-Худалч залуу кино үзэгчдийн хүртээл болоод эхэллээ. Шинэхэн уран бүтээлийн сониноор яриагаа эхлэх үү?
-“Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киногоо үзэгчдийн хүртээл болголоо. Өнгөрсөн долдугаар сараас 11 сар хүртэл кино зураг авалтын ажил үргэлжилсэн. Залуу хүн учраас хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлээр энэ киногоо хийхээр зориг шулуудаад өөрөө продюссерласан. Кино маань үзэгчдийн хүртээл болсноос хойш ам сайтай байгаад баяртай байна. Энэ бол уран бүтээлч хүний жаргал юм даа.
-Уран бүтээлч хүний хувьд бүтээлээ үзээд хэр үнэлэлт өгч байна?
-Ер нь дажгүй шүү. Энэ киног хийсэн өөрөөрөө болон хамтарч ажилласан баг, уран бүтээлчдээрээ бахархаж байгаа. Кино маань ар араасаа цуварсан үйл явдалтай, ритмтэй, хүмүүсийг хөтөлж авч явсан сонирхолтой, адал явдал дүүрэн, үзэгчдийг уулга алдуулсан гэнэтийн сюрпризүүдтэй уран бүтээл болсон.
-Танай кино чанар чансааны хувьд ямар болов, хэд хэдэн туршлагатай жүжигчид тоглосон байсан?
-Жүжигчдийн ур чадвар сайн байсан. Энэ энгийн хэрнээ өгөгдсөн дүрээ дотроосоо мэдэрч мэргэжлийн уран чадварыг гаргахыг нэлээд их зорьсон. Энэ утгаараа үзэгчдээс өндөр үнэлэмж авсан. Үзэгчид хэлсэн л дээ. Зарим инээдмийн киног үзэхээр үзэгчдийг инээлгэх гээд л нүүр амаа үрчийлгэх, элдэв хөдөлгөөн хийх гээд л ядмаг зүйлүүд харагддаг. Харин танай кинонд тийм зүйл байсангүй. Их энгийн, кинондоо өөрсдөө орж, бодит амьдрал дээр байгаа мэтээр аливаа зүйлийг уран сайхнаар гаргаж өгсөн нь таалагдлаа гэж хэлэхэд маш их урам орсон. Тийм ч учраас бид энэ киногоо дүгнэхдээ бусад кинонуудаа бодвол мэргэжлийн тал руугаа болсон гэж дүгнэж байгаа.
-“Миний хөрш чөтгөр” кино тухайн үедээ л залуусыг байлдан дагуулж байсан. Гэхдээ И.Одончимэг найруулагч гол дүрд нь нөхрөө тоглуулчихлаа гэх яриа гарч байсан?
-Миний сонгосон амьдрал тийм яриаг байнга дагуулж яваа. Энэ яриаг няцаах нэг зүйл нь миний уран бүтээлүүд. Тиймээс хийж байгаа уран бүтээл дээр “энэ хүнийг дэмжээд дэмжээд явахгүй байна” гэх зүйл харагдах ёсгүй гэдгийг сайн ухаарсан. Тийм ч учраас би хийж байгаа, уран бүтээл хийнэ, өөрийгөө харуулна гэсэн зорилготой явж байгаа. Надад гол дүр өгсөн гэх асуудал гарах нь ойлгомжтой байсан. Тэглээ гээд тухайн цаг үед тэр киноны гол дүрд тоглох тохиромжтой хүн би байсан болохоор манай хамт олон намайг дэмжсэн. Гэхдээ тэр яриаг би сонсоод тэгтлээ эмзэгээр хүлээж аваагүй.
-Сүүлийн үед Бархүү дуулж, жүжиглэж, одоо бүр кино продюссерлаад л…?
-Багаасаа л дуулах дуртай байлаа. Энэ нь намайг урлагийн зам руу хөтөлж оруулсан. Ээж маань намайг өвөр дээрээ суулгаад л дуулна. Ээжтэйгээ цуг их дуулдаг байсан минь өдгөө урлагийн хүн болоход түлхэц нэмэр болсон. Энэ дашрамд ээждээ маш их хайртай, танаараа дандаа бахархаж явдаг гэж хэлмээр байна. Дуулах дуртай болохоор үүнийгээ орхиогүй одоо өөрийн гэсэн арав гаруй дуутай болчихсон, ирэх зун амжвал цомог болгох төлөвлөгөөтэй. Ер нь цомог гаргана гэж хоёр жилийн өмнөөс ярьсан боловч амжихгүй явсаар өдийг хүрчихлээ. Гэхдээ дуулах тал дээр зарим мэргэжлийн хүмүүс шүүмжлэх зүйл байгаа байх. Энэ бол миний мэргэжил биш харин сонирхол учраас би дуугаа хаяхгүй цаашид дуулсаар ч байх болно.
-Ер нь яагаад жүжигчин болчихов оо?
-Тэгэлгүй яахав. Жүжигчин болох замыг 2000 оноос л сонгосон. 1998 онд нийслэлийн 13-р сургуулийг төгссөн. Тэр жилээ Испаний эдийн засгийн дээд сургуульд орсон. Харин дургүйд хүчгүй гэдгээр өөрийн дур сонирхол биш байж гэдгийг мэдээд сургуулиасаа гарчихсан. Тэрний дараа би ямар мэргэжил сонгох вэ, яах ёстой вэ гээд л өөрийгөө хайж яваад 2000 онтой золгочихсон. Ингээд л өөрийгөө ерөөсөө урлагийн хүн болох ёстой юм байна гэж шийдээд СУИС-д очиж шалтгалт өгсөн. Эхлээд дуулаачийн ангид шалгалт өгөх гэж байгаад гэнэт жүжигчний ангид өгөөд улаан зураасны өмнөхөн бичигдэж тэнцэж байлаа. Намайг энэ мэргэжлээр сургаж, эрдэм зааж өгсөн бүх багш нартаа баярлаж талархаж явдгаа хэлмээр байна.
-Түшигтэй авьяаслаг уран бүтээлчидтэй хамт ажиллаж байгаа хүн аяндаа л сайжирдаг гэх юм билээ. Бархүү хэр туршлага хуримтлуулж байна?
-Хийсэн уран бүтээлүүдээ эргээд үзэхээр дандаа өөрийгөө чамладаг. Энэ дээр ингэдэг байж, ийм алдаа гаргажээ гээд л. Харин ийм сайхан хамт олны хүчинд өдий зэрэгтэй яваадаа баярлаж явдаг. Би өөрийнхөө хүчинд өдий зэрэгт хүрээгүй, хамтлагийн уран бүтээлчдийн тус дэмэнд жүжигчин болохоор суралцаж явна даа.
-Хошин урлагийн продакшнуудын ирээдүйн өнгийг залуу жүжигчдээр тодорхойлж байгаа. Танай продакшны залуу жүжигчид хэр сайн “залгамжлагч” нар гэж боддог вэ?
-Үүнийг ярихад арай эрт байна. өшөө сайн суралцах, үзэгчдийг байлдан дагуулах ёстой. Хүмүүст илүү сайн хүрснийхээ дараа энэ талаар яривал тохиромжтой биз.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна, сайн жүжигчин сайн найруулагчийн хань болохоор олон зүйлийг суралцана биз?
-Тэгэлгүй яахав. Одоо бид шинэ тоглолтынхоо бэлтгэл дээр ажиллаад сонгогдсон дүрийнхээ санаа оноог яаж илэрхийлэхээ ярилцаад л явж байна. Энэ бүхэнд миний, манай хамтлаг, миний гэр бүлийн хүний хүч хөдөлмөр бий. Бид бие биедээ хэлж, уран бүтээл дээр санаа оноогоо хуваалцдаг. Гэхдээ юм бүхэн дээр асуугаад байлгүй өөрөөсөө болохгүй зүйлээ эрж хайхыг хичээдэг. Нэг газар ажиллаж байгаа уран бүтээлч хүмүүсийн хувьд биенээ дэмжих, туслах зүйл гаралгүй л яахав.
-МУГЖ И.Одончимэг та хоёрын хамтын амьдралын талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Энэ бүхэнд бухимдах залхах үе байна биз?
-Нэгэнт л миний сонгосон амьдрал. Ийм хэл ам, янз бүрийн яриа байнга биднийг дагаж явна гэдгийг мэдэж байсан болохоор харьцангуй гайгүй. Эхний үед янз бүрээр гүтгэн доромжлох, элдвээр хэлэхэд нь эмзэглэдэг л байсан. Харин одоо тэр бүхэнд ач холбогдол өгөхийг хүсдэггүй. Тэр бүхэн худал зүйл байсан шүү гэдгийг амьдралаараа харуулна, батлана гээд л явж байна. Эхнээсээ ч харуулаад сайхан охинтой боллоо. Гэхдээ бид хэн нэгэнд таалагдахын тулд амьдраагүй. Өөр өөрсдийнхөө сонгосон замаар л явна.
-Эхнэрээ жүжигчнийх нь хувьд хүндэлж биширдэг байсан гэсэн, одоо гэр бүл болоод бяцхан охинтой болчихлоо, мэдээж залуу аав аз жаргалаар дүүрэн яваа байх?
-Миний үр удам энэ хорвоод мэндэлнэ гэдэг гайхамшигт үйл явдал. Өдөр бүр охиноо харахад үнэхээр их жаргал. Охиноо эрхлээд л инээж байгааг нь харахаар өөрийн эрхгүй хайр ундраад л тайлбарлахын аргагүй сонин мэдрэмж төрдөг.
-Охиноо харж хандаж хажууд нь хамт байхыг хүснэ биз, их завгүй үед гэр лүүгээ яараад л…?
-Санаагаар болдог бол байнга л хамт байж, жаахан охиноо эрхлүүлэхгүй юу. Гэхдээ бидний сонгосон мэргэжил, энэ бидний амьдрал учраас охиныхоо төлөө зүгээр суух эрх надад байхгүй. Тийм учраас ажлаа хийгээд л орой тарахаараа гэр лүүгээ яана даа. Гэхдээ жаахан том болохоор нь охиноо байнга хажуудаа аваад явна гэж боддог. Аав ээжийгээ байнга хамт дагаж явсаар байгаад охин маань урлагийн хүн болчихож магадгүй шүү. Ер нь болчихвол би лав маш их баярлах байх аа. Аав ээжийнхээ залгамж халааг аваад уран бүтээлч болчихвол их бахархана.
-Анх охинтой болсноо дуулах, бас түүнийгээ анх хараад тэврээд үнсэх мэдрэмжүүд бас гайхалтай байсан байх?
-Салиа нь зарим хэсгээрээ арилаагүй улаан нялзрай амьтанг хараад “энэ чинь миний охин шүү дээ” гэх мэдрэмж их сонин байсан. Нүдээ нээгээд намайг олж харахад маш их баярласан. Охиноо төрөхөд хажууд нь байж чадаагүй ч гэсэн эмнэлэгээс гаран гартал нь хажууд нь байсан, одоо ч гэсэн аль болох охиныхоо дэргэд цагийг өнгөрөөхийг эрмэлздэг.
-Хэр халамжтай аав бэ, ээжийг нь эзгүй үед охиноо харж байна уу?
-Одоогоор балчир байгаа учраас ээж нь байнга шахуу хажууд нь байдаг. Харин би л эзгүй байх үе олон байх. Шөнө уйлахад нь заримдаа сэрнэ. Заримдаа угжихад нь босч сүүг нь халаана. Заримдаа ядраад унтчихна. /инээв. Сур./ Ирэх зунаас манайхан кино хийхээр манай хүн найруулагчаар ажиллана. Тэр үед л би охиноо харах байх даа.
-Ингэхэд Бархүү охинтойгоо авахуулсан зургаа, зарсан гэх юм билээ?
-Би оюуны өмч гэдэг талаасаа бодож үзсэн. Тэр хүмүүс ч гэсэн анх санал тавихдаа оюуны өмч мөн уран бүтээл гэдэг талаасаа охины чинь зургийг авья гэх санал тавьсан. Хэзээ нэгэн өдөр миний охины зургийг хэн нэгэн зөвшөөрөлгүй аваад л тавина. Тиймээс мэргэжлийн фото зурагчнаар нь аятайхан зураг авахуулсан нь дээр юм уу гэж бодсон юм. Нөгөө талаас бэлэн мөнгө авсан юм байхгүй. Тодорхой хэмжээгээр хамтран ажиллах 3 сая төгрөгний гэрээ л хийсэн.
-Та хоёрыг анх нийлэхэд хүмүүс янз бүрээр л хүлээж авсан, харин одоо бүх зүйлийг даваад хамтдаа сайхан амьдарч байгаа нь сайхан байна?
-Сайхан байлгүй яахав. Бид хүнд хэцүү бүхнийг туулаад ирлээ. Сайн сайхан яваагаа хэн нэгэнд батлахын тулд хамт амьдраагүй ээ гэдгийг дахин хэлмээр байна. Миний л сонгосон амьдрал учраас хөндлөнгийн хүмүүс амьдралд минь хамаагүй битгий оролцоосой гэж хүсдэг.
-Бархүү охинтой болсныхоо дараа бас өвөө болж давхар баяр болсон гэсэн?
-Манай Намуунаа маань төрсөн. Яахав тоглоом хошигнол болгоод өвөө болсон гэж ярьсан. Энэ чинь ичих зүйл биш шүү дээ. Хүнээс хүн төрөө л биз, айл гэрт бүл нэмэгдэж, аз жаргал ирсэн сайхан зүйлээс ичээд нуугаад байх шаардлага байхгүй. Одоо хоёр сайхан хүүхдээ эрүүл энх сайхан өсгөчих юмсан гэж бодож явна. Маш их баяртай байгаа. Би энэ амьдралаараа бахархаж байна, хэн ч миний энэ амьдралаар амьдрахгүй шүү дээ.
-Бяцхан гүнжтэй болчихлоо, харин хэзээ хуримын зар тараах гэж байна?
-Энэ тухай төлөвлөж ярьсан зүйл байгаа. Харин одоо энд яриад яахав. Үүнийг цаг хугацаа аяндаа хэлээд өгөх байх. Мэдээж үр хүүхэдтэй болчихлоо төлөвлөсөн зүйл ч бий.
-Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе?
-Баярлалаа. Монгол хүн өөрсдөөрөө бахархах ёстой. Өнөөдрийн нийгэмд бухимдах зүйл байгаа ч энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал. Бид энэ бүхнийг хэнээс ч хамааралгүй сайхан амьдрал зохиох ёстой шүү. Амьдрал өөрөө гайхамшигтай хэвээрээ шүү. Монгол гэдэг уудам тал нутагтай, уужим сэтгэлтэй хүмүүстэй амьдарч байгаагийнхаа хувьд бахархаж явах хэрэгтэй. Энэ сайхан амар амгалан нутаг орныг минь эзэн Чингис хаан минь бидэнд өвлүүлээд үлдээчихсэн гэдгийг ойлгож сайхан амьдарахын тулд үнэнээр амьдрах хэрэгтэй. Ялангуяа төр засгийг удирдаж байгаа хүмүүс үнэнээрээ амьдрахгүй бол нийгэм маань бас их эвгүй болчих гээд байна шүү гэдгийг уран бүтээлээрээ харуулахыг зорилоо.
Эх сурвалж: WWW.CHUHAL.MN