“Ж.Бушийн бодлогын үлдэгдэл дээр Б.Обама ажиллаж байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Ж.Бушийн бодлогын үлдэгдэл дээр Б.Обама ажиллаж байгаа”

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон Бүгд най­рамдах намын харьяа, Мас­сачусетс мужийн амбан захи­рагч асан Митт Ромни хам­гийн сүүлд Вашингтонд то­моохон ялалт байгуулсан билээ. Тэрбээр www.tampabay.com сайтад ирэх сонгууль, эдийн засгийн өнөөгийн болон ойрын дүр зураг, Б.Обамагийн талаар өөрийн байр суурийг илэр­­хийлж сонирхолтой ярилц­­лага өгсөнийг хүргэж байна.

 
-Та саяхан Вашингтонд то­­моо­хон ялалт байгуулж чадлаа. Үүний өмнө Мичи­ган мужид мөн л ялалт бай­гуулсан. Энэ бүх ялалт та­ныг Б.Обаматай өрсөлдөх хэм­жээний гэдгийг баталж буй?

-Би АНУ-ын Ерөнхий­лөг­чийн ээлжит сонгуульд нэр дэвших болсон тэр цаг мө­чөө­сөө эхлэн “Б.Обаматай өр­­сөлдөж, улмаар ялалт бай­­гуулж чадах юм байна” гэдгийг ухаарсан. Тийм боломж ч бий. Сүүлийн хэдхэн сард багагүй амжилтад хүрч чадлаа. Энэ бүхэн америкчууд намайг дэмжиж байгаагийн тод жишээ. Учир нь яг одоо, өнөөдөр АНУ-д шинэчлэлт хэрэгтэй байна. Үүнийг одоогийн Ерөнхийлөгч Б.Обама огт ойлгохгүй байгаа бололтой. Та бүхний нүдээр би хэн бэ гэдгийг нээх чухал биш. Юу чухал вэ гэвэл шинэчлэлт хийх, АНУ-ын бодлогын шинэ төлөвлөгөө, түүхэн хуудсыг эргүүлэх цаг ирсэн. Өөрөөр хэлбэл, би америкчуудын өмнөөс юу хийж чадах вэ. Нийгэмд болон дэлхийд АНУ-ын байр суурь ямар чухал ач холбогдолтой байна вэ. Үүнийг л бий хийж, бүтээж чадна. Бодлого, байр суурь, илэрхийлэл зөв байвал нийгэм хүссэн хүсээгүй өөрчлөгдөнө. Миний ээлж дараалан байгуулж байгаа ялалтууд бас л амаргүй зүйл. Мичиган, Вашингтоноор ч хязгаарлагдахгүй. Цаана нь дахиад маш олон муж бий. Муж болгонд юу хийж чадахаа харуулах нь  миний дараагийн ажил. Б.Обамагийн засаг захиргаа анхнаасаа л сул байсан. Б.Обамагийн шийдвэрүүд  алсын хараагүй, бодлогогүй байсан. Би түүнийг “Чөлөөт эдийн засгийн өсөлтийг хаан боогдуулагч” гэж хэлж байсан.

-Яагаад тэр вэ. Та үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Би түүний засаглалыг хурцаар шүүмжилсээр байх болно. Би түүнийг  “Чөлөөт эдийн засгийн өсөлтийг хаан боогдуулагч” гэлээ. Учир нь өнөөдрийн эдийн засгийн чөлөөтэй өнгөрөх ёстой тэр урсгалыг хааж, боож байгаа гол хүн нь тэр өөрөө юм. Одоогийн үүсээд буй эдийн засгийн таагүй нөхцөл байдалд тэрбээр шууд хамааралтай. Түүний гаргасан шийдвэрүүдээс болж БНХАУ-ын эдийн засгийн өсөлт асар хурдацтай болсон. Энэ бол энгийн л нэг жишээ.

-Танай намаас Рик Санторум, Рон Пол, Ньют  Жинжрич  нар өрсөлдөх нь бараг тодорхой болсон. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэмжээнд өрсөлдөх хүмүүсээс Рик Санторум та хоёрыг мэргэжилтнүүд онц­лоод буй. Зарим нь ч замаасаа хазайгаад эхэллээ. Жишээ нь Юта мужын амбан захирагч асан Жон Хантсмен өөрийн хүсэлтээр зайгаа барьсан. Энэ мэтчилэн танай намаас Рик Санторум та хоёрыг үлдэхийг хэн ч тааварлашгүй. Тиймээс Бүгд найрамдах намын өрсөлдөгч Р.Санторум ч гэсэн таны хувьд хүчтэй өрсөлдөгч болон хувирлаа?

-Хүчирхэг  улсын  гол ялгаа нь үүнд байдаг юм. Хүчтэй өрсөлдөгчдөөс ялгаран гарч ирэх. Цаг хугацааны эрхээр өөрсдийн замыг хөөх зарим нэр дэвшигчид нарт зориулан ажлын амжилт хүсэж байна. Тэд бүгд сайн байсан. Р.Санторумын хувьд сайн өрсөлдөгч байж чадах ч ард түмэн надад арай илүү итгэл хүлээлгэх болов уу. Түүний талаар одоохондоо ярих нь зохимжгүй. Үнэндээ зарим нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож яах гээд байгаа, цаашид ямар бодлого, ямар өөрчлөлт хийж америкчуудын амьдрах ахуйг сайжруулах талаар тодорхой бодолгүй яваад байна уу даа гэж боддог. Яг тэгдэг, ингэдэг гэхээр буруудах учраас ийнхүү яриагаа хазайлгахаар шийдлээ.

-Пентагон хүчээ зузаатгаж, Б.Обама ч “АНУ-ыг эмэгтэйчүүд л аварна” хэмээсэн гэх мэт олон шинэ үйл явдал өрнөж байна. Мөн  АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар ОХУ-ын талаарх таны байр суурийг сонсоод шүүмжилсэн?

-Үүнийг хүмүүс буруугаар ойл­гож байгаа гэдэгт итгэлгүй байна. Жо Байдены хэлсэн үг намайг гайхашруулж орхисон. Бид ямар жаахан хүүхэд биш дээ. Өнөөдөр дэлхийн даяарчлал яригдаж байна. Харин үнэн хэрэгтээ хэн  ч үүнийг дэмжихгүй байгаа шүү дээ. Наанаа энх тайван, эрх чөлөө, цаанаа эдийн засгийн, улс төрийн дайсагнал байдаг гэдгийг би хэлсэн юм. Түүнээс биш “хүйтэн дайны үеийг санагдуулам гэх инээдтэй зүйл битгийн ярь” гэж дамжуулмаар байна. Би ОХУ-тай шударга харьцмаар байгаагаа илэрхийлсэн. ОХУ-тай сайхан харилцаатай байх нь бидэнд маш чухал. Хоёр улс Афганистан, Ираны талаар зөрүүтэй байр суурь баримталж байгаа энэ үед шударга шулуун харилцаа нь бүр ч чухалд тооцогдох ёстой. Мөн Персийн буланд “ямар нэг юм” болж нефтийн олборлолт зогсвол энэ түүхий эдийн хэрэгцээг хангах ажилд ОХУ-ын үүрэг их байх болно гэдгийг та нарт ойлгуулах гэсэн юм.

-Харилцааг уу, хамтын ажил­лагааг уу?

-Хүчирхэг гүрнүүд үргэлж хоорондоо сайн сайхан харилцааг эрхэмлэж ирсэн. Тэр ч үүднээд би ОХУ-тай сайн харилцаатай байхыг хүсдэг нэгэн гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн ОХУ гээд байх зүйл үгүй. БНХАУ, ОХУ, Бразил, Энэтхэг зэрэг эдийн засгийн гол нуруу болсон орнууд хамтдаа хүчтэй, эвтэй байх ёстой. Ж.Бушийн баримталж байсан бодлогын үлдэгдэл дээр Б.Обама ажиллаад байгаа нь нууц биш.

-Эдийн засгийн хувьд та ямар өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байна. Мэдээж АНУ-ын Ерөн­хийлөгч боллоо гэж бодоход?

-Эдийн засгийн таагүй нөхцөл байдалд алсын хараатай, ашигтай бодлого явуулах нь хамгийн чухал. Тэр ч үүднээс дэлхийн эдийн засгийн сүлжээг удирдаж буй улсын хувьд бодлогын гол үзүүрийг чиглүүлэх ёстой. Тиймээс хамгийн түрүүнд хүчтэй Засгийн газар байгуулах ёстой болов уу. Эдийн засгийн нарийн төлөвлөгөөг би ирэх сард танилцуулна. Одоо дуусах шатандаа явж байгаа.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж