Онлайн бүртгэл эхэлснээс хойш 60 гаруй хонож байгаа. Одоогоор элсэгчдийн
70 гаруй хувь нь бүртгүүлсэн аж.
Хөдөө, орон нутгийн сурагчид цахим бүртгэлд идэвхтэй хамрагдаж байгаа
гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд дуулгаж байсан.
Бүртгэл энэ сарын 16-ны орой 18 цаг гэхэд дуусах учиртай. Хугацаа,
цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаны хүмүүс
анхааруулж байна. Энэ тухай Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл,
мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдээд байна. Элсэгчид хэр бүртгүүлж байна вэ. Энэ сарын 16 гэхэд элсэгчдийг бүртгэж дуусах уу?
-Бүртгэл дуусахад долоо хоног үлдээд байна. Боловсролын үнэлгээний төв
уртасгасан цагаар ажлын өдрүүдэд 09-20, амралтын өдрүүдэд 10-17 цагийн
хооронд ажиллаж байна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт
бүртгэл хийхгүй. Өнөөдрийн байдлаар 35 мянга гаруй шалгуулагч
бүртгүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд нэлээд түлхүү бүртгүүлж
байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд элсэгчдийн дунд бүртгэлээс хоцорсон,
амжихгүй тохиолдол гараагүй. Бүртгэл нийт 76 хоног үргэлжилж байгаа. Бид
24 цагийн турш онлайнаар бүртгэж байна.
-Элсэгчдийн олонх нь бүртгүүлэхдээ овог, нэр, регистрийн дугаар буруу
бичих, эсвэл өөр хүний зураг оруулах гэх мэт алдаа дутагдал гаргадаг.
Энэ жилийн хувьд бүртгүүлэгчдийн голлон гаргаж буй алдаа, зөрчил юу
байна вэ?
-Бүртгүүлсэн шалгуулагч мэргэжлийн сонголтоо хийхдээ хүссэн
сургуулийнхаа оюутан элсүүлэх журамтай танилцаж хичээлээ сонгоогүй, эцэг
эхтэйгээ зөвлөөгүйн улмаас дийлэнх нь хичээл нэмүүлэх, овог нэр,
регистрийн дугаар буруу оруулах зөрчил гаргадаг. Тиймээс бүртгүүлсэн
шалгуулагчид бүртгэлийнхээ хуудсыг дахин хянаж үзээд, аль нэг мэдээллээ
буруу оруулсан бол бүртгэлийн хугацаанд засуулах бүрэн боломжтой.
-Мэдээлэл засуулах гэснээс Боловсролын үнэлгээний төвийнхөн жил
бүр туршлагагүй элсэгчдэд алдаагаа засуулах боломж олгодог. Энэ боломж
хөдөө, орон нутгийнханд ч бас нээлттэй байгаа юу?
-Бүртгэлтэй холбоотой алдааг бүртгэлийн хугацаанд өргөдлийн дагуу засч,
залруулах бүрэн боломжтой. Энэ боломж хөдөө орон нутагт ч нээлттэй
байгаа. Тухайн элсэгч аймгийнхаа Боловсрол соёлын газрын Элсэлтийн
ерөнхий шалгалтын Зөвлөгөө, мэдээлэл хариуцсан ажилтанд өргөдлөө өгөөд
буруу оруулсан мэдээллээ засуулж болно. Гэхдээ зөвхөн хувийн мэдээлэл
засна, хичээл сонголтыг өөрчлөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Боловсролын үнэлгээний төвийнхөн жил бүр шалгалтын тестүүдийг эмхэтгэн
гарын авлага гаргадаг. Бүртгэлд хамрагдсан хүүхдүүд тестийн номыг чинь
хүлээж суугаа байх. Ер нь хэзээ худалдаанд гарах вэ?
-2006-2011 Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн даалгавруудын эмхэтгэл
номыг энэ жилийн хувьд хичээл тус бүрээр нь хэвлэн гаргасан. Хичээлийн
эмхэтгэлүүдийг Боловсролын үнэлгээний төвийн Зөвлөгөө мэдээллийн төвөөр
түгээж байгаа /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2,
Засгийн газрын X байр 103 тоот/ бөгөөд хөдөө орон нутгийн шалгуулагчийн
хувьд Боловсрол соёлын газарт нь захиалгын дагуу хүргүүлсэн.
-Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүүхдүүд ямар сувгаар хүлээж
авах боломжтой вэ. Ер нь эцэг, эхчүүдийн энэ талаарх мэдлэг хэр байна?
-Шалгуулагчид болон сургууль, багш, эцэг эхчүүд харьцангуй хариуцлагатай
болсон байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс
долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа болохоор аль аль талдаа
хариуцлагатай, хангалттай мэдлэг мэдээлэлтэй, туршлагатай болсон байна.
Манай байгууллагын зүгээс энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн
талаар найман дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нөөс энэ
сарын 13-ыг дуустал 130 гаруй сургуульд сургалт яриа, таниулга хийж
байна. Мөн энэ тухай мэдээллийг "Элсэгчийн сонин"", өөрсдийн цахим
хуудас болон онлайн туслах, утсаар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт
бүхий л мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгч байна. 2010 онд манайх
дөрвөн оронтой утас ажиллуулж байсан бол өнгөрсөн жилээс 70119498,
70119484, 70118486 гэсэн угсаар зөвлөгөө өгч байгаа.
-Бүртгэл дуусах гэж байна. Бас төгсөлтийн болон элсэлтийн
шалгалт ойртож байна. Зарим их, дээд сургууль Оюутан элсүүлэх журмаа
гаргасан байна лээ. Энэ талаарх мэдээллийг бас өгөөч?
-Их, дээд сургуулиуд оюутан элсүүлэх журмаа гаргаад эхэлсэн. Манайд
ирүүлсэн сургуулийн журмыг бид www.eec.mn цахим хуудастаа байршуулсан
байгаа. Тухайлбал, ЭМШУИС,МУИС,Технологийн дээд сургууль БХИС, Билиг
дээд сургууль, Нийгмийн ухааны дээд сургууль зэрэг сургуулийн журмыг
манай цахим хуудсаас болон тухайн сургуулийн вебээс үзэх бүрэн
боломжтой. Мөн их дээд сургуулийн консорциумын 2012 онд оюутан элсүүлэх
мэргэжлийн бүлгүүдийг тавьсан байгаа.
-Эцэст нь нэг зүйлийг сонирхож асууя. Элсэлтийн шалгалтын
хяналтын асуудал эцэг, эхчүүдийн анхаарлын төвд байдаг. Энэ жил уг
шалгалтад эцэг, эхийн төлөөллийг оруулж хянуулах уу?
-Шалгалтын анги танхимд явж буй процесстой танилцахыг хүссэн эцэг эхийн
төлөөлөл шалгалтын процесст хөндлөнгөөс нөлөөлөхгүй гэсэн нөхцөлтэйгээр
ажиглаж болно.
Б.ЭНХТУУЛ
Зохиогчийн эрх: "Зууны мэдээ" сонин