.
    
-Таныг Гэмтлийн эмнэлгийн хажууд зөвшөөрөлгүй хувийн эмнэлэг барих гэж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Миний хувийн эмнэлэг биш ээ. Би зөвлөхөөр нь ажилладаг “Монмис” гэдэг нэртэй, Баянгол, Хан-Уул дүүргийн игэдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор барих гэж байгаа мэс заслын эмнэлэг. Тэнд барилга барих зөвшөөрлийг нь Эрүүл мэндийн сайд аль хэдийн өгчихсөн. Гэмтлийн эмч нар намайг элдэв муугаар хэлж байгаа л гэсэн. Би олон жил эрүүл мэндийн салбарт ажиллалаа. Тэдний сайн сайхны төлөө явсан болохоос биш, хар санаж явсангүй. Тэр эмнэлэгт миний хөрөнгө гэж ганц ч төгрөг байхгүй. Зүгээр зөвлөгөө өгдөг. Гэмтлийн эмнэлгийн хамаг газар дээр нь барилга барих гээгүй шүү дээ. Хүн, амьтан бааж, шээсэн нэг буланд л 30х12 хэмжээтэй барилга барина.

-Та сая хэлсэн үгэндээ яамнаас зөвшөөрөлтэй гэлээ. Тэгвэл яагаад эмнэлгийн ажилчид эсэргүүцээд байгаа юм?

-Тэд нисдэг тэрэг энэ тэр буулгана гэж үлгэрийн юм яриад байгаа. Хэн, хэзээ тэнд нисдэг тэрэг буулгаж байсан юм бэ.

Тэрбээр ийн хариулсан. Уг нь энэ эмнэлэг аль аль талдаа сайн, саар асуудлыг дагуулж байгаа аж. Учир нь хэрэв тэр эмнэлгийг барьчихвал Л.Жамбалжав гуай иргэдэд зөвхөн эрүүл мэндийн даатгалын дэвтрээр нь үйлчилнэ гээд байгаа. Гэтэл тал талаасаа газрын шахаанд ороод буй Гэмтлийн эмнэлгийн ачаалалд сөргөөр нөлөөлнө гэдгийг эмч нар анхааруулсан. Бид энэ талаар дахин сурвалжлах болно.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж