“Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэв

УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын бүлгийнхний гол анхаарал УИХ-ын 2012 сонгуульд чиглэж буй. Тиймээс ч намын бүлгүүд өчигдрийн хуралдаанаараа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг толгой өөд татах завгүй хэлэлцэв. Цэц дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд “УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшээд ялагдсан ч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж  байна” гэж дүгнэсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх шатанд Ардчилсан намын бүлэг “Холимог тогтолцоо, 48-аас 28 руу гулсах тухай заалт нь ард түмнээрээ босго тогтоолгоод хувиараа эрэмбэлэгдээд гарч  ирэх боломжийг хангасан оновчтой хувилбар” гэж үзээд хуульд энэ  заалтыг оруулсан. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр энэ байр сууриа хамгаална” гэж үзжээ. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Цэц сонгуулийг ямар тогтолцоо, бодлогоор явуулах юм бэ гэдгийг шууд зааж байна. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд хуульд өөрчлөлт оруулж, ямар зүйл, заалтуудыг хүчингүй болгох вэ гэдгийг УИХ шийддэг. Харин Үндсэн хуулийн Цэц энэ асуудалд дэндүү санаа зовж, шийдвэрийг нь хүртэл гаргасан байна. Энэ нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаж байгаагийн илрэл” гэж мэдэгдлээ.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан үеэс эхлэн Ардчилсан намын бүлгийн гишүүд “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв, буруу” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байсан юм. Мөн “Хүлээж авахгүй гэвэл Цэц их суудлын хуралдаанаа хэлэлцээд хуулийн заалтыг түдгэлзүүлнэ. Тиймээс дүгнэлтийг хүлээж аваад хуулиа ямар нэг байдлаар өөрчлөх хэрэгтэй” гэж үзэх гишүүн ч олон байсан. Харин тус намын бүлгийн удирдлагууд “Сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн зүйл, заалт байхгүй. Цэц түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргахгүй байлгүй дээ” гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Ямартай ч Ардчилсан намын бүлэг “Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй” гэж шийдсэн учраас энэ асуудал УИХ дээр маргаан үүсгэх бололтой. Түүнчлэн тус намын бүлгийнхэн “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайдаас мэдээлэл сонссоны дараа хэлэлцэнэ” гэж шийджээ. Харин УИХ дахь Ардын намын бүлгийнхэн өчигдөр цаг сунган хуралдсан учраас сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Тэд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх дээр ямар байр суурь баримтлахаа өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл аж. Гэхдээ “Ардын намын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авна” гэсэн сураг байна.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж