“Нэг сая төгрөгийн эхний хэсгийг энэ сард олгоно” | News.MN

“Нэг сая төгрөгийн эхний хэсгийг энэ сард олгоно”

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Нэг сая төгрөгийн эхний хэсгийг энэ сард олгоно”

Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг дөрөв, тав, зургаадугаар сард хувааж олгохоор шийдвэрлэсэн. Гэвч иргэдийн хувьд нэг сая төгрөгийг бөөнд авах хүсэлтэй байгаа ч ийм боломж хомс байгааг Сангийн сайд Д.Хаянхярваа хэлж байсан. Учир нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй инфляцийг барихын тулд энэ мөнгийг гурав хувааж өгөхөөс өөр аргагүй аж. Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад нэг сая төгрөгийг олгоход 334 тэрбум төгрөг шаардлагатай. Ямартай ч энэ сард 330 мянган төгрөг, ирэх тавдугаар сард 330 мөнгөн төгрөг, зургаадугаар сард 340 мянган төгрөг олгох юм. Харин өмнө нь орон сууцны зээл болон бусад хэлбэрээр зээл авсан бол нэг сая төгрөгийг хасаж тооцох юм байна.

Ингээд нэг сая төгрөгийг олгох мөнгө нь улсын төсөвт бүрдсэн эсэх талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Хүний хөгжил сангийн албаны дарга О.Хуягцогтоос тодрууллаа. Тэрбээр “Хүний хөг­жил сан”-гийн 2012 оны Төсвийн тухай хуулиар өндөр настан болон хөгж­лийн бэрхшээлтэй  иргэдэд нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг өнгөрсөн гуравдугаар са­рын 28-ны өдөр Засгийн газрын ху­ралдаанаар хэлэлцээд, энэ оны хоёрдугаар улиралд хувааж олго­хоор болсон. Энэ нь нөгөө талаасаа эх үүсвэрийг “Хүний хөг­жил сан”-гийн Төсвийн тухай хуульд шийдвэрлэсэний дагуу Тө­рийн өмчийн хороо, “Эрдэнэс Та­вантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниуд урьдчилгаа төл­бөр төв­лөрүүлэх орлого, “Эрдэнэт үйлд­вэр” ХХК-ийн ногдол ашгийн орлогоос төвлөрүүлэх замаар санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэнэ. Энэ та­лаар Засгийн газраас шийдвэрээ гаргаад  холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн” гэлээ.

Өндөр настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөг авах сонирхол хэр байгаа талаар иргэдийн санаа, бодлыг сонссон юм. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Дулмаа хэлэхдээ “Нэг сая төгрөгийг  төр засаг хэзээ өгөхийг хүлээж байна. Өндөр настай бид хувьцаа авч яах юм бэ. Энэ мөнгийг өгвөл эм тариа гээд авах юм их байна” хэмээв.

“Хүний хөгжил сан“-гаас олгох нэг сая төгрөгийг авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар бичиг баримт бүрдүүлж хаана хүсэлт гаргах талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамж үйл­чилгээний хэлтсийн дарга Д.Чой­жилсүрэнгээс тодруулсан юм.

-Нэг сая төгрөг авах хүсэлтээ өгөх иргэд хаана хандах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настанд нэг сая төгрөг олгох ажил ерөнхийдөө эхэлж байна. Өнгөрсөн баасан гарагт ба­талсан журмыг бид хүлээж ав­сан. Орон нутагт  журам, ир­гэдийн бөглөх хүсэлтийн маягтыг боловсруулаад хүргүүлж бай­гаа. Эхний ээлжинд журмыг хө­дөө, орон нутагт хүргэх, сум, хороо ажилтнууддаа мэдэгдэх ёс­той. Журамд заасны дагуу энэ сар­д багтаагаад гурав хуваасан мөнгөний эхний хэсгийг олгох юм. Нэг сая төгрөг авахыг хүссэн өндөр нас­тан, хөгжлийн бэрхшээлтэй ир­­гэд сум хорооны халамж ха­риуцсан ажилтнаас хүсэлтийн маягт авч бөглөнө. Өндөр настай иргэд бөглөсөн маягтдаа иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн чадвар тог­тоосон акт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт хавсаргана.

-Улсын хэмжээнд өндөр нас­тан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэч­нээн байдаг вэ?
 
-Өндөр настан 205 мянга, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 120-оод мянга байдаг.
 
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс  өөр хүсэлт гаргасан иргэдэд нэг сая төгрөг олгох уу?

-Хүн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Хувьцаа эзэмшихгүй гэсэн хүн хүсэлтээ гаргаж болно. Ер нь хүн болгонд мөнгө өгөх гээд байгаа юм биш шүү дээ.

-Ядуу өрхөд 10 мянган төгрөг олгоно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Засгийн газар эцэслэн шийднэ. Энэ оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх үйлчилгээнд зориулж мөнгөө батлуулж авахдаа, хүүхдэд 1000, том хүнд 7000 төгрөг байна гэсэн  урьдчилсан тооцоо хий­сэн. Засгийн газраас баталсан албан ёсны шийдвэр биш. Төрийн түшээдийн сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөг олгох ажлын хүрээнд 500 мянган төгрөгийг ирэх зургаадугаар сард олгож дуусах юм. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөг гэсэн үг. Оюутнуудын тухайд сургалтын төлбөр хэлбэрээр нэг сая төгрөгөө авчихсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурав хуваан нэг сая төгрөгөө авна. Ингэхээр нийт 300 гаруй мянган иргэн 1.5 сая төгрөгөө авч байгаа аж. Тодруулбал, нийт иргэдийн дөрөвний нэг нь 1.5 сая төгрөгөө авах юм байна. Харин үлдэж буй иргэд нэг сая төгрөгөө ямар хэлбэрээр хэрхэн авах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх учиртай. Гэхдээ иргэдэд сонголт бий. Энэ нь бэлэн мөнгө бус хувьцаа эзэмших эрхтэй болох юм.

Ж.БАТТУУЛ

"Улс төрийн тойм" сонин


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2012-04-10 49.0.149.89

их

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж